N’Nonmiton-чууд нь Дагомейн хаант улсын (одоогийн Бенин) хамгийн шилдэг дайчид байжээ. Тэд тухайн үедээ улсынхаа хааныг амь насаа үл хайхран хамгаалдаг байв.
Амазон бүсгүйчүүдийн түүх бол ямар нэг домог биш. Хамгийн сүүлийн дагомейн амазон бүсгүй 1979 онд буюу 100 насандаа нас барсан байна. Бүсгүйг Нави гэдэг бөгөөд тэрээр алслагдмал тосгонд амьдарч байв. XIX зууны үед дагомейн цэргийн хүчинд нийт 25000 гаруй дайчин байсан бөгөөд тэдний 6000 орчим нь амазон бүсгүйчүүд байжээ.
N’Nonmiton-ы холбоонд хамгийн хүчтэй, зоригтой, эрүүл бүсгүйчүүдийг сонгодог. Дараа нь тэд урт хугацааны турш бэлтгэл хийж, "аллагын машин" болж хувирдаг бөгөөд 200 гаруй жилийн турш Африкийг айдаст автуулж байсан гэнэ.
Амазон бүсгүйчүүд голландын бялттай буу болон сэлмээр зэвсэглэдэг байж. XIX зууны үед цэргийн хүчнийхэн бүгд хаандаа үнэнчээр зүтгэдэг байсан бөгөөд охидыг 8 настай байхаас эхлэн N’Nonmiton цэргийн ангид сонгож зэвсэг өгдөг байсан гэнэ. Зарим бүсгүйчүүд сайн дураар цэрэг болж байсан бол зарим тохиолдолд эхнэрийнхээ төлөв бус байдалд гомдоллосон эрчүүд эхнэрээ цэрэгт явуулдаг байв.
N’Nonmiton болсон цагаас эхэлж, хүчтэй, хурдан, өрөвдөх сэтгэлгүй, бүх төрлийн өвдөлтийг даах чадвартай байх хэрэгтэй хэмээн заадаг. Тэд гимнастикийн дасгал хийж байсан бөгөөд энэхүү дасгалын төрөлд төмөр өргөстэй хана давж үсрэх гэнэ. Үүнээс гадна аварга том хутгатай 10 хоногийн бэлтгэлд ширэнгэн ой руу гардаг байжээ. Харин дайн тулаанд тэд эцсээ хүртэл тулалддаг байсан юм.
N’Nonmiton бүсгүйчүүд цэрэг байх хугацаандаа хүнтэй гэрлэх, хүүхэдтэй болох эрхгүй. Үүнээс гадна тэд хаантай гэрлэлтээ батлуулсан байдаг хэдий ч хаан тэдэнд хүрч зүрхэлдэггүй байсан аж. Хэрвээ амазон бүсгүйчүүдэд хаанаас өөр хүн хүрэх юм бол түүнд цаазаар авах ял онооно.
1863 оны хавар Британийн судлаач Ричард Бартон Баруун Африкийг зорьсон бөгөөд Дагомейн ойролцоо британийн хөдөлгөөн зохион байгуулж, дагомейчуудтай хүч нэгтгэх зорилготой байсан гэнэ.
Бартоны хамгийн ихээр гайхшралыг төрүүлсэн зүйл нь нь бүсгүйчүүдийн маш сайн хөгжсөн булчин байсан аж. Зөвхөн хөхний тусламжтайгаар л тэдний хүйсийг тодорхойлох боломжтой байжээ.
Үндсэн зэвсэг нь мачета хутга байсан бөгөөд тэд хохирогчийнхоо толгойг цавчих, мөчлөн хуваахад уг хутгыг ашиглаж байжээ. Үүнээс гадна дагомейчууд дарсан дайсныхаа толгой болон бэлэг эрхтнийг тастаж авчрах ёстой.
Хэдийгээр хүнд хэцүү бэлтгэл хийдэг байсан ч энэ нь бүсгүйчүүдийн хувьд уйтгартай амьдралаас ангижрах цор ганц боломж байсан юм. N’Nonmiton-д элссэнээр бүсгүйчүүд нийгэмд эзлэх байр сууриа нэг алхам дээшлүүлэх боломжтой байсан бөгөөд удирдагч болж, эрх мэдэлтэй болох боломжтой. Тэд баяжиж чаддаг байсан ч энэ нь ховор тохиолдол.
Амазончуудын талаар судалгаа хийж байсан Стэнли Альперн бичихдээ: “ Амазончуудыг ордноос гарах үед тэдний урд хонх барьсан боол явдаг байсан юм. Хонхны дуу нь эрчүүдийг замаас холдож, бүсгүйчүүдийг өнгөрөх хүртэл тэднийг битгий хар гэсэн дохиог өгдөг" гэсэн байжээ.
1890-ээд оны үед гадаадын легионууд Дагомейг эзэлсэн ч амазон бүсгүйчүүдээс айх айдас үргэлжилсээр л байсан юм. Дагомейн бүсгүйн гэрт хоноглосон франц цэргүүд өглөө нь амиа алдсан байдалтай олддог байжээ.
2-р Франк-Дагомейндайны төгсгөл үед францчууд зөвхөн гадаадын 3000-6000 хүнтэй цэргийн арми буюу легионуудын тусламжтайгаар л ялалт байгуулж эхэлсэн байна. Энэхүү дайны үеэр ихэнх амазон дайчид амиа алдсан аж. Хожим нь легиончууд амазон бүсгүйчүүдийн “зоригтой, ухаалаг, эрч хүчтэй” байдлын талаар бичиж байжээ.