Төрөөд удаагүй байхдаа ээжээсээ хагацсан Данг Ван Хуэн хэмээх хүү, аав нь өндөр цалинтай ажил хийж, мөнгө хураахаар өөр хотыг зорьсноор эмээгийнхээ асрамжид үлджээ. Удалгүй эмээ нь өөр хүнтэй гэр бүл болж, гэрээ орхин явахдаа хүүг авч явахаас татгалзсан байна. Хүү гэртээ ганцаараа үлдэж, аавынхаа явуулсан мөнгөөр амьдарч байсан боловч аав нь ослоор амиа алдсанаар хүү орь ганцаараа үлджээ. Хамаатан садангууд нь ч түүнийг үрчилж авахаас татгалзсан аж.
Гэсэн ч бяцхан хүү энэ бүхнийг тайвнаар хүлээн авч өөрөө бие даан амьдрахаар шийджээ. Тэрээр үрчлэгдэхийг ч хүсэхгүй байгаа гэнэ. Данг цэцэрлэгт ногоо тарьж хоол ундаа залгуулахаас гадна шаардлагатай бүх зүйлсийг өөрөө хийдэг байна. Мэдээж тэр шөнө унтахдаа бага зэрэг айж, ганцаарддаг. Сайхан сэтгэлт хөршүүд нь хүүд чадахаараа тус дэм болдог байжээ. Саяхнаас хүүгийн сэтгэл өвтгөм түүх улс даяар тархсан бөгөөд олон хүмүүс түүнд мөнгө, хандив туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа аж.
Өнчин хүүгийн амьдралын түүхийг олон нийтэд дэлгэсэн хүн багш нь байжээ. Данг сургуульдаа явах маш дуртай, хичээлээ ганц удаа ч тасалж байгаагүй гэнэ. Тэрээр өглөө дугуйгаар сургууль руу ирж хичээлдээ суучхаад гэртээ хариад аар саар ажилдаа орж, өөртөө анхаарал тавьдаг байна.