Жян Чин (Jiang Qing) 1914 онд хятадын Шаньдунд төрсөн байна. Аав нь мужаан байсан ба архи хэтрүүлэн хэрэглэдэг учир залуудаа таалал төгсжээ. Харин ээж нь зарцын ажил хийдэг байж. Тэрээр "хүүхэд нас минь хүнд хэцүү, өрөвдөлтэй амьдрал дунд өнгөрсөн" хэмээн ярьсан байдаг. Жян Чин ядуу гэр бүлд төрж, ахынхаа хуучин хувцсыг өмсөж, үеийнхээ хүүхдүүдийн доог тохуу дунд өсжээ. Жүжигчин болох мөрөөдөл нь түүнийг ирээдүйд хөтөлдөг байж. Нэгэн удаа аялан тоглолтын жүжигчид түүнд хамтран ажиллах санал тавихад 16 настай охин шууд зөвшөөрсөн байна. Ийнхүү тэрээр гэрээ орхин адал явдлын эрэлд гарчээ.
Жян сохор зоосгүй байсан ч хүнээс мөнгө зээлэхгүй гэсэн бодолтой байжээ. Төрөлхийн сэргэлэн, үзэсгэлэнтэй бүсгүй маань аялан тоглолтын жүжигчний ажлыг удаан хийгээгүй бөгөөд өөрт хэрэгтэй хүмүүстэй амархан танилцдаг байв. Алдарт найруулагч, кино шүүмжлэгч Тан На (Tan Nah)-тай гэрлэсэн нь түүнийг Хятадын театрын урлагийн дээд давхаргад төвөггүй хүргэжээ. Хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд тэднийг салсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чиныг "алдартай одыг хуурч чадсан тосгоны зальжин бүсгүй" хэмээн бичиж байж. Харин тэрээр энэ бүгдийг удалгүй мартаж, жүжигчний карьераа амжилттай үргэжлүүлэн нэр алдарт хүрч, амрагуудаа сольж эхэлсэн байна. Жян Чин дахин нөхөрт гарсан ч удалгүй мөн л салалтаар төгсжээ. Тэрээр улс төрд амжилт гаргаж чадна гэдэгтээ бат итгэлтэй байсан учир "Хятадын хамгийн алдартай хүнтэй гэрлэх болно" гэсэн зорилго тавьсан байна. Тухайн үед Хятадын хамгийн алдартай улс төрч бол Мао Зэдун байсан юм.
22-настай Жян Чин болон түүний ээж, 1936 он
Мао Зэдун Жян Чинийг нэгэн тоглолтын үеэр анх харжээ. Бүсгүй шууд л түүнд таалагдсан учир тоглолтын дараа Жян Чинийг өөрийн Марксизм-Ленинизмын институтын лекцинд суухыг урьсан байна. Ингээд тэд нууцаар болзож эхэлжээ. Тухайн үед Маогийн гурав дахь эхнэр ЗСБНХУ-руу эмчилгээгээр явсан байж. Маог эхнэрээсээ салсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэлмэгц тэрээр дараагийнхаа бүсгүйг олон нийтэд ил болгосон байна. Хэдийгээр УТТ-ыхон энэхүү харилцаанд тааламжгүй хандаж байсан ч 45 настай Мао болон 24 настай Жян Чин нар үүнийг огтхон ч тоогоогүй аж.
Лань Пин нэрээр алдартай Жян Чин, сэтгүүлийн нүүрэн дээр, 30-аад оны үе.
Мао Зэдун болон Жян Чин нар 1938 онд гэрлэжээ. Анхандаа залуухан эхнэр тэрээр даруу төлөв гэрийн эзэгтэй байв. Жян Чин сайн эхнэрээс гадна Маогийн дотны анд, ажлын хамтрагч байсан гэдэг. Бүсгүй Маогийн итгэлийг хүлээж, бүх мэдээллийг цаг алдалгүй мэдэхийг хүсдэг байв. Гэрлэсэн эхний өдрөөс эхлэн жүжигчин бүсгүй Маогийн эрүүл мэнд, цагийн хуваарь, хувцаслалт, хооллолт, хүлээн авалт гээд бүх л зүйлсэд анхаарал хандуулж эхэлсэн байна. Энэ үеэс л Мао эхнэрийнхээ үгээр явж эхэлсэн гэж түүхчид үздэг.
