Ажилтан танд баярлалаа

ХААН Банк ам бүл 6000-уул. Эх орны өнцөг булан бүрт байх 538 салбар нэгжээрээ дамжуулан Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг өнөр өтгөн ам бүлийн  гишүүд хэрхэн ажилладаг бол? Энэ удаа бид харилцагчтай илүү тулж ажилладаг буюу тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгэдэг эрхмүүдийг онцоллоо. Тэд ямар стандарт мөрддөг, ажлынхаа юугаар илүү бахархдаг, юунд зорьдог талаар хамтдаа сонирхъё.

Ажилтан танд баярлалаа

ХААН Банк цамхаг тооцооны төвийн Харилцагчийн зөвлөх М.Чанцалмаа

Би өөрийгөө банкныхаа тэргүүн шугаманд ажилладаг гэж боддог. Харилцагч орж ирэхэд угтахаас үдэх хүртэл бүх үйлчилгээний явцад Харилцагчийн зөвлөх чиглүүлдэг. Бас банкаа харилцагчдаа таниулдаг гол хүн нь. Би өдөрт дунджаар 400 орчим хүнд үйлчилдэг.

Манай банкны зүгээс харилцагчийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч, ажилтнууддаа харилцааны ур чадварын сургалт тогтмол зохион байгуулдаг. Жишээ нь харилцагчийг угтахдаа “Сайн байна уу. ХААН Банкинд тавтай морил. Танд юугаар туслах вэ” гэж хэлээд хөмсгөө өргөж, хагас инээмсэглэсэн байдлаар мэндчилнэ, харилцагчтай итгэл төрүүлэхүйц, найрсаг уур амьсгал бүрдүүлж харилцана гэхчилэн  сургагч багш нар маань бидэнд нэгд нэгэнгүй зааж сургадаг. Тэр ч байтугай бид инээмсэглэж сурах гэж савхтай дасгал тогтмол хийдэг байлаа. Ер нь аль ч тооцооны төвд очсон яг энэ стандарт, харилцагчийг угтах үйлчилгээг мөрддөг. Зөвхөн харилцааны ур чадвараас гадна ажилтан бидний гадаад дүр төрх, хувцаслалт, үйлчилгээний орчинд ийнхүү анхаардаг нь харилцагчдад аль болох таатай, тав тухтай үйлчилгээ авах нөхцөлийг л бүрдүүлж өгч байна гэсэн үг л дээ.

Миний бодлоор харилцагчийн үйлчилгээг илүү сайжруулах, хурдан шуурхай болгох арга нь харилцагчдадаа цахим бүтээгдэхүүн үйлчилгээг илүү сайн зааж өгөх, сургах явдал. Тэгснээрээ харилцагч заавал банкинд дугаарлахгүйгээр, өөрөө гар утсаа ашиглаад хүссэн үйлчилгээгээ шуурхай авах боломж бүрдэнэ. Тооцооны төвүүдийн ачаалал багассанаар  харилцагчид үзүүлэх үйчилгээ сайжирч, шинэ үйлчилгээ хүргэх боломж нэмэгдэнэ.

ХААН Банкны Нарны зам тооцооны төвийн Ахлах харилцааны менежер М.Найдан:

-Би 2015 онд анх теллерээр ажилд орсон. ХААН Банк гэдэг том нэр хүндээр би маш их бахархаж ажилладаг. ХААН Банкинд ажилладаг гэж бусдад хэлэхдээ хүртэл би дуртай байдаг. Ганцхан би ч биш, манай эхнэр, ээж аав бүгд ханиараа, хүүгээрээ бахархдаг. Тийм учраас би улам сайн ажиллах ёстой гэж мэрийдэг. Харилцааны менежер банкинд хамгийн чухал үүрэгтэй.  Харилцагчидтай уулзан хэрэгцээг нь сонсож, зөвлөгөө өгч, асуудлыг нь шийдвэрлэж өгдөг. Хүн өөрийн гэсэн зөв хандлагатай, ажлаа хийе гэсэн чин хичээл зүтгэлтэй байвал болно гэж боддог. Дээр нь банкны зүгээс ажилтнуудаа дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж,  сэдэлжүүлэх аян зарладаг нь маш том хөшүүрэг болдог. Би банкныхаа хэмжээнд 2018 оны шилдэг харилцааны менежерээр шалгарч байлаа. 2019 оны 1-6 сарын хугацаанд зарласан дотоод аянд түрүүлж, гадаадад аялах эрхээр шагнуулсандаа их баяртай байгаа. Манай банкны зүгээс ажилтнуудынхаа ажил амьдралыг тэнцвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос тооцооны төвийн ажилтнууд маань 17.00 цаг гэхэд үйлчилгээгээ зогсоож, 18.00 цаг гэхэд тардаг болсон. Энэ бол ажилтнууддаа хандсан, өөрийгөө хөгжүүлж, сурч  боловсрох, эрүүл мэнддээ анхаарах, фитнесст явах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлдээ цагаа зориулах боломжийг нь ажлын дараа бүрдүүлсэн зөв шийдвэр санагддаг. Ингэснээр харилцагчдадаа үзүүлэх үйлчилгээ, ажлын бүтээмж ч дагаад сайжрах талтай.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн Мэдээлэл үйлчилгээний ажилтан

Т.Бадамцэцэг:

