1
Тимоти Рей Браун — Яагаад цор ганц ДОХ-ын ялагч гэж?
Хүн төрөлхтний түүхэнд үнэндээ ДОХ өвчнийг ялан дийлсэн хэд хэдэн хүн байдаг. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлхийд ДОХ өвчнөөс ангижирч чадсан 2 хүн байгааг зарласан. Гэхдээ эмч нар тэрхүү “Лондонгийн өвчтөн” болон “Дюссельдорфийн өвчтөн”-ий эдгэрэлтийг амжилт гэж үзэхгүй байгаа аж. Учир нь тэд дээрх 2 өвчтөний ДОХ-ын вирус устсаныг маш богино хугацаанд олж илрүүлсэн юм. Анагаахын үүднээс халдвар дахин хэзээ ч сэргэж болзошгүй ба Тимоти Браун дээр л тэрхүү байдал илрээгүй юм.
2013 онд АНУ-д ээжээсээ ДОХ-ын халдвар авч төрсөн хүүхэд, 30 цагийн дараагаас эмчилгээ хийлгэж эхэлснээр аймшигт халдварыг ялан дийлж чадсан юм. Гэвч 4 нас хүрэхэд нь түүний халдвар дахин сэдэрчээ. Тиймээс л Тимоти ДОХ-ыг ялан дийлж чадсан цор ганц хүн хэмээн өргөмжлөгдөх болсон юм.
Дюссельдорф болон Лондонгийн хоёр өвчтөний ДОХ-ын эмчилгээ эерэг үр дүнтэй байгаа хэдий ч тэднийг өвчнөө бүрэн ялан дийлсэн гэж үзэхэд бэрх юм. 2018 онд тэдгээр өвчтөнүүдэд Тимоти дээр хэрэглэсэн эмчилгээний аргыг хэрэглэж, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байжээ.
Ясны чөмөг шилжүүлэн суулгаснаар тухайн хүний дархлааны систем бүрэн устаж, шинээр дархлаа тогтдог аж. Хэрвээ шинэ чөмөг өвчтөний бие организмд тохирохгүй бол өөрийнхөө болон донорын дархлааны системийг авч үлддэг байна. Тиймээс ч энэ төрлийн эмчилгээг зөвхөн эдгэшгүй өвчтэй хүмүүст л хийдэг юм.
2
Үл мэдэгдэх “Берлины өвчтөн”
Тимоти Рей Брауныг хүмүүс “Берлины өвчтөн” гэдэг нэрээр нь мэддэг. Тэрбээр удаан хугацааны турш өөрийн хувийн амьдралын талаарх мэдээллийг олон нийтэд өгөхийг хүсээгүй ба "Берлины өвчтөн” нэрээрээ ДОХ-ын халдварыг эмчлэх боломжтой гэдгийг дэлхий дахинд батлан харуулахыг хүсжээ.
Эмч нар 1995 онд түүнийг 29 настай байх үед цуснаас нь ХДХВ-ыг олж илрүүлжээ. Улмаар тэрбээр хэдэн жилийн турш стандарт вирусийн эсрэг эм, бэлдмэлийг хэрэглэж байсан бөгөөд сэтгэл санаа, бие махбодийн хувьд тийм ч муугүй байсан гэдэг. Гэвч Тимотиг 40 нас хүрэхэд эмч нар түүнийг дахин нэгэн хүнд өвчтэй болохыг оношилсон ба тэр нь “лейкеми буюу цус багадалт” байжээ.
2006 онд Тимотигийн эмчлэгч эмч Хаттер түүнд чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орохыг санал болгоход тэрбээр татгалзсан юм. Учир нь Тимоти хоёр өвчнөөсөө шууд ангижирна гэдэгтээ итгэлгүй байжээ. Гэхдээ үхэл амьдралын зааг дээр зогсож байсан түүнд эрсдэлтэй хагалгаа хийлгэхээс өөр сонголт байгаагүй юм.
Сонирхуулахад, шинэ чөмөг суулгахын тулд тухайн хүний дархлааны системийг бүхэлд нь устгадаг. Эс тэгвээс бие организм өөрөө өөртэйгөө тэмцэж эхэлдэг байна.
