1
Нанси Уэйк (Nancy Wake): “Цагаан хулгана” хочит тагнуулч
Нанси Уэйк нь Дэлхийн 2-р дайны үед Францын эсэргүүцлийн хөдөлгөөний гол нөлөө бүхий хүн байв. Тиймдээ ч түүнийг барихыг хүссэн Германчууд толгойг нь 5 сая франкаар үнэлж байжээ. Гэсэн ч Нанси маш сайн бултаж, хэнд ч баригддаггүй байсан тул Гестапогийнхан бүсгүйг “Цагаан хулгана” гэж хочлох болсон аж.
Тэрбээр нэгэн удаа нацистуудын сүйтгэсэн утасгүй сүлжээний системийг засахын тулд Германы шалган нэвтрүүлэх цэгээс цааш 500 км нэвтэрч байсан гэдэг. Улмаар бүсгүй ажлаа амжилттай дуусгаад Британи руу зугтаж очоод "Тусгай ажиллагааны газар"-т элсжээ.
Нанси дараа нь эзлэгдсэн Оверн мужид шүхрээр бууж Тронсэсийн ойд бүгсэн нутгийн эсэргүүцэх хүчинд зэр зэвсгийн болон мэдээллийн тусламж үзүүлсэн байна. Түүний ачаар босогчид 100-хан хүний хохиролтойгоор "SS"-ийн 1300 цэргийг устгаж чаджээ. Мөн бүсгүй тухайн үед "SS"-ийн харуулыг нүцгэн гараараа хөнөөж байсан юм.
Гэвч дайн дууссаны тэрбээр нөхрөө Гестапогийнхны гарт амиа алдсаныг мэджээ. Нөхөр нь байцаагдаж байх үедээ түүний байгаа газрыг хэлэхээс татгалзсанаас болж тамлуулан амиа алдсан байна.
2
Мата Хари: Тагнуулч бүжигчин бүсгүй
Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулчдын нэг бол яах аргагүй Мата Хари юм. Нидерландын үзэсгэлэнт бүжигчний жинхэнэ нэр нь Маргарета Гертруида Зелла (Margaretha Geertruida Zelle) бөгөөд тэрбээр 1905 онд карьераа эхлүүлсэн даруйдаа хагас нүцгэн хувцаслалт, тачаангуй байдлаараа тэсрэлт хийж чадсан юм. Өөрөөр хэлбэл, бусдын оюун санааг ховстох мэт бүжгийн хөдөлгөөн нь түүнийг Берлин, Вена, Мадрид хотуудад олон тооны шүтэн бишрэгчидтэй болгожээ. Улмаар бүсгүйн алдар нэр цэргийн болон улс төрийн асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлэхэд нь тусалсан байна.
1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Европ тивийг донсолгож байсан ч Мата эрх мэдэлтэй танилуудынхаа тусламжтайгаар Европоор чөлөөтэй хэсүүчилдэг байв. Түүний хэрхэн ажилладаг байсан нь тодорхойгүй боловч 1917 онд Францчууд бүсгүйг Германчуудын талд ажилласан хэмээн буруутгаж Британийн тагнуулын мэдээг нотолгоо болгон ашиглаж байжээ. Харин Мата Бельги улсад Францын тагнуул хийсэн гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Францчууд түүнийг өөрсдөд нь илгээсэн мэдээллээ Герман руу давхар явуулж, хоёр талд ажилласан гэж үзсэн юм. Улмаар тэрбээр 1917 онд буюу 41 насандаа баривчлагдаж, буудуулж цаазлуулах ял сонсжээ.
3
Этель Розенберг (Ethel Rosenberg): Хүйтэн дайны үеийн тагнуулч
Этель Розенберг болон түүний нөхөр Юлиус нар 1953 онд цөмийн зэвсгийн мэдээллийг Орос руу дамжуулсан гэх хэргээр буруутгагдаж, цахилгаан сандал дээр цаазаар авахуулж байжээ.
Тодруулбал, бүсгүйг ахынхаа атомын зэвсгийн нууц тэмдэглэлийг хулгайлж, хуулж бичээд гадагш гаргасан гэж буруутгасан аж. Ингээд 1950 онд Холбооны Мөрдөх Товчооныхон тэднийг бусад тагнуулчдын хамтаар улсаасаа урвах хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн барьжээ. Хэдийгээр хосууд цагдан хоригдож байх хугацаандаа хэргээ хүлээлгүй эсэргүүцсэн боловч Этелийн ах болон өөр бусад хүмүүс гэм бурууг нь нотолсноор тэд цаазын ял сонсоход хүрсэн юм.
