10
Өмнөд Африкийн Холбооны ордон
Холбооны ордон нь Өмнөд Африкийн хамгийн өвөрмөц архитектурын шийдэл бүхий барилга юм. 1913 онд нийслэл Претори хотод баригдсан уг байгууламжид Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн оффис ч байрладаг аж. Ментьескопын толгодын орой дээр байгалийн үзэсгэлэнт газар шаргалтан сүндэрлэх энэхүү гоёмсог ордон нь Преториа хотын олны анхаарлыг татдаг гол төвөөс гадна чухал үйл явдал, жагсаал цуглаан болдог газар юм.
9
Аргентиний конгрессийн ордон
Аргентиний нийслэл Буэнос Айрэс хотод орших неоклассик хэв маягийн энэхүү түүхэн барилга 1898 онд баригдаж эхлэн, 1906 онд нээлтээ хийсэн ч 1946 онд л бүрэн баригдаж дуусчээ. Харин Аргентиний конгресс 1906 оноос тус тансаг шилтгээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү цагаан гантиг чулуун барилга нь 80 метр өндөр хүрэл бөмбөгөр оройгоороо дэлхий дахинаа алдартай билээ.
8
Австралийн парламентийн ордон
Австралийн нийслэл Канберра хотод байрлах энэхүү өвөрмөц төрийн ордны барилгын зураг төслийг анх олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар 320 гаруй шилдэг бүтээлүүдийн дундаас шалгаруулж байжээ. Учир нь тус барилга засгийн газрын байр байгаад зогсохгүй үндэсний бэлэг тэмдэг болох ёстой байсан юм. Тийм ч учраас барилга бүхэлдээ Австралийн газар нутгийн өвөрмөц онцлогийг шингээсэн байдаг. Тодруулбал, гантиг чулуун дээрх бүдэгрүүлсэн ягаан болон ногоон өнгөөр дотоод заслыг хийж, үүд хэсгээ өмнөд Уэльсээс олборлодог улаан боржин чулуугаар хучиж өгсөн нь нутгийн онцлогыг илэрхийлэхүйц ер бусын тансаг шийдэл болж чадсан юм.
7
Норвегийн үндэсний Ассемблэйн барилга
Норвегийн үндэсний Ассемблэйн барилгыг "Стортинг" хэмээн нэрлэдэг бөгөөд Осло хотод байрлах тус барилгад 1866 оноос Норвегийн парламентын төв байр болсон юм. Шведийн архитектурч Эмил Виктор эклектизм ашиглан барилгын зураг төслийг гаргасан бөгөөд өмнөх үеийн архитектурын шийдлүүдэд тулгуурлан шинэ зүйл бүтээхийг зорьжээ. Өвөрмөц H хэлбэрийн шалны зохион байгуулалт нь хөндлөн тэнхлэг дээрээ хоёр хагас тойрогтой бөгөөд маш үзэмжтэй харагддаг.
6
Бүгд найрамдах Серби улсын Үндэсний Ассамблэйн байр
Уг барилгын бүтээн байгуулалтад нийт 30 гаруй жил зарцуулсны эцэст 1936 онд нээлтээ хийжээ. Барилгын дотоод заслыг энгийн хэрнээ эрхэмсэг хэмээн тодорхойлж болох ба гол танхимууд нь мод болон гантиг чулууны хослолоос бүрддэг аж. Барилга олон архитектурын гайхалтай хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрээс Павлийн танхим заавал очиж үзэх хэрэгтэй. Энэхүү тансаг дипломат хүлээн авалтын өрөөны ханыг чамин торго хивсээр чимж, таазыг модон урлалын бүтээлээр гоёжээ.
5
Канадын "Парламент хилл"
Канадын нийслэл Оттавад орших "Парламент Хилл" барилга нь 1859 оноос тус улсын төрийн ордон болжээ. Оттава голын хөвөөнд сүндэрлэх энэхүү сэргэн мандалтын үеийн дүр төрхийг хадгалсан өвөрмөц барилгууд нь үлгэрийн гэмээр сайхан харагддаг ба Канадын хамгийн алдартай газруудын нэгт зүй ёсоор тооцогддог. "Парламент Хилл"-ийг харуул солигдох үе, баяр ёслолын гэрлийн үзүүлбэр, иог зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр үзэж сонирхоход нээлттэй байдаг аж.
4
Амеркийн "Капитол"
АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Капитол хэмээх барилга нь тус улсын Конгрессийн үйл ажиллагаа явуулдаг байр юм. 19-р зууны үеийн неоклассик дизайныг ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачлагаар сонгон шалгаруулалт зарлан тодруулж байжээ. 1793 онд барилгын ажил эхэлсэн ч гал түймэр, улс төрийн үймээн зэрэг хэд хэдэн шалтгаанаар барилгын явц тасалдаж, удааширсны эцэст 1960 онд албан ёсоор дууссан байна.
3
Нидерландын "Бинненхоф"
Нидерландын Гааг хотод байрладаг "Бинненхоф" барилга нь Готик маягийн барилгуудын цугуулга бөгөөд тус улсын парламентын дээд танхимын гишүүд, Ерөнхий сайд зэрэг эрх мэдэлтнүүд ажилладаг төрийн төв байр юм. Байгалийн үзэсгэлэнт газар орших тус гоёмсог шилтгээнээс "Ridderzaal" буюу хөлөг баатруудын танхим хамгийн алдартай хэсэгт тооцогддог. 13-р зуунд "Бинненхоф" нь Голландын гүнгийн цайз байжээ.
2
Анлийн "Вестминстер" ордон
Вестминстер ордон нь 900 гаруй жилийн турш Их Британийн улс төрийн төв байр болсоор байна. Английн нийслэл Лондон хотод орших энэхүү алдарт барилгын хамгийн хуучны хэсэг нь "Вестминстер" танхим боловч "Big Ben" цамхагт цаг хэдийнээ дэлхий дахинд танил болж, Англи улсыг илэрхийлэх нэгэн бэлэг тэмдэг болсон, тус ордны хамгийн алдартай хэсэг юм. Өдгөө ч Английн парламент тус ордноос үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нийтэд үзэж сонирхоход нээлттэй байдаг.
1
Унгарын парламентийн ордон
Унгарын нийслэл Будапешт хотод сүндэрлэх энэхүү үлгэрийн ордон мэт тансаг барилга нь засгийн газрын байр гэхээсээ илүүтэй жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Готик болон сэргэн мандалтын үеийн архитектурын хэв маягийг хослуулсан уран нарийн хийц бүхий шийдэл нь ид шидийн гэмээр гоёмсог харагддаг. Талбайн хэмжээгээрээ дэлхийд гуравт жагсдаг энэхүү томоохон парламентийн ордон нийт 691 өрөөтэй, 20 км урт шаттай бөгөөд Дунай мөрний эрэг дэх Коссут талбайд оршдог байгалийн үзэсгэлэн, уран барилгын төгс зохицол болсон газар юм.