1
Cicada 3301
Энэ нь бодит тест байсан уу эсвэл хэн нэгний тоглоом байсан уу гэдэг нь одоо хүртэл эргэлзээтэй. Энэ бүгд 2012 онд алдарт 4chan форум дээр нэгэн учир битүүлэг зураг бүхий пост гарч ирснээр эхэлсэн юм. Тэрхүү пост дээр:
"Сайн байцгаана уу. Бид оюун ухааны өндөр чадамжтай хүмүүсийг хайж байна. Үүний тулд бид цоо шинэ тестийг зохиосон юм. Энэхүү зурган дээр нэгэн нууц мессеж байгаа. Тэр мессежийг олж чадсанаар та бидэнтэй холбоо тогтоох боломжтой. Биднийг олж ирж чадах гайхалтай ухаалаг хүмүүсийг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье. 3301" гэсэн байжээ.
Эхний хэдэн сарын турш хэд хэдэн хүн зурагны нууцыг тайлсныг зарласан бөгөөд нэг жилийн дараа постын эзэн дахин гарч ирж, шинэ "тааврууд" үлдээсэн байна. Тааврууд нь интернет, гар утас, хөгжим, Линукс үйлдлийн системийн файл, дижитал зураг гээд төрөл бүрийн хэрэгслээр дамжиж байсны зэрэгцээ уран зохиол, яруу найраг гэх мэт урлагийн төрлүүдийг хамруулсан сэдэвтэй байжээ.
Зарим нь бүр тодорхой газар биеэр очиж байж тааврын нууцыг тайлах даалгавартай байв. Тэдгээр газрууд нь АНУ, Австрали, Орос, Испани, Франц, Польш, Японд байсан аж.
Харин 2016 оноос хойш шинэ даалгавар дахин цацагдаагүй байна. Энэхүү даалгавар нь тоглоом байсан уу эсвэл өөрт хэрэгтэй байгаа гайхалтай ухаалаг хүний олж чадсанаар зогссон уу гэдэг нь одоог хүртэл эргэлзээтэй.
2
Улаан өрөө (Red room)
Интернетийн бүхий л цуу яриа, нууцууд "darknet"-ээс эхтэй байдаг. Тэгвэл нэгэн хэрэглэгч darknet дахь групп чатанд оролцож байхдаа бараг хэн ч нэвтэрч чадахааргүй нууц хуудсыг олсон болохоо зарлаж байв.
"Улаан өрөө" хэмээх нууцлаг хуудсыг ажиллуулагч нь үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хүмүүсийг өрөөнд хорьж, тамлан зовоож, эцэст нь хөнөөдөг хэмээн тэрхүү нэрээ нууцалсан хэрэглэгч мэдээлжээ. Тодруулбал тэрбээр "Улаан өрөө"-нд амжилттай нэвтэрч, шууд дамжуулж буй бичлэгийг үзсэн бөгөөд бичлэг дээрх хүн хохирогчийг зодож, бүх мөчийг нь таслаад дараа нь хүчиндсэн гэнэ. Өрөөнд тусламж, өршөөл гуйсан өөр хүмүүс байсан бөгөөд харин бусад үзэгч нар илүү их цус үзэхийг хүсч байжээ.
Бодит "Улаан өрөө"-г өөр хэн ч олж чадаагүй бөгөөд харин хуурамчийг нь хийж, мөнгө олсон хүмүүс мэр сэр байсан юм.
3
Вайомингийн хэрэг
1987 онд энэхүү бичлэгийг хэн нэгэн телевизийн нэвтрүүлгийн дундуур тавьжээ. Тодруулбал зурагтын дүрс гэнэт алга болж харин оронд нь :
333-333-333
We Present
A SPECIAL
PRESENTATION гэх үгс гарч ирсэн гэнэ. Харин дараа нь "Та гайхалтай зүйлийг харах болно" гэсэн бичиг гарч иржээ. Зургийн хамт маш таагүй дуу авиа сонсогдож байв. Бүх зүйл 6 минутын турш үргэлжилсэн бөгөөд тэр хугацаанд хүний нүүрнээс гадна төрөл бүрийн үг, өгүүлбэр ээлжилж гарчээ. Жишээлбэл:
"Чи яагаад үзэн яддаг вэ?"
"Чи өвдөж байна уу?"
"Бид зүгээр л чамайг өөрчлөхийг хүсэж байна"
"Бид хаалганы чинь ард зогсож байна" гэх мэт.
Үүнийг дагаад бичлэгийг үзсэн хүмүүс галзуурсан гэх мэт олон худал цуу яриа дэгдсэн ч гэсэн хэн үүнийг гаргасан, ямар зорилготой байсан болох нь одоо ч тодорхой бус байгаа юм.
4
Хүний амь насанд аюултай компьютерийн вирус
Компьютерийн вирус хүний амь насыг хороох магадлалтай гэсэн хоёр алдартай цуу яриа бий. Хамгийн анх үүнтэй холбоотой явдал Хойд Солонгост тохиолдсон гэнэ. Хэдийгээр тус улсад цахим сүлжээний хэрэглээнд маш их хяналт, хязгаарлалт тавьдаг хэдий ч Хойд Солонгосын хакерын багийнхан АНУ эсвэл Өмнөд Солонгосоос илгээсэн компьютерын вирусээс болж амь насаа алдсан гэх яриа бий.
Харин хоёр дахь вирус нь 666 нэртэй бөгөөд 666 байт хэмжээтэй байсан гэнэ. Уг вирус нь видео файлуудад нэвтэрч, 25 дахь кадрыг тусгай өнгөөр өөрчилдөг аж.
Эдгээр өөрчлөгдсөн өнгө нь хүмүүсийн сэтгэл санаа, бодол, оюун ухаанд сөргөөр нөлөөлж эцэст нь амь насыг авдаг гэнэ.