Жян Чин-ий амраг, нөхөр Мао Зэдун
Хэдийгээр Чин гаднаа даруухан эхнэрийн дүр бүтээж байсан ч тансаг байдлаас татгалзаагүй. “Амарч зугаалах болон өөрийн сонирхолд цаг зав гаргаж байгаа нь өөрийгөө золиомолж буй хүний хувьд байж болох зүйл гэж би үздэг” гэж тэр хэлсэн байна.
1940 онд хосууд Ли На хэмээх охинтой болжээ.
1950 оноос эхлэн Чин улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Тэрээр боловсрол, соёлын салбарт Маогийн туслахаар ажиллах болжээ. Энэхүү албан тушаалд томилогдсоныхоо дараа түүний хийсэн хамгийн анхны зүйл бол өнгөрсөн амьдралынхаа талаарх мэдээллийг устгах явдал байсан юм. Тэрээр өөрийг нь ядуу амьдралтай, олон амрагтай байсан гэх мэдээллийг олон нийтэд тараахыг хүсээгүй учир үүнтэй холбоотой бүх хуучин зураг, баримтуудаа устгах даалгавар өгчээ.
Хэдэн арван жил өнгөрсөн ч Жяны намтрыг бүрэн цуглуулахад хүндрэлтэй. Түүний талаарх мэдээллүүдийн үнэн худлыг ялгаж салгахад одоо ч төвөгтэй байгаа аж.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд болсныхоо дараа тэрээр хятадын уламжлалт үнэт зүйлсээс татгалзаж, харин балет, дуурийн урлагийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсан байна.
Мао, Жян нар, 1946 он.
1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө дахин шүтүүлэх компанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чинийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.
Чин болон түүний хамтран зүтгэгчид хуучны үзэл санаа, соёлоос татгалзаж "цоо шинэ" нийгэм бүтээх зорилготой байжээ. Эхэн үедээ театр, кино, ном зэргийг устгалд оруулах ажиллагаа эрчимтэй явуулсан байна. “Гартаа алх барьж, атгасан гараа дээш өргөж хуучин бүхний дээгүүр алхах шийдвэрийг би гаргасан” хэмээн Чин хэлжээ.
Бүсгүйн шинэ албан тушаал түүнд асар их эрх мэдэл өгсөн ч тэрээр нөхрөөсөө илүү их эрх мэдэлтэй болж, өөрөө жинхэнэ удирдагч болох хүсэл өвөртөлж байсан юм. Өндөр албан тушаал бүсгүйн толгойг эргүүлсэн мэт санагдана. “Эмэгтэй хүн ч гэсэн удирдагч байж чадна. Коммунист нийгэмтэй байсан ч эмэгтэй удирдагчтай байж болно” гэж тэрээр ярьж байжээ. Даруухан, нөхрийнхөө сүүдэрт нуугдаж байсан энгийн нэгэн гэрийн эзэгтэй хэдхэн жилийн дотор алдартай улс төрч болон хувирсан байна.
Улс төрч Жян Чин Францын ерөнхийлөгч Жорж Помпидугийн Хятадад хийсэн албан ёсны айлчлалын үеэр
Мао Зэдун нас барсны дараа Чиний улс төрийн амьдрал ч дуусгавар болсон юм. Тэрээр төрийн удирдлагыг гартаа авч, шинэ дэг журам тогтоох зорилготой байв. Харамсалтай нь, Жян Хятадын түүхэн дэх хатдын түүхийг давтаж, нөхрийнхөө титмийг авах эрхээ алдахын зэрэгцээ эрх чөлөөгөө хүртэл хасуулсан байна.
Шүүх хурлын үеэр бүсгүйн талаар аймшигтай мэдээллүүд ил болсон юм. Тэрээр соёлын хувьсгалыг эсэргүүцсэн 1.4-1.6 сая хүний амийг хилсээр хороох шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Харин Жян Чин “Би Маогийн хэлснийг л хийсэн. Би түүнд хайртай байсан учраас түүний үгийг үргэлж дагаж, яг л үнэнч нохой мэт зүтгэдэг байсан” хэмээн шүүх хурлыг үеэр хэлжээ. 1981 онд Жян болон түүний хамтрагчдад насан туршид нь хорих ял оноосон байна.
Жян Чин өөрийг нь эсэргүү, хортон хэмээн үздэг нийгэмд амьдрахыг хүсээгүй учир 1991 оны 5 сарын 14-ний өдөр амиа хорложээ.