14-р зууны дунд үед газар нутгаа улам тэлэхийг хүссэн Монголчууд Ойрхи Дорнодод хөл тавьсан. Түүнээс өмнө тэд замд нь хөндөлдсөн бүхнийг нухчиж, томоохон хот, вант улсуудыг нэг нэгээр нь буулган авч, заримыг нь газрын хөрснөөс арчиж байлаа.
Чингис Хааны ач Хүлэгү хааны цэргийн их эрдмийн хүчээр 1256 онд Монголчууд аюулт Ассасинчуудыг буулган авсан. 1258 онд Исламын нийслэл Багдадыг үнсэн товрог болгож, улмаар 500 жилийн түүхт Аббасидын халифт улсыг эзлэсэн. Исламын алтан үе энэ явдлаар дуусгавар болсон гэж түүхчид үздэг. Түүнчлэн 1260 онд Алеппо хотыг, дараа нь Дамаскыг эзэлснээр өнөөгийн Левант, Египетийг багтаасан Аюбидын хаант улсын байдал тун эгзэгтэй болж иржээ.
Монголчууд Багдадыг эзэлсэн нь
Энэ олон ялалтын дараа Хүлэгү хаан өмнө зүг рүү чиглэж, дараагийн байгаар Египетийг сонгосон байлаа. Тухайн үед Египетийг султан Кутуз удирдаж байв. Бүтэн нэр нь аль-Малик аль-Музаффар Сайф ид-Дин Кутуз гэх өмнө нь боол байсан энэ хүн Египетийн Султанаар өргөмжлөгдөн хорин жилийн турш захирчээ. Тухайн үед тэрээр Загалмайтны долоо дахь аян дайнд Европын дайчдыг ялаад байв.
Хачирхалтай нь, улсад нь аюул учруулаад буй Монголчууд өмнө нь түүнийг боол болгон зарж байжээ. Кутуз нь Дундад Азид Хорезмын эзэнт улсад төрсөн ба тус улс нь 1231 онд Монголчуудад эзлэгдсэн. Монголчуудад олзлогдон, Дундад Ази, Ойрхи Дорнодын боол худалдаалах захуудаар зарагдсан мянга мянган боолын нэг нь Кутуз байсан юм.
Хүлэгү хаан цэргээ удирдан явж байгаа нь
Кутузын хувьд боол болсон нь харин ч их хувь тохиол гэлтэй. Каирын Султан Айбак түүнийг худалдан авч Мамлюк болгожээ. Дундад зууны Исламын ертөнцөд чадварлаг дайчид болж бэлтгэгдсэн боолын ангийг Мамлюк гэж нэрлэдэг. Тэдний дайтах ур чадвар гайхагдахын хэрээр улстөрийн нөлөө, хүч нэмэгдэж эцэстээ Мамлюк Кутуз Египетийн хаан ширээнд суусан байна.
Дамаскыг эзлэн авсны дараа Хүлэгү хаан тулааны өмнөх заншил ёсоороо Каир луу элчээ илгээж Кутузыг үхэхийг хүсээгүй бол бууж өгөхийг анхааруулжээ.
Кутуз султан
Загалмайтнуудын эсрэг Кутузтэй хамт тулалдсан Мамлюкын бас нэгэн удирдагч Байбарс нь Монголчуудад эзлэгдэхээс өмнө өөрийн мамлюк цэргүүдээ аван Дамаскаас Каир руу дутаасан байдаг. Өөрийн цэргээс гадна Байбарсын мамлюкүүдтэй болсон Кутуз яагаад ч Монголчуудад Египетийг зүгээр өгнө гэж байхгүй хэмээн бат итгэлтэй шийдэж "хэрэв Египетийг эзлэхийг хүсч байвал цусаараа төлөх ёстой" гэжээ.
Улмаар Кутуз Хүлэгүгийн элч нарын толгойг тасдаж Каирын төв хаалган дээр зоосон нь мэдээж Хүлэгүг машид хилэгнүүлжээ. Багдадыг эзлэхээс өмнө иймэрхүү үйл явдал болсон нь Багдад хот, тэндхийн иргэдэд юу авчирсныг бүгд мэднэ.
Тухайн үеийн Аюбидын хаант улс
Кутуз болон Каирыг үүнтэй ижил хувь тавилан хүлээж байсан байж магадгүй ч тэдний хувьд гэнэтийн аз мэт зүйл тохиолдож хувь заяа нь өөрөөр эргэсэн. Хүлэгү ойролцоогоор 100,000 цэргээ авч тус бүс нутгийг орхиж, хойноо 10,000 орчим (зарим нь 20,000 шахам байсан гэдэг) цэргээ Хэтбух жанжны удирдлаган дор үлдээн явжээ.
Түүхчид Хүлэгүгийн гэнэтийн энэ шийдвэрийг Хятадад өөд болсон Мөнх Хааны үхэлтэй холбож угсаа залгамжлах эсэхээ шийдэхээр явсан гэж удаан хугацааны турш үзсээр ирсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд Хүлэгүгийн уг шийдвэрийг илүү логик шалтгаантай байсан буюу тус бүс нутаг үржил шимгүй, цөлөрхөг байсан нь олон тооны цэрэг, морьдыг тэжээх боломжгүй байсантай холбоотой гэж үзэх болжээ.
