1
Цацган сарвуут модны мэлхий
Энэ онцгой жижиг биетэй мэлхий нь дэлхийн хамгийн ганцаардмал төрөл зүйл гэж хэлэхэд хилсдэхгүй. 2016 оны 9-р сар хүртэл дэлхий дээр ердөө ганцхан ийм төрлийн мэлхий Жиоржиагийн Атланта Ботаникийн Цэцэрлэгт үлдсэн байжээ. Ажилчдын нэрлэдгээр Таффи мэлхий 12 настайдаа үгүй болсон байна. Таффи мэлхий дэлхий даяар хоёр нутагтан амьтдын тоо эрчимтэй багасах гол шалтгаан болсон хөнөөлт цитрид мөөгөнцрийн хохирогч болсон сүүлийн төрөл зүйлийн амьтан болж байна. Атлантад түүнтэй хамт энэ төрөл зүйлийн бас нэгэн мэлхий байсан ч 2012 онд мөөгөнцрийн өвчин нь хүндэрч, үхсэн ажээ. Энэ төрлийн хамгийн сүүлийн зэрлэг байгаль дахь мэлхий сүүлд 2007 онд бүртгэгдсэн байдаг. Тухайн бүс нутаг цитрид мөөгөнцрөөр халдварлаж, түүнээс хойш энэ төрлийн мэлхийн тоо толгой огцом цөөрсөн юм.
2
Улаан залаат модны харх
Энэхүү өхөөрдөм мэрэгч амьтны төрөл зүйлийн сүүлийн 2 амьтан 1898 онд Колумб улсад бүртгэгдэж байжээ. Устаж үгүй болсон гэж үзэж байсан тус төрлийн амьтан 2011 оны 5-р сард, хээр зугаалж байсан биологчдын дуранд өртсөн байна. Түүнийг харанхуй ойруу зугтан алга болохоос өмнө зургийг нь дарж амжжээ.
Толгой хэсгийн үсэндээ улаан сортой энэхүү модны хархыг дахин 100 жил алга болохгүй хэмээн найдаж байна. Одоогоор чухам хэчнээн тоо толгой байгаа нь тогтоогоогүй байгаа ч тун цөөн байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт нэг ширхэг улаан залаат модны харх үзэгдсэнээс хойш дахиад байгаа гэж найдаж байгаа аж.
3
Умардын цагаан хирс
Хирсний хэд хэдэн төрөл зүйлийн тоо толгой цөөрч байгаа ч умардын цагаан хирс устах аюулд хамгийн ойр ирээд байна. Нэгэн цагт Африкийн Сахарын өргөн уудам нутагт тархан нутаглаж байсан уг амьтан сүүлийн 100 жилийн хугацаанд хулгайн ангийн улмаас огцом цөөрчээ. 1970-аад онд зэрлэг байгальд нутаглаж байсан цагаан хирсний тоо 500 байсан бол 2000-аад оны дунд үе гэхэд ердөө дөрөвхөн ширхэг үлдсэн байна. Харамсалтай нь тэдгээр 4 хирсийг хамгаалж чадаагүй бөгөөд мөн л хулгайн анд өртсөн гэж таамаглаж байна.
Харин Чехийн амьтны хүрээлэнд харьяалагддаг 3 умардын цагаан хирс одоогоор 24 цагийн хамгаалалттайгаар Кенийн дархан цаазат газарт амьдарч байна. Ховордсон төрөл зүйлийн хирсийг авч үлдэх үүднээс нөхөн үржүүлэх хөтөлбөрт хамруулжээ. Тэдний нэг болох Судан нэртэй эр хирсний тухай мэдээлэл, өхөөрдөм зургуудыг Tinder аппликеишинд байрлуулсан бөгөөд Судан болон бусад 2 эмэгчин Нажин, Фату нарын хиймлээр үр тогтоох хөтөлбөрт зориулан 9 сая долларын хандив цуглуулж байгаа юм байна.
4
Хөх мөрний зөөлөн хуягт яст мэлхий
Хөх мөрний зөөлөн хуягт яст мэлхий нь дэлхий дээрх цэнгэг усны хамгийн том яст мэлхий боловч харамсалтай нь хамгийн цөөн үлдсэн яст мэлхий болжээ. 2016 оны 1-р сард Вьетнамд энэ төрөл зүйлийн 1 яст мэлхий үрэгдсэнээр дэлхий дээр ердөө 3 үлдсэн байна. Тэдний 1 нь Вьетнамд байдаг бол үлдсэн 2 нь Хятадын Сүжөүгийн амьтны хүрээлэнд байдаг ажээ. Энэ төрлийн эмэгчин яст мэлхий ердөө нэг үлдсэн учир бүхэл бүтэн төрөл зүйлийн хувь тавилан уг эмэгчний нөхөн үржихүйн чадвараас шалтгаалж байна.
