“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамруулах, иргэдэд энэ тухай мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор гурван жилийн өмнөөс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Өнөө жил тус аяныг зүрх судасны өвчнөөр улсын дунджаас өндөрт тооцогддог Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 2019 оны 6-р сарын 21-нээс 7-р сарын 2-ныг хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд тус аянд оролцоод ирсэн эмч нарын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-д оролцсон эмч нар юу хэлэв?

Г.Бадамцэцэг: Давс хеликобактерийн хавдар үүсгэх чанарыг маш ихээр ихэсгэдэг

(УГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч)   

-Баруун бүсийн аймгуудад зүрх судасны өвчлөл өндөр байгаа шалтгааныг та юутай холбоотой гэж үзэж байна вэ? 

-Бусад аймагтай харьцуулахад цусны даралт ихсэх өвчний бүртгэгдсэн байдал баруун бүсэд илүү өндөр байна. Баруун бүсийн онцлог нь цусны даралтын эрсдэлт хүчин зүйл давсны хэрэглээ үнэхээр өндөр. Зүрх судасны өвчний хүндрэл өгөөд байгаа шалтгааныг би үүнтэй холбоотой гэж үзэж байна. Ялангуяа Баян-Өлгий аймагт давсны хэрэглээ маш өндөр байна. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээ 5 гр байдаг бол Өлгийд очоод анзаарч байхад 5 гр-ыг зөвхөн боов, талхнаасаа л авчихдаг болов уу гэж санагдсан. Хоол цайнд нь давс маш өндөр агууламжтай байна.

-Үзлэгийн явцад иргэдэд ямар эрсдэл, өвчлөл түгээмэл ажиглагдав?

-Увсад эрт илрүүлгийн үзлэг хийхэд иргэдийн цусны даралтын түвшин харьцангуй гайгүй байлаа. Даралт нь ихэсдэг ч хяналт сайтай, эмээ тогтмол уудаг, хэвийн даралттай. Ховдод иргэдийн даралтаа хэмжиж, хянах байдал жаахан тааруу санагдсан. Харин Баян-Өлгийд өндөр даралттай хүмүүс маш их байлаа. Эмийн тунгийн зохицуулалт нь ч муу байгаа байдал ажиглагдсан. Үндэсний уламжлалт хоол нь маш их давстай байна. Өндөр даралттай залуучууд ч нэлээд үзүүлж байна. Таргалалт бас их байгаа нь харагдлаа.

-Иргэдэд ихэвчлэн ямар зөвлөгөө өгч байна?

-Давсны хэрэглээгээ багасгах талаар хүмүүст ойлгуулахыг хичээж байна. “Дэлхийн түвшинд танай аймаг давсны хэрэглээгээрээ хамгийн өндөрт хүрчихээд байна. Энэ зан үйлээ өөрчлөхгүй бол ирээдүйд танай гэр бүлийн хайртай дотны хүмүүс эрсдэлд орж болзошгүй юм. Үүнд айлын эзэгтэй, эмэгтэй хүний үүрэг маш их гэдэг талаас нь мөн хэллээ. Тархины цус харвалтаараа манай улс дэлхийн түвшнээс дөрөв дахин өндөр байна, ходоодны хавдраараа дэлхийд хоёрдугаарт орчихоод байна. Залуучууд давсны хэрэглээгээ багасгая, ойлголоо гэж хэлж байна. Хүүхдүүд ээ хайрлая, ирээдүйг нь бодоод давсаа багасга гэхээр хүмүүс ойлгож хүлээж авч байна. Хеликобактерийн зарим омог нь хавдар үүсгэх чанартай. Давс хеликобактерийн хавдар үүсгэх чанарыг маш ихээр ихэсгэдэг. Тэгэхээр давсны хэрэглээтэй холбоотой хавдар мөн энэ аймгуудад өндөр байна. 

-Даралт ихсэлттэй холбоотойгоор хүний биед ямар ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

-Олон жил даралт ихсэлттэй явснаар хамгийн түрүүнд зүрх гэмтэнэ. Өндөр даралтыг шахсаар байгаад зүрхний зүүн ховдол эхлээд томордог. Олон жил ингэж хүчтэй ажилласнаар сүүлдээ зүрхний хөндийнүүд тэлдэг. Тэлнэ гэдэг маань зүрх өөрөө агших чадвараа алдана гэсэн үг юм. Цусаа гүйцэд шахаж чадахгүйгээс цусны эргэлтийн алдагдал гээд бүх биеэр хаван үүсдэг, хэвлийн хөндийд шингэн үүсдэг. Дотор эрхтэнд өөрчлөлт орж, элэг томордог, шарлалт үүсдэг зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн бай эрхтэнүүд гэж ярьдаг. Даралт ихсэлтийн 3 дахь үе шатанд бөөр гэмтдэг, хэмжээгээрээ жижгэрч, үйл ажиллагааны алдагдал буюу бөөрний дутагдалд ордог. Нүдэнд мөн өөрчлөлт гардаг. Нүдний судас нарийсдаг. Тархины судсанд бас өөрчлөлт өгнө. Цусны даралт ихсэлтийн хүндрэл нь тархины цус харвалтын гол шалтгаан болдог.