Мөнх хаан
Хүлэгүг явсан тухай мэдээг Кутуз баярлан хүлээн авч Монголчуудыг хүлээж суухын оронд нэн даруй задгай талд байгаа дайснууд руугаа дайрахаар шийдвэрлэсэн. Байбарсын хамт 20,000 орчим морьт болон явган цэрэг авч Монголчуудыг дарахаар Каираас хөдөлжээ.
Өмнө нь Монголчуудын холбоотон болох хүсэлтээ илгээж байсан загалмайтан Иерусалемын улсын үлдэгдэл хүч нь тухайн үед Акра хотод төвлөрч байв. Хэдийгээр Кутуз Христийн шашинтнуудыг үзэн яддаг ч удирдагчтай нь хэлэлцээр хийлгэхээр Акра руу элч илгээжээ.
Христүүд Монголчуудыг мамлюкээс илүү аюулт дайсан гэж үзэн Кутузыг өөрийн нутгаар дамжин өнгөрөх, цэрэг хүчээр хангахаар зөвшөөрөөд зогсохгүй Акрагийн ойролцоо буудаллуулсан байна. Буудаллаж байх хугацаандаа Кутуз Монголчуудыг Иордан гол гаталсныг сонсоод Айн Жалут нэрт газрын ойролцоо дайралт хийхээр цэргээ хөдөлгөжээ.
Байбарс, Кутуз хоёр Монголчуудыг занганд оруулах төлөвлөгөө боловсруулсан. Хүчний харьцаа илүүгээс гадна Байбарс тус газар нутгийг сайтар мэддэг байсан нь Мамлюкийн давуу талыг нэмэгдүүлж байв. 1260 оны 9 дүгээр сарын 3-нд Хэтбухын цэргүүдтэй тулалдахдаа өндөрлөг газар байрлах ойд олон тооны цэргээ нууж байрлуулжээ.
Мамлюкүүд дайраад-зугтах тактик баримтласнаар урхи бэлдсэн газар луугаа Монголчуудыг хөтлөж байжээ. Тэр өдрийн өглөөнөөс эхлэн хэдэн цагийн турш үргэлжилсэн тулаанд хоёр тал ширүүн тулалдав. Хэдийгээр Хэтбухаар удирдуулсан Монгол цэргийн тоо хэд дахин бага байсан ч тэд эцсээ хүртэл эр зоригтойгоор тулалдаж Мамлюкийн эсрэг хүчтэй цохилт өгөн ухраасан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Гэвч Хэтбух урхинд орсон гэдгээ хэтэрхий оройтож ухаарчээ. Олон цагийн турш үргэлжилсэн хүнд тулаанд ихээхэн тооны цэрэг хүчээ алдсан Кутуз, Байбарс нар эцэст нь Монголчуудыг бэлдсэн газартаа авчирч чадсан байна.
Тэднийг ирмэгц Мамлюк цэргүүд ойгоос гарч ирэн довтолж Монголчууд руу сумаар бороо оруулан бүслэлтийн маневр хийж эхэлжээ. Хэтбух занганд орж бүслэгдсэн ч түүнд бууж өгнө гэсэн ойлголт байсангүй. Цэргүүдийнхээ хамтаар галзуу мэт тулалдсаны эцэст Мамлюкийн армийн зүүн жигүүрийг бараг сэтлэх дөхөөд байлаа.
Цэргүүдээ зоригжуулж, хүч нэмэхийн тулд Кутуз шилдэг дайчдаа цуглуулж өөрийн биеэр зүүн жигүүрийг удирджээ. Монголчуудын зарим нь бүслэлтээс гарч, эргэж дайралт хийхээр завдсан ч нэгэнт Мамлюкүүд тулааныг гартаа авсан тул амжилт олоогүй гэдэг.
Цөөхөн монголчууд зугтаж чадсан ч цэргүүдийн дийлэнх нь Хэтбухын хамт олзлогдож тэндээ алагдсан.
Хэдийгээр Мамлюкүүд олон тооны цэргээ алдан байж үнэтэй ялалт байгуулсан ч түүнээс ч илүү чухал зүйлийг олж авсан нь задгай тулааны талбарт өмнө нь хэзээ ч ялагдаж байгаагүй Монголчуудыг буулган авсан явдал байлаа. Кутуз, Байбарс нар тэр үеийн дэлхийн хамгийн агуу эзэнт гүрнээс Каирыг авран үлдээснээс гадна “дийлдэшгүй” гэгддэг Монголчуудыг ялах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа ойрхи Дорнодын хүмүүсийн бахархал болжээ.
Хүлэгү хан Хэтбухын өшөөг авч, Каирыг газрын хөрстэй тэгшлэнэ гэж байсан ч зорилгодоо хүрэх боломж олдохгүй байсаар 1265 онд Монголчуудын дотоод зөрчлөөс шалтгаалж нас эцэслэжээ.