1
Татвар эм гэж хэн бэ?
Хориотой хот дахь ихэнх эмэгтэйчүүд аягач, шивэгчний үүрэг гүйцэтгэдэг байсан ч эзэн хаанд аль болох олон хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй татвар эмс бас олон байсан бөгөөд тэд атаа хорслоор дүүрэн тэрхүү ертөнцөд ганцаардал дунд насыг барах ажээ. Тэд ордны гүнд бусдаас тусгаарлагдан амьдардгаас гадна ордноос гарахыг хатуу хориглодог байв. Эрэгтэй хүүхэд төрүүлвэл зэрэг дэвшин, хааны гэр бүлийн нэг хэсэг болно.
Бүр Алтан улсын үеэс л ордны авхай болох сайхан бүсгүйг сонгох шалгуур үе дамжин уламжлагдаж иржээ. Жишээ нь, Мин улсын үед, ямар ч гэр бүлийг сонголт шалгаруулалтаас чөлөөлдөггүй байсан ба гэрлэсэн эсвэл ямар нэг өвчтэй, эрэмдэг биш л бол бүх гэрлээгүй, залуу охидыг уг шалгаруулалтад хамруулдаг байв.
Харин Чин улсын Эеэр засагч хаан (1638-61) Монгол, Манж зэргийг хамруулсан “Найман хязгаар”-ийн ардууд дундаас зөвхөн сонголтоо хийж эхлэснээр ихэнх Хан үндэстний бүсгүйчүүдийг сонголтын гадна үлдээж эхлэсэн байдаг.
Татвар эм шалгаруулах явцыг дэлгэрүүлвэл, эхлээд Сангийн яамнаас нийслэл болон мужууд, хязгаар нутгуудад суух төлөөлөгч нарт дайчлах мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь тухайн төлөөлөгч нутагтаа буй бүхий л боломжтой эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж Бээжин рүү илгээдэг байжээ.
2
Шалгуурууд
Чин улсын үед нутаг нутгаас ирсэн охидыг товлосон өдөр шалгаруулалтад оруулахаар Хориотой хотын Шэньву хаалганы өмнө цуглуулдаг байсан. Тэднийг эцэг эх эсвэл ойрын хамаатнууд нь болон төлөөлөгчид, нутгийн захирагчид нь дагалдан ирнэ.
Нийгмийн гарал нь давуу тал болохгүй бөгөөд энгийн ардын дундаас ч татвар эмсийг сонгодог байсан хаад багагүй байв. Зөвхөн их хатныг л заавал өндөр дээд язгууртан гаралтай гэр бүлээс сонгодог байжээ.
Ингээд тэднээс зуу гаруй тооны охидыг сонгож, ордны авхай нарыг бэлдэх, удирдах чиглэлээр мэргэшсэн хэсэг эмэгтэйчүүдтэй хамт хэд хонуулна. Тэдгээр эмэгтэйчүүд, сонгогдсон охидын биеийг арьсны өвчин, биеийн үс, үнэр зэрэг бүх талаар нь шалгадаг.
Уг шатыг давсан охидод хэрхэн биеэ авч явах, ярих, алхах зэргийг заана. Мөн зураг зурах, унших, бичих, шатар тоглох, бүжиглэх зэргийг сургадаг.
Эцэст нь тэдгээр охид эзэн хааны ээж Хатан эхэд үйлчилж хэсэг хугацааг өнгөрөөнө. Цаашид, унтаж байхдаа хурхирах, үнэр гаргах, зүүдэндээ явах, ярих зэрэг муу зуршилтай эсэхээ шалгуулна.
3
Нарийн сонголт
1621 онд Мин улсын хаан Тяньци татвар эмс сонгохын тулд улс даяар 13-16 насны 5000 гаруй охидыг цуглуулахаар тайгануудыг илгээж байжээ. Эхний үед, 100-гаараа эгнэн жагсаж тэдний дундаас мянган охид хэт өндөр, нам, тарган, туранхай зэрэг шалтгаанаар хасагдсан ба дараа өдөр нь тайганууд тэдний бие, хөдөлгөөн, биеэ авч явах байдал зэргийг шалгаад талбайг 2000 хүнээр цөөрүүлсэн аж. Гуравдах өдөр нь хөл гар биеийн гунхалзах хөдөлгөөнийг шалгаж дахин 1000-г хассан байна. Үлдсэн охид нь шалгалтаар орж дахин 700 нь хасагдана.
