Мөн мэргэжлийн бус хүмүүс ойлгоход төвөгтэй бонд, банк, даатгал, хөрөнгийн зах зээл, хямрал зэрэг эдийн засгийн шинжлэх ухааны ойлголтуудыг диаграмм зураг, уран сайхны дүрслэл, дижитал тоглоом ашиглан тайлбарлаж, үзмэрийн тайлбаруудыг монгол, англи хэл дээр буулгасан нь Монголчуудад төдийгүй гадаадын жуулчдад санхүүгийн боловсрол олгох томоохон төв болжээ хэмээн сайшаасан байна.
Дэлхийн санхүүгийн түүхийн музейг үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг нь 2003 оноос хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор их дээд сургуулийн оюутан, залуус, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд хичээл зааж, илтгэл тавих үедээ санхүү эдийн засгийн нарийн төвөгтэй ойлголтуудыг түүхтэй нь холбож тайлбарлах нь хүмүүст илүү ойлгомжтой байгааг анзаарсан байна. Тиймээс 13 жилийн турш тасралтгүй судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд Дэлхийн санхүүгийн түүхийн музейн үзмэрүүдийг цуглуулан, олон нийтийн хүртээл болгожээ.
Тэрбээр музейг нээж хэлсэн үгэндээ: “Монголчууд дэлхийн санхүүгийн түүхийг нэг дор, тэр дундаа Улаанбаатар хотдоо үзэх боломж бүрдсэнд туйлын баяртай байна. Би энэ мөчийн төлөө амьдралынхаа 13 жилийг зарцуулжээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.
ХҮНДЭТ ЗОЧДЫН СЭТГЭГДЭЛ:
Дэлхийн санхүүгийн түүхийн музейн нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхий сайд асан, эдийн засагч, Р.Амаржаргал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр, Монголын даатгагчдын холбооны УЗ-ийн гишүүн Б.Жавхлан зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд тэдний сэтгэгдлийг уншигч тантай хуваалцъя.
Монгол Улсын ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн УЗ-ийн дарга Р.Амаржаргал
“Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахтомоохон алхам боллоо гэж үзэж байна. Сургуулийнхаа оюутнуудыг бүгдийг нь энэ музейтэй танилцуулах бодолтой байна”
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
“Хувь хүн улс орныхоо хөгжлийн төлөө, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд ийм сайхан музей байгуулсан нь үнэхээр бахархалтай хэрэг юм”
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан
“Иргэдийн санхүүгийн боловсрол дээшлүүлэх нь улс орны хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлдгийг олон улсын туршлага баталсан. Манай хорооны зүгээс мэргэжилтнүүдтэйгээ хамтраад иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд бүх талаар хамтарч ажиллахад бэлэн” хэмээн онцолсон байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.