1
"Брексит" (Нэгдүгээр сард)
Их Британи улс нэлээн дуншсаны эцэст энэ сарын сүүлээр Европын Холбооноос гарах бололтой. Анх 2016 оны зургадугаар сард тус улсын иргэд бүх нийтийн санал асуулгад оролцож, олонх нь Европын Холбооноос гарах санал өгсөн юм. Түүнээс хойш Брексит олон удаа хойшлогдсоны эцэст саяхан болсон сонгуульд уг санаачлагыг дэмждэг Консерватив нам ялалт байгуулснаар асуудал сая нэг тийш болсон байна.
Гэхдээ Консервативчуудын тэргүүн, Ерөнхий сайд Борис Жонсоныг санаснаа хэрэгжүүлэхэд цөөнгүй саад тотгор тохиолдох нь тодорхой. Тэгэхээр 31-ныг хүлээх л үлдлээ.
2
"Yahoo"-ын цаг хугацааны капсул (Гуравдугаар сар)
2006-2008 оны хооронд "Yahoo!" компани өөрсдийн бүтээсэн цаг хугацааны капсулыг танилцуулж, хэрэглэгчдээ өөрийн санал бодол, зураг видеонуудыг тэрхүү капсул дотор хадгалахыг хүссэн юм. Ингээд дурсамжаар дүүрэн тус капсулыг битүүмжилж, Вашингтон дахь Смитсонын Институтэд хадгалсан бөгөөд "Yahoo"-ын 25 жилийн ойгоор буюу энэ онд нээхээр төлөвлөжээ.
3
"Eurovision 2020" наадам, Роттердам (Тавдугаар сар)
Европын орнууд дуу хөгжмөөр өрсөлддөг "Евровижн" наадам энэ онд Нидерландын Роттердам хотод зохион байгуулагдана. Уг наадам нь 1956 онд дайны хөлд сүйдсэн Европын орнуудыг эвлэрүүлэн нэгтгэх зорилгоор анх зохиогдож байжээ. Түүнээс хойш 60-аад жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа бөгөөд өдгөө Израиль, Австрали зэрэг өөр тивийн орнууд ч оролцох болсон юм.
4
"Евро-2020" (6,7-р саруудад)
4 жил тутам Европын орнууд хөлбөмбөгийн аваргаа тодруулдаг билээ. Энэ удаа уг тэмцээн ганц хотод бус, харин Европын 12 улсад зэрэг зохион байгуулагдана гэдгээрээ онцлог болж байна.
5
УИХ-ын сонгууль (Зургадугаар сар)
Монголчууд төрийн дээд байгууллага дахь өөрсдийн төлөөллөө дахин "шинэчлэх" гэж байна. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах явц хэд хэдэн шинэ хуулийн дагуу өөрчлөгдсөн бөгөөд ялангуяа тойргийн тогтолцоог томсгосон мажоритар аргаар явуулахаар болсон билээ.
6
"Токио 2020" олимпын наадам (7, 8-р сарууд)
4 жил тутам нэг удаа хүн төрөлхтнийг нэгтгэдэг зуны олимпын наадам энэ жил Ази тивд ирж байна. 206 орны 11,091 тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөх болно. Япон улс ийнхүү 4 дэх удаагаа Олимпын наадмыг (өвөл ба зуны) хүлээн авч байна.
7
Ангараг руу хийх аялал (7,8-р сар)
Хүн төрөлхтөн Улаан нүдэн гариг руу дахин нэг удаа судалгааны станц илгээх гэж байна. 2020 онд хөөргөх шинэ станц нь тус гариг дээр аль хэдийн очоод буй "Curiosity" станцтай "хамтран ажиллах" юм. Шинэ хөлөг юуг олж нээх бол?
8
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль (Арваннэгдүгээр сар)
Оны сүүлээр Америкчууд дараагийн 4 жилд хэний удирдлага дор хөгжихөө шийднэ. Бүгд найрамдах намаас одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөх нь бараг тодорхой байгаа бол Ардчилсан намынхны дунд нэр дэвшигчээ тодруулах сунгаа тун өрсөлдөөнтэй байна.