Ингээд сүүлийн 300 нь ордонд байлгаж сар гаруй хугацаанд оюун билиг, сайн чанаруудаа харуулан, зан ааш, төлөвшлийн шалгалтад орно. Шилдэг 50 эмэгтэйг тооны ухаан, уран зохиол, урлагийн талаас нь шалгаж жагсаадаг. Хамгийн сайн 3 нь татвар эмс дундаас хамгийн өндөр хэргэм зэргийг хүртдэг.
Энэ бүх шалгалтын дараа цөөн хэд нь л эзэн хааны нүдэнд өртөж түүний таашаалыг хүлээдэг. Олонх нь амьдралаа ганцаардал дунд өнгөрөөх ба мэдээж атаархал газар авсан байдаг. Түүхийн энэхүү үед Хятадад гоо үзэсгэлэн бол аз завшаан гэхээсээ илүүтэй хараал мэт байжээ.
4
Татвар эмсийн өдөр тутмын амьдрал
Мэдээж эдгээр татвар эмс эзэн хаанаас өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хатуу хориглодог байсан.
Тэдний өдөр тутмын амьдралыг ордонд маш их нөлөө бүхий байр суурьтай тайганууд хянаж байдаг. Тэд эзэн хааныг унтлагын өрөөнд нь ирэхээс өмнө усанд орж, эмчид үзүүлсэн байх ёстой. Хааны хэдэн зуу, хэдэн мянган татварууд дундаас хааны ирж зочилсон ямар ч татвар эм тэр даруй атаархлын бай болдог байв. Тэд бүгд өөрийн өрөөтэй байх ба нүүрээ будах, оёдол хийх, урлагийн төрлүүдээр хичээллэх болон бусад татвар эмсийн өрөөгөөр зочлох зэргээр өдрийг өнгөрөөнө. Зарим нь эзэн хаантай огтхон ч уулзалгүй бүх насыг барах нь бий.
5
Шатлан захирах ёс
Чин улсын үед хэргэм зэргийн эрэмбэ нь адил боловч татвар эмс авах тоо нь эзэн хаан бүрт адилгүй байв. Хааны эхнэр болох Хатан хаан (Хуанхоу) болон хааны ээж Хатан эх хоёр хэргэм зэргийн хувьд тэнцүү. Хатан эх бол доод тал нь хоёр хааны хаанчлалын үед амьдарсан байдаг.
Дараагийн шатлалд, нэг л хүнийг Их хатан (Хуан Гуйфей) гэж нэрлэдэг байсан. Түүний дараа, 2 эмэгтэй Дунд хатан (Гуйфей) хэргэмтэй байх ба дараа нь 4 эмэгтэй Бага хатан (Фей) хэргэмтэй. Дараа нь хааны татвар эмс (Пинь) орох ба 6 эмэгтэй ийм хэргэмтэй байсан.
Ордон дахь бусад татвар эмс нь тооны хувьд хязгааргүй бөгөөд, хэргэм зэрэг доогуур бол өөрийн гэсэн өрөөгүй, бөөнөөрөө амьдардаг байжээ.
6
Олон эхнэртэй байх ёс
Олон эхнэр авах ёс нь хөрөнгө чинээ бүхий дээгүүр зиндааны хятад эрчүүдийн дунд түгээмэл зүйл байсан ба энэ нь эрэгтэй хүний хүч чадал, баян тансагийн баталгаа гэж үздэг байсан.
Удам залгах үр хүүхэд төрүүлэх нь онцгой ач холбогдолтой зүйл бөгөөд Күнзийн сургаальд эр хүний гэр бүлээ авч явах, удирдах чадварыг “их сургууль, их ухаан” зэргээр нэрлэсэн байдаг. Эзэн хааны хувьд хаан ширээг залгамжлагч нь тэргүүн зэргийн ач холбогдолтой.
Хятадын олон эхнэртэй байх 4 үндсэн зарчим:
1. Анхны эхнэр болон бага эхнэрүүдийн хоорондох хатуу ялгаа
Анхны эхнэр бол бусад бүх эхнэрүүдийн удирдагч. Тэрээр бусад эхнэрүүдийг дэг журам сахиулж, эв найртай байхад анхаарна.