Улмаар хосууд 1953 оны зургадугаар сард хэрцгийгээр цаазлуулахад ихэнх хүмүүс тэднийг анти-семитизмийн (Еврейн эсрэг үзэл) золиос гэж харж байв. Хожим Нобелийн шагналтан Жан-Пол Сартр тэдэнд тохиолдсон явдлыг “Бүх л үндэстний хэмжээнд цусан толбо үлдээсэн шүүхийн шийдвэр байсан” гэж хэлж байжээ.
Мөн хамгийн харамсалтай нь, 2001 онд Этелийн ах “Үнэндээ миний дүү биш, эхнэр маань тэмдэглэлийг нууцаар авч дахин бичсэн шиг санагдаж байна. Гэхдээ би яг тодорхой санахгүй байна” гэж ярьж байсан юм.
4
Анна Чапмэн: Оросын "Гал улаан үст"
Оросын "Гал улаан үст гоо үзэсгэлэн" нэрээрээ алдартай Анна Чапмэн нь 2010 онд “Хууль бус програм” гэх тагнуулын бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэгдэж, 9 хүний хамт баригдаж байжээ. Тус бүлэглэл нь нийгэм, улс төрийн дээд зиндааныхны тойрогт нэвтрэх зорилготой Оросын тагнуулын агентлаг юм.
Анна Оросын өмнөд хэсгийн Волгоград хотод КГБ-ийн ахмад ажилтны охин болж мэндэлж байв. Мөн 2001 онд тэрбээр Британийн иргэн Алекс Чапмэнтай гэрлэж, Орос-Британийн давхар иргэншилтэй болж байжээ. Харамсалтай нь хосуудын гэрлэлт цуцлагдаж, бүсгүй Манхаттан руу нүүж очоод, тэндээсээ нууц мэдээллийг Оросын Кремль рүү илгээх болсон юм. Гэвч дараа нь Анна 2010 онд Холбооны мөрдөх товчооны нууц ажилтны мэхэнд унан баривчлагджээ.
Улмаар тэрбээр аав руугаа залгаж зөвлөгөө авсны эцэст амьд гарахын тулд өөрийнхөө хуурамч паспортыг АНУ-ын цагдаад өгч, тагнуул солилцох тохиролцоогоор Орос руу буцжээ. Гэхдээ бүсгүй Орост очсоныхоо дараа ч нэр хүндтэй хэвээр байгаад зогсохгүй Оросын тагнуулын хамгийн дээд шагналыг хүртэж байсан юм.
5
Жозефин Бэйкер: Цуутай өнгөт арьстан тагнуулч
Жозефин Бэйкер бол Америкт төрсөн Францын бүжигчин, дуучин, жүжигчин, иргэний эрхийн идэвхтэн төдийгүй Францын тагнуулч байсан юм. Тэрбээр 1925 онд АНУ-аас Парис руу нүүж, эротик бүжигчин болсноор агшин зуурд амжилтад хүрчээ.
1939 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед бүсгүй Европ даяарх элчин сайдын яам, гадаад хэргийн яамдуудын албан тушаалтнуудтай холбоо тогтоон, Германы армийн байршил болон удирдлагуудын талаарх мэдээллийг Францын талд илгээдэг байв. Тиймдээ ч Жозефин Францын цэргийн тагнуулын "Хүндэт сурвалжлагч" хэмээх цолыг хүртэж байсан юм.
Түүнчлэн Германы нацистууд Франц руу довтолж байх үед ч тэрбээр нэр хүндээ ашиглан Европоор чөлөөтэй зорчих эрхтэй байсан бөгөөд нууц мэдээлэл олж, түүнийгээ хөгжмийн нотын хуудас дээр харагддаггүй бэхээр бичиж Англи руу дамжуулдаг байжээ.
Гэвч дайны дараа бүсгүй Америкт буцан ирж, иргэний эрхийн хөдөлгөөнд оролцсоноор арьс өнгөөр ялгаварлагч "Klu Klux Klan" бүлэглэлийн заналхийлэлд өртөх болсон аж. Мөн Жозефин Бэйкер нь 1963 онд Вашингтоны Линкольний талбайд болсон Мартин Лютер Кингийн алдарт “Надад нэг мөрөөдөл бий” илтгэлийн цорын ганц эмэгтэй илтгэгч байсан билээ.