Азаар эр, эм яст мэлхий Сүжөү амьтны хүрээлэнд хамт байдаг бөгөөд эр яст мэлхийтэй амжилттай эвцэлд оржээ. Гэвч 100 настай яст мэлхийн хувьд үр төлөө үлдээнэ гэдэг хүндхэн асуудал учраас эрдэмтэд үр төл нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ төрлийн яст мэлхий Хятадын Хөх мөрөнд өргөн тархсан байсан ч усны бохирдол, хулгайн ан, хотын хөгжлийн улмаас ийнхүү устах аюулд ороод байгаа юм.
5
Жижиг биет "Tarsier" сармагчин
Энэхүү өчүүхэн жижиг биетэй Tarsier сармагчны төрөл зүйл 20-р зууны эхэн үед устаж үгүй болсон гэж үзэж байсан ч Индонезийн эрдэмтэд харханд урхи тавих үедээ санамсаргүйгээр нэгийг барьснаар, уг төрөл зүйлийг илрүүлэх 8 жилийн судалгаа эхэлсэн байна. Удаан үргэлжилсэн судалгаа 2008 онд үр дүнд хүрч, Техасын A&M Их Сургуулийн судлаачид 2 эр, 1 эм Tarsier сармагчинг барьж чаджээ. 4 дэх амьтанг илрүүлсэн ч барьж чадаагүй байна. Түүнээс хойш уг төрөл зүйлээс дахин олдоогүй боловч нөхөн үржих насан дээрээ байгаа эр эм төрлөөс уг амьтдын төрөл зүйл цаашид аврагдана хэмээн найдаж байгаа юм.
6
Пинта арлын яст мэлхий
Пинта арлын яст мэлхийн төрлөөс хамгийн сүүлийнх хэмээн тооцогдож байсан Ганцаардмал Жорж 2012 онд үхсэн тухай харамсалтай мэдээ иржээ. Жорж төрөл зүйлийнхээ уг гарал болсон Галапагос арлуудын байгаль хамгаалах үйлсийн бэлгэ тэмдэг болсон юм. Пинта арлаар түгээмэл тархан амьдардаг байсан уг яст мэлхийн махыг хүнсэнд ихээр хэрэглэх болсноор тоо толгой нь цөөрчээ. 1958 оноос тус арал дээр ямаа өсгөх болсноор өвс тэжээлийг талхалж, энэ төрлийн яст мэлхий зэрлэг байгалиас бүр мөсөн устсан гэж хэлж болно.
Ойролцоох Изабелла арал дээр энэ төрөл зүйлийн яст мэлхий үлдсэн байж болзошгүй гэсэн найдвар төрүүлэх судалгаа гарчээ. Пинта арлын яст мэлхийн эрлийз 17 яст мэлхий тэнд байгаа гэж үзэж байгаа юм. Эдгээр 17 эрлийз яст мэлхийн эцэг буюу энэ төрлийн яст мэлхий арал дээр амьдарч, үржиж байж болзошгүй байна. Тэгэхээр Ганцаардмал Жорж төрөл зүйлийнхээ сүүлийнх нь биш байх магадлалтай. Харин эрдэмтэд тус арал дээр Пинта арлын яст мэлхийг олох судалгааг эхлүүлжээ.
7
Хула нуурын цоохор мэлхий
Израйлын Хула намагт нуурыг ширгэж, тариалангийн талбай болгон ашиглагдах хүртэл энэ төрлийн цоохор мэлхий тус нууранд амьдардаг байжээ. Хула нуурын цоохор мэлхийг устаж үгүй болсон хэмээн үзэж байсан ч Хула байгалийн цогцолбор газар эргүүл хийх үеэр энэ төрлийн нэг мэлхийг олсон байна. Ийнхүү хайгуул, судалгаа хийснээр өөр 10 мэлхий олжээ. Уг байгалийн цогцолбор газрын намгийн ус сэргэж эхэлснээр энэ төрөл зүйлийн мэлхий дахин үржиж эхэлсэн хэмээн үзэж байна. Одоогоор маш цөөн тооны цоохор мэлхий байгаа бөгөөд цаашид тоо толгой нь нэмэгдэнэ хэмээн найдаж байгаа юм.
8
Лонхон хошуут далайн гахай
Хөх мөрний ай саваар нутагладаг байсан лонхон хошуут далайн гахайг 2006 онд зургаан долоо хоногийн турш явуулсан судалгаагаар устаж үгүй болсон анхны халимын төрөл хэмээн тодорхойлоод байсан юм. Үүнээс ердөө жилийн дараа уг далайн гахайг Хөх мөрний хөвөөгөөр шумбаж байхыг нэгэн Хятад эр дүрс бичлэгийн хальснаа буулгажээ. Чухам хэчнээн далайн гахай байгааг хэлж мэдэхгүй ч цөөн байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт л устаж үгүй болоогүй, оршин байгаа гэдэг нь илэрхий болсон болохоор аварч найдвар төрүүлж байгаа аж.