Онгоцоор зорчигчдын аюулгүй байдал нь аливаа агаарын тээврийн компанийн амжилтын гол үндэс юм. Агаараар зорчих журам дэлхийн хаана ч хатуу бөгөөд Британид болсон нэгэн үйл явдлын дараа тэр нь бүр ч хатуу болжээ.
Британийн цагдаа нар нэг удаа шингэн тэсрэх бөмбөг ашиглан онгоц дэлбэлэхээр төлөвлөсөн террористуудыг баривчилсан юм. Террористууд шингэн тэсрэх бөмбөгийг ундааны саванд хийн орсон байжээ.
Тэсрэх бодис үйлдвэрлэхэд маш бага хэмжээний буюу нэг литр ус л хангалттай байдаг аж.
Энэхүү явдлын дараа агаарын хөлгөөр шингэн тээвэрлэх явдалд хатуу хязгаарлалт тогтоох болсон байна. Шинэ журмын дагуу зөвхөн ус төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүн, тэр ч байтугай шүдний оо зэргийг хориглох болжээ.
Одоо үед онгоцонд авч орохыг зөвшөөрөх шингэн зүйлс нь хүүхдийн нэмэлт тэжээл, 100 мл хүртэл хэмжээтэй ус эсвэл эмчийн заавраар өгсөн шингэн эм зэрэг юм.
Гэхдээ зарим шалтгааны улмаас дээрх хориг нь "duty free" буюу татвараас чөлөөлөгдсөн бүтээгдэхүүнүүдэд хамаарахгүй бөгөөд баталгаатай "duty free" дэлгүүрээс авсан бол нэг литр ус, жүүс, согтууруулах ундаа авч явахыг зөвшөөрдөг аж. Хамгийн гол нь авсан барааг битүүмжилсэн, савалгаа нь бүтэн байх хэрэгтэй бөгөөд хэрвээ бүтэн биш бол нисэх буудлын ажилтнууд тэдгээрийг хураах болно.
Сонирхолтой нь Итали, Нидерландаар зорчиж буй хүмүүст энэ тал дээр санах зовох зүйл байдаггүй. Учир нь тус хоёр орны нисэх онгоцны буудлуудад тусгай сканнер суурилуулж, тээвэрлэж буй шингэний найрлагыг тогтоодог болжээ. Гэхдээ ийм төхөөрөмжийг удахгүй бусад орнуудын буудлууд ашиглаж эхлэх бөгөөд үүний ачаар шингэн тээвэрлэлтийн хориог цуцлах боломжтой болох аж.