Домогт тамирчин маань 1978 оны 8 сарын 23-ны өдөр Филадельфи хотод төржээ. Түүний аав Жо Брайант нь Филадельфиа 76, Сан Диего Клипперс, Хьюстон Рокетс багуудад тоглож байжээ.
Тэрээр бага насаа Италид өнгөрүүлсэн бөгөөд аав нь NBA-аас зодог тайлсны дараа гэр бүлээрээ нүүж, гадаад орнуудад тоглож эхэлсэн ба эцэст нь 1991 онд АНУ-д буцаж очжээ.
Том эгч Шаяатай
NBA-ийн драфтад орохоос өмнө, ахлах сургуулийн үдэшлэг дээр дуучин Брэндитэй болзож байв.
Коби 12-р ангиа төгсөөд шууд NBA-д орохоор шийдэж, 1996 онд НБА-ийн драфтын 13-р Лос Анжелес Лэйкерс багийн эгнээнд нэгджээ.
Ингээд тэрээр 18 насандаа NBA-ын тоглогч болсноор, тус лигт тоглосон түүхэн дэх хамгийн залуу тоглогч болсон юм.
1999 онд 21 настайдаа Коби 17 настай Ванесса Лайнтай танилцаж, 6 сарын дараа хуримаа хийжээ. 2003 онд том охин Натальяагаа өлгийдөн авсан бол 2006 онд дунд охин Жианна нь мэндэлсэн байна.
2011 онд Ванесса үл ойлголцлоос үүдэн салах өргөдлөө гаргасан ч 13 сарын дараа дахин эвлэрэхээр болсноо мэдэгджээ.
Брайнт багийн тоглогч Шакил О'Нилтэй таарамжгүй харилцаатай байсан ч тэд Лэйкерсийг 2000-2002 оны хооронд дараалан 3 удаа NBA-г тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
2003 онд тэрээр 19 настай зочид буудлын ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд дуудагдаж, буруугаа хүлээн, нэхэмжлэлийг барагдуулж байжээ.
Түүний дасгалжуулагч Фил Жексон 2005 онд багтаа дахин орохдоо "Лэйкерсд буцаж ирээд Кобитой тулж ажилласан. Бид хоёр 2 ч тэмцээнд ялалт байгууллаа. Би Кобиг чадварлаг тоглогч, ухаалаг залуу, гайхалтай хүн гэж боддог" гэжээ.
2008 онд лигийн хамгийн үнэ цэнэтэй тамирчнаар тодорч, 2009, 2010 онуудад дахин 2 удаа NBA-ын аварга болсон юм.
2008 оны Бээжингийн Олимп, 2012 онд Лондонгийн олимпод Кобигийн манлайлсан АНУ-ын шигшээ дараалан түрүүлсэн.
2015 оны улирлын ихэнхийг гэмтэлтэй өнгөрүүлсний дараа NBA-г орхиж байгаагаа мэдэгдсэн байна.
Зодог тайлсныхаа дараа 2016 онд Бианка, 2019 онд Капри нэртэй дахин 2 охинтой болжээ.
2016 оны 7-р сард түүнд хүндэтгэл үзүүлж, "Nickelodeon Kids’ Choice Sports Awards" тэмцээнийг домогт сагсчны нэрэмжит болгосон.
Тэрээр 2016 онд Эбби Вамбах, Пейтон Мэннинг нарын хамт ESPN-ийн "Icon Award" шагнал хүртсэн. Коби "Энэ нэр хүндтэй шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Миний сагсан бөмбөгийн карьер энэ хүрээд дуусаж байна, би төсөөлснөөсөө ихийг бүтээлээ. Хойч үеийн тамирчид, энэ спортын төлөө хөлс хүч, сэтгэл зүрхээ зориулах бүх хүнд урам зориг өгөхийг хүсэж байна" хэмээн ярьжээ.
Ийнхүү тэрээр дасгалжуулагч хийхээс гадна буяны ажилд ч идэвхтэй оролцож байлаа.
2018 онд тэрээр өөрийн замналыг харуулсан "Dear Basketball" киногоор Оскарын шагнал хүртжээ.
2017 онд Лэйкерс Брайнтын дугаар болох 8,24-ыг албан ёсоор мөнхөлсөн нь тамирчны хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм мөч байжээ. Энэ үеэр Коби "Шаргуу хөдөлмөрийн үр дүнд мөрөөдөл биелдэг гэдгийг та бүхэнд мэдэх биз. Уналт бүтэлгүйтэл дунд ч зогсолтгүй урагшилсаар л байх хэрэгтэй. Амьдрал бол аялал, эцсийн зогсоол гэж үгүй. Одоо би сайн аав болох мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр л байна.." хэмээн ярьсан байна.
Домогт тамирчин маань өчигдөр буюу 1 сарын 26-ны өдөр 41 насандаа харамсалтайгаар таалал төгслөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, алдартнууд, шүтэн бишрэгчид нь гүн эмгэнэл илэрхийлсээр байна.