Тимоти зориг гарган цахилгаан долгионы эмчилгээний тусламжтайгаар өөрийн дархлааны системийг устгаж чаджээ. Зарим цахилгаан долгионы эмчилгээгээр хийх боломжгүй зүйлсийг химийн эмчилгээгээр орлуулсан гэдэг. Азаар түүнд шинэ чөмөг болон дархлааны систем нь зохицож тэрбээр өвчнөө ялан дийлж, амьд үлдэж чадсан юм.
3
ДОХ-ын халдвараас эмчлэгдсэн цор ганц хүн
Эмч нар хэдэн жилийн турш химийн эмчилгээ хийсний дараа түүний анхны хагалгааны үр дүнг шалгаж үзжээ. Тимоти өөрөө ч "Би хоёр дахь удаагаа төрсөн мэт болж байна" хэмээн хэлж байсан гэдэг.
Ингээд шинжилгээгээр түүний ДОХ болон лейкеми нь устсан болохыг тогтоожээ. Улмаар Тимотигийн дархлааны систем хэвийн ажиллах болж, вирусийн эсрэг эм хэрэглэхээ зогсоосон байна.
Тэрбээр чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны ачаар дахин мэндэлж, энгийн хүн шиг амьдран ажлаа хийж, фитнесээр ч хичээллэх болжээ.
Гэвч Брауны эрүүл амьдрал удаан үргэлжилсэнгүй. Нэгэн удаа тэрбээр Айдахо муж руу Зул сарын баярын үеэр явж байхдаа ханиад хүрч, хатгаа тусжээ. Улмаар бүрэн шинжилгээ хийлгэх үед түүний цус багадалт сэдэрсэн болох нь илэрчээ.
Харамсалтай нь, тэрбээр дахин хагалгаанд орох хэрэгтэй болж, өмнөх донороосоо чөмөг авч суулгуулсан боловч хоёр дахь хагалгаа нь эхнийхээсээ муу болсон юм.
Учир нь Тимоти бараг хараагүй болж, ямар ч утгагүй, хий зүйлс ярьж эхэлснээс гадна үе мөчөө хөдөлгөж, алхаж сурах хэрэгтэй болжээ.
Түүний нөхөн сэргээх эмчилгээ тархины хүнд гэмтэлтэй хүмүүсийн дунд өнгөрсөн бөгөөд бүхэл бүтэн 6 жилийн дараа л гүйцэд эдгэрч чадсан юм. Гэхдээ түүнд амь насаа алдах эсвэл удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж эрүүл болохоос өөр сонголт байгаагүй билээ.
4
Чөмөг шилжүүлэн суулгаж ДОХ-ыг эмчлэх нь
Тэр үед Брауны ДОХ сэдрээгүй байсан нь эмч нарын анхаарлыг маш ихээр татжээ. Мөн эмч нар нь түүнээс өөрийн нэрийг зарлаж ДОХ-ыг эмчилж чадсан гэдгээ олон нийтэд хэлээч хэмээн удаа дараалан хүсэж байсан гэдэг.
Хэдийгээр Тимоти удаан хугацааны турш татгалзсан ч 2010 онд олны өмнө ил гарч, хүмүүст эмчилгээний түүхээсээ хуваалцжээ. Тэр л цагаас хойш тэрбээр “Берлины өвчтөн” байхаа больсон юм.
Онцлоход Тимотигийн эмчилгээ амжилттай болж чадсан нь түүний донортой шууд холбоотой ажээ. Учир нь Тимотигийн донор төрөлхийн ДОХ-ын вирусийн дархлааны системтэй маш ховор хүн байсан юм. Энэ төрлийн хүн дэлхийн хүн амын 0,3%-д л байдаг аж. Мөн түүний хийлгэсэн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны 1/3 хувь нь нас баралтаар төгсдөг байна.
Тэрбээр вирусийн эсрэг эмчилгээгээ анхны хагалгааныхаа дараа л зогсоосон хэдий ч ДОХ түүн дээр дахин эргэж ирээгүй юм.
Мөн төрөл бүрийн шинжилгээгээр түүний цусан дахь гадны биетүүдийн тоо хангалттай хэмжээгээр буурсан гэж гарч байсан учир эмч нар Тимотигийн ДОХ-ыг бүрэн эдгэсэн хэмээн үзжээ.