С.Билэгт: Амьдралын хэв маяг, дадал үйлээ өөрчлөхгүй бол эрсдэл байсаар л байна

(УГТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч, дотрын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, зүрх судлалын их эмч)

-Аяны хүрээнд иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийсэн. Эдгээр аймагт эрсдэл ер нь ямар түвшинд байна вэ?

-Эрсдэлийг тодорхойлохдоо бид эрсдэлийн үнэлгээний дагуу асуумж бөглүүлж авсан байгаа. Энэ нь олон улсад байдаг, тогтчихсон үнэлгээний аргачлал юм. Засаж болох эрсдэл, засаж болохгүй буюу эерэгшихгүй эрсдэл гэж бий. Увс, Ховдыг бодвол Баян-Өлгийд артерийн даралтын түвшин өндөр юм. Даралтны эмээ уудаг боловч яг тохиромжтой эмийг эмийн хавсарсан хэлбэрээр биш, амсах төдийгөөр буюу хааяа нэг хэрэглэж байна. Монголчуудын дунд түгээмэл байдаг, дасгал хөдөлгөөн хийдэггүй, таргалалттай, давс, өөх тосны хэрэглээ өндөр зэрэг түгээмэл тохиолдох эрсдэлүүд маань ялгаагүй л аль аль аймагт байна. Баян-Өлгийнхний хувьд давсны хэрэглээ арай өндөр болоод тэр үү, эмээ уудаг мөртлөө л 200 гарсан даралттай ч хүн байлаа.

Увс, Ховдод хамгийн ихдээ 160-170-тай даралттай хүмүүс үзүүллээ. Өмнөх жилүүдэд бид бүхэн цусны даралт ихсэлтээрээ өндөрт тооцогддог хангайн бүсийн аймгуудаар явсан. Тэнд Баян-Өлгийнхөнтэй адил 200 гарсан даралттай хүн ирж байсан шүү.

-Даралт өндөр хүмүүст та бүхэн ихэвчлэн ямар зөвлөгөө өгөв?

-Манайхан даралт ихсэх өвчин гэдгийг зүрхний даралт, бөөрний даралт гэж бодоод бөөр зүгээр үү, зүрх зүгээр үү гэдэг. Түүнийхээ эмчилгээг хийлгэчихээд эм уухгүй, хяналтгүй яваад байдаг. Гэтэл даралт ихсэлт гэдэг бол бүх биеэр цусаа түгээж байгаа тараагуур судас буюу артерийн судасны өвчин. Энэ өвчин маань амин чухал эрхтэнүүд, тархи, гол судас, бөөр, зүрх, чацархай, захын судсаа гэмтээдэг. Даралт ихсэлттэй холбоотойгоор зүрх, бөөрөнд өөрчлөлт илэрсэн бол өвчин хүндэрч байгааг илтгэж буй. Цочмог, архаг хүндрэлүүд үүсгэдэг. Ийм ийм учраас та бүхэн сэргийлээч ээ гээд хүмүүст тайлбарлаад хэлэхээр их сонирхож байна. Түүнээс биш энэ эмээ л уух ёстой, ийм ийм дэглэм сахь гэхээр хүмүүсийн ой тойнд нэг их бууж өгөхгүй байх шиг.

-Цусны даралт л гэж яриад байдаг. Яг ямар процессийг хэлдэг юм бэ?

-Судсан дотор чинь эргэлдэж байгаа цус судасныхаа хананд үзүүлээд байгаа хүчийг даралт гээд байгаа юм. Даралтнаас болоод судас чинэрч байгаад хагардаг. Цочмог хүндрэл нь тархинд харвалт өгдөг. Хамраас цус гардаг. Нүдний торлог руу цус харваад сохрох аюулд хүргэдэг. Гэтэл цочмогоор хүндрэхгүй боловч судас чинэрсээр, язарч гэмтээд, эргэж эдгэхээрээ сорвижиж, хана нь зузаарч, сүв нь нарийсдаг. Ингэж явсаар цаг хугацааны  явцад эрхтэнүүдийг цусан хангамжийн хомсрол үүсгээд судсыг нь нарийсгаад байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсэхээс сэргийлээд л эмээ байнга уугаач ээ гэж иргэдэд зөвлөж байна.

-Улсын гуравдугаар төв эмнэлэгт баруун аймгуудаас хэр олон хүн ирдэг вэ?