2. Хардаж, атаархаж болохгүй
Эмэгтэйчүүд, ялангуяа анхны эхнэр нь сэтгэл хөдлөлөө үргэлж дарж байх ёстой. Илүү том зорилгын төлөө амьдарч байгаа хэмээн итгэх нь тэднийг атаархал, хардалт зэрэг мэдрэмжийг давахад тусалдаг байна.
3. Туйлшрах нь олон эхнэртэй гэрлэлтийг тогтворгүй болгоно
Нөхөр нь аль нэг эхнэрээ илүүд үзэж болохгүй, мөн аль ч эхнэр нөхрөө давуу эзэмших ёсгүй. Бүх эхнэртээ эн тэнцүү хандах ёстой ба хэн нэгэнд нь хэт давуу, сайн хандаж болохгүй.
4. Маш хатуу хэргэм зэргийн тогтолцоо
Бүхий л хаадын үед хааны эхнэрүүдэд өгдөг өөр өөр зэрэг дэв гэж байсан. Их хатан хамгийн дээд бөгөөд бусад нь түүний дараа жагсдаг. Ихэнх нь доогуур зэрэгтэй байсан ба хэргэм зэргийг шинэ эхнэр ордонд орох зэрэг тусгай цаг үед тогтоодог байжээ.
7
Эзэн хааны сексийн амьдрал
Эзэн хааны сексийн амьдралыг зохион байгуулах нь бүхий л Хятад улсын сайн сайхантай холбоотой гэж үздэг байж. 10-р зууны үеийн Хятадын цаг тооны бичгүүд ихэнхдээ ийм зорилгоор ашиглагддаг байсан. Татвар эмс эзэн хаантай шөнийг өнгөрөөх нарийн хуваарьтай байсан ба тусгай бичээчид хааны сексийн амьдралын талаар тэмдэглэлийг хөтөлдөг байжээ.
8
Сарны тоолол
Хятад болон бусад Азийн орнуудад, хүүхдийг төрсөн цагаас бус эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь насыг нь тооцдог. Эртний Хятадууд эмэгтэй хүн тэргэл сарнаар хүүхэд олох магадлал илүү их, учир нь Ин буюу эмэгтэй тал Ян буюу эзэн хаантай нэгдэх хангалттай хүчтэй болсон байдаг гэж итгэдэг байжээ.
Хатан хаан болон бусад хатад бүтэн сартай шөнө болох үеэр хаантай шөнийг өнгөрөөх ба энэ нь эрэлхэг зоригтой үр хүүхэд төрүүлэхэд нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой. Татварууд нь хэргэм зэрэг багатай бол шинэ сар гарах үеэр л хаантай учрах боломж олдоно.
9
Хамгийн их хайрлагдсан татвар эмийн хувь тавилан
Татвар эм Жэнь нь 1899 онд Бадаргуулт төр хааны үед 13 настайдаа ордонд оржээ. Тэрээр, Ци Ши хатны зээ охин болох их хатан Лон Юүгийн доорх, эзэн хааны их татвар эмээр өргөмжлөгдсөн бөгөөд үзэсгэлэнтэй, ухаалаг нэгэн байв. Хааны хайртай бүсгүй болохын хувьд нэр нөлөө сайтай болж, “Сувдан хатан” гэж алдаршсан тэрээр дүрэм журамд нэлээд дургүй нэгэн байжээ. Түүнийг нэг л өдөр төрд тэрсэлж, аюул дагуулна гэж үзсэн Ци Ши хатан Жэнийг шийтгэх янз бүрийн шалтаг хайх болсон байна.
1900 оны 6 сарын 20-нд, Найман Үндэстний Холбоо Бээжин хотыг бүслэхэд Ци Ши хатан эзэн хааныг дагуулан Сиань хот руу зугтжээ. Гэхдээ явахаасаа өмнө Жэний гоо үзэсгэлэн бусдын анхаарлыг татаж, хааны гэр бүлд аюулд учруулна, түүнчлэн босогч цэргүүдэд баригдаж бузарлуулсан тохиолдолд төрийн гутамшиг болно хэмээн шалтаглаж түүнийг амиа егүүтгэхийг тушаажээ.
Жэнь үүнд нь татгалзаж, эзэн хаантай уулзуулахыг шаарджээ. Харин Ци Ши хатан тайгануудад тушаал буулгаж, түүнийг Нинся ордон дахь худагт живүүлэн хороосон хэмээн түүхэнд бичигджээ.