Би банкныхаа Харилцагчийн мэдээллийн төв буюу хүмүүсийн сайн мэддэгээр ХААН Банкны 1800-1917 лавлах утасны лавлагаа үйлчилгээний шугам дээр ажилладаг. Өдөрт дунджаар 200-250 дуудлага хүлээж авдаг. Цаг маш үнэтэй болсон өнөө цагт харилцагч  заавал салбарт хандахгүйгээр гар утсаараа банкны бүх төрлийн үйлчилгээ авах боломжийг хангаж өгдөг нь манай үйлчилгээний давуу тал. Өөрөөр хэлбэл, Харилцагчийн мэдээллийн төв /Contact сenter/ маань 24 цагийн турш харилцагчид 38 нэр төрлийн банкны үйлчилгээ үзүүлдэг. Бидний ажлын онцлог бол тухайн харилцагчийн санал гомдлыг хүлээж авч, яаралтай шийдвэрлэдэг. Баяр ёслол дөхсөн ачаалал ихтэй үед бухимдалтай харилцагч олноор хандах үе гардаг. Утасны  цаана өөрийн тань хүү охин, хань ижил,  ах дүү шиг залуус та бүхэнд туслах гээд сууж байдаг гэдгийг харилцагчид заримдаа ойлгодоггүй. Автомат хариулагч биш хүн учраас харилцагчийн хэлсэн зарим үгэнд гомдох үе гарна. Тийм үед хэсэгхэн босоод амралтын өрөөнд орж сэтгэл санаагаа сэргээчихээд буцаад ажлын ширээндээ суудаг. Харилцагчтай хэрхэн харилцах, ийм үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах сургалтад тогтмол хамрагддаг учраас тэр болгон түүртээд байдаггүй л дээ. Гэхдээ харилцагчид маань бидний ажлыг ойлгож байгаасай гэж хааяа боддог шүү. Contact сenter-ийн ажилтан мэдлэгээс гадна мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Энэ хүн яг юу хүсээд байна вэ гэдгийг ойлгож, шуурхай үйлчилгээ үзүүлнэ гэдэг хувь хүнээс мэдрэмж шаарддаг. Дээр нь ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, зарчимч байхыг хичээдэг. Ийм сайхан хамт олонтой, тэргүүлэгч банкны Contact сenter- т ажилладгаараа би бахархаж явдаг.

ХААН Банкны Их хүрээ тооцооны төвийн захирал А.Орхонбаяр

Би банкиндаа 12 дахь жилдээ ажиллаж байна. ХААН Банкны тухайн үеийн Дотоод хяналтын газарт Хянан шалгагчаар анх ажилд орж байлаа. Аливаа өөрчлөлтөд эерэгээр ханддаг, эрч хүчтэй залуустай нэг баг болж хамтран ажиллаж байгаадаа би үнэхээр бахархдаг. Монгол Улсын банк санхүүгийн салбарын тэргүүлэгч банкны өнөөдрийн энэ амжилт харилцагчдаас гадна 6,000 ажилтны нөр их хөдөлмөр, ажлын үр дүнтэй шууд холбоотой гэж боддог.

Банк санхүүгийн салбарын тэргүүлэгч гэдэг утгаараа технологийн хөгжил дэвшлийг хамгийн түрүүнд зах зээлд танилцуулдаг нь манай банкны нэг давуу тал.

Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед бүх салбар тооцооны төвүүдийн өнгө төрх, ажилтан ажиллагсдын дүрэмт хувцас зэрэг харилцагчийн үйлчилгээний орчин ба ажилтнуудын ур чадварт анхаарч, харилцагч төвтэй үйлчилгээг бий болгохоор маш эрчимтэй ажиллаж байна. Үүний илрэл нь харилцагчид маань анзаарсан байх, үүдээр орж ирэнгүүт ажилтнууд угтан авч мэндчилэн, чиглүүлэх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Харилцагч ХААН Банкийг сонгосноор илүү тав тухтай, сэтгэл дүүрэн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө л манай хамт олон өдөр бүр хичээн ажиллаж байна.

Банк санхүүгийн салбартаа манлайлагч ХААН Банк үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 28 дахь жилийнхээ намартай золгоод байна. Энэ хугацаанд эрхэм харилцагчдаасаа гадна байгууллагын “брэнд” болсон үнэ цэнэтэй ажилтнуудынхаа хичээл зүтгэлийн үр шимээр бид хамтдаа арвин түүх, амжилтыг бүтээгээд буй билээ.

ХААН Банк сүүлийн жилүүдэд банк, санхүүгийн салбарын шилдгийг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн анхааралд өртөж, шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгааг олон улс өндрөөр үнэлж байна.

2019 он гарсаар “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Шилдэг дижитал банк”-аар тус тус шалгаруулснаас гадна дэлхийн банк, санхүүгийн шилдгийг шалгаруулдаг FinanceAsia, GlobalFinance сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжлөөд буй. Хамгийн сүүлд бид олон улсад нэр хүндтэй “Euromoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагналыг 10 дахь удаагаа хүртэж, зах зээлд тэргүүлэгч байр суурь, амжилтаа улам бататгалаа. 14 жилийн дотор 10 удаа ийнхүү шилдгээр тодорсон банк “Euromoney” сэтгүүлийн түүхэнд ховор юм. Өнөөдрийн энэ бахдам амжилт ХААН банк хэмээх “Их айл”-аар овоглож яваа эгэл жирийн ажилтнууд та бүхний ажлын үр дүн, хамтдаа хүртэж буй шагнал билээ. Ажилтан танд баярлалаа.   

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.