-Ихэвчлэн яаралтайгаар хүндэрсэн хүмүүс их ирдэг. Би жижүүрт сардаа 1-2 удаа гардаг юм. Тэгэхэд төвийн болон хангайн бүсийн аймгуудаас маш их хүн ирж байна. Гэтэл зарим нь уг гарал угсааг нь хөөхөөр баруун аймгуудаас төвийн бүс рүү суурьшчихсан, Увсаас нүүдэллэсэн хүмүүс байх жишээтэй. Амьдралын хэв маяг, дадал үйл нь хэвээрээ, өөрөөр хэлбэл, давс, өөх тосны хэрэглээ өндөр байгаа учраас л эрсдэл нь буурахгүй байсаар байна.

Т.Баасандорж: Давсны өндөр хэрэглээтэй хүүхдийн ирээдүй даралт ихсэлттэй болох нь тодорхой

(УГТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн  их эмч,  Гэр бүл судлалын магистр, мэдрэл судлалын  их эмч)

- Увс, Ховд, Баян-Өлгий аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжлээ. Энэ жилийн аяны талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ жилийн онцлог гэвэл эдгээр гурван аймагт давсны хэрэглээ их өндөр. Цайндаа маш их давс хэрэглэж байна. Давс шингэнийг өөртөө маш их хэмжээгээр татдаг учраас даралтыг зайлшгүй ихэсгэдэг нэг хүчин зүйл шүү дээ. Тиймээс энэ чиглэлээр голчлон хүмүүст зөвлөгөө өглөө. Цайгаа ядаж давсгүй уудаг болооч ээ гэдэг мессеж өгөхийг зорилоо. Насанд хүрсэн хүний хоногийн давсны хэрэглээ 5 гр, гурван настай хүүхдийнх 3 гр-аас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл баруун аймгийнхны давсны хэрэглээ гурав дахин өндөр. Манайхан гурван настай хүүхдэдээ тусад нь хоол хийж өгдөг бил үү. Нэг тогооноос хоол, цайгаа идэж ууж байгаа учраас хүүхдүүд тав дахин их буюу 15 гр давс хэрэглэж байх жишээтэй. 2-3 настайгаасаа ийм өндөр давсны хэрэглээтэй байгаа юм чинь магадгүй тэр хүүхдийн ирээдүй 10-20 жилийн дараа даралт ихсэлттэй байх нь тодорхой болчихож байгаа юм.

-Та бол мэдрэлийн эмч хүн. Цусны даралт ихсэх өвчин маань мэдрэлд яг яаж нөлөөлдөг юм бэ?

-Мэдрэлийн өвчний тухайд яг биеэ даасан өвчнүүд маш ховор байдаг. Дандаа ямар нэгэн өвчний суурин дээр үүсдэг. Жишээ нь, даралт ихсэлтийн хүндрэл нь тархины харвалт байдаг. Тэгэхээр зүрх судасны өвчинтэй бид зайлшгүй тэмцэх ёстой. Зүрх судасны өвчин буурч байж тархины харвалт багасна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Баруун гурван аймагт тархины харвалт өндөр байна уу?

-Баруун гурван аймаг ч тэр, ер нь Монгол орон тархины харвалтын тоогоороо дэлхийн хэмжээнд өндөрт тооцогддог арван орны нэг. Энэ нь манай улсад зүрх судасны өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм.

-Даралт ихсэх өвчнийг төдийлөн ноцтой гэж боддоггүй, эмээ уугаад явдаг хүн маш олон бий. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Хүмүүс тоодоггүй юм л даа. Хүндрэл гарчихсан хойно энэ нь эргээд нийгэм, ар гэр, бүгдийг айдаст автуулдаг. Ялангуяа тархины харвалт. Маш богино хугацаанд шинж тэмдэг илэрдэг, заавал хэн нэгний асаргаа сувилгаа шаардлагатай болдог. Эмчилгээний хувьд нэлээд хугацаа ордог. Бид энэ гурван аймагт ажиллахдаа хэд хэдэн хүнд гэрээр очиж үзлэг хийн, зөвлөгөө өглөө. Заримынх нь хувьд асаргаа сувилгаа хэдийнэ хожимдчихсон байсан. Гэсэн ч бид шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангалаа. Зарим нэг өвчтөн харвахаасаа өмнө давсны хэрэглээгээ бууруулчихсан байсан. Гэхдээ өвдсөн хойноо биш, аль болох хүндрэл өгөхөөс өмнө зүрх судасны эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Бидний аяны гол зорилго бол зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах гээд байгаа юм. Үүнд дасгал хөдөлгөөнтэй байх, өөх тосны хэрэглээгээ бууруулах, давсыг багасгах, архи тамхийг хэрэглэхгүй байх, стрессгүй байх зэрэг хүчин зүйл багтдаг. Эдгээр нь чихрийн шижин, тархины харвалт, зүрх судасны өвчин, даралт ихсэлт зэрэг маш олон өвчний үндсэн эх сурвалж нь болдог учраас амьдралын дадал хэвшлээ зайлшгүй өөрчлөх нь чухал.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.