1
Өөрийнхөө ясыг хугалдаг мэлхий
Төв Африкийн ширэнгэн ойд амьдардаг энэхүү зүйлийн мэлхийний эрэгчин нь үржилд орох явцдаа хажуу хэсгээрээ үс шиг харагдах нимгэн арьсан давхарга ургуулдаг учраас "үст мэлхий" гэж нэрлэгджээ. Энэ мэлхий нь хурууныхаа ясыг хугалж, арьсаа нэвт сүлбэн гаргаж хурц хумс болгоод дайснаа хөөн зайлуулдаг. Дайралт өнгөрсний дараа арьсыг нэвтэлж гарч ирсэн яс чухам яадаг болохыг сайн мэдэхгүй ч эрдэмтдийн үзэж байгаагаар мэлхийний булчин сулрахад яс нь арьсан доороо эргэн хумигддаг байж магадгүй гэнэ.
2
Хавиргаа хурц жад болгон хувиргадаг саламандер гүрвэл
Испанийн саламандер гүрвэл хавиргаа тэнийлгэж, арьсан дээрээ ил гаргаж ирдэг. Улмаар биеийн хажуу хэсгээр нь эгнээ бүхий жад бий болдог байна. Үст мэлхийний адил тэд дайралтад өртөх бүрдээ хавирганы ясаа арьсаараа нэвт гарган ирдэг ба тэр нь өөрт нь ямар нэгэн хор хөнөөлгүй байдаг гэнэ. Швейцарын их сургуулийн эрдэмтдийн баг саламандер гүрвэлээс санаа авч роботон гүрвэл бүтээсэн ба түүнийгээ "pleurobot" гэж нэрлэжээ.
3
Өөрийгөө дэлбэлдэг морин шоргоолж
Францын эзэмшлийн Гвианы ширэнгэн ойд амьдардаг нэгэн төрлийн морин шоргоолж дайралтад өртөх үедээ өөрийн үүрээ хамгаалахын тулд хөгшин ажилчин шоргоолжнууддаа амиа хорлох даалгавар өгдөг аж. Тус хөгшин шоргоолжнуудад амьдралынхаа туршид хуримтлуулсан хэвлийн хөндийн булчирхайгаас ялгардаг хортой талстаар дүүрэн дэлбэрэх үүргэвч байдаг ба тэр нь гүйлсэн булчирхайгаас нь ялгарах шингэнтэй холилдсоноор дэлбэрдэг аж. Улмаар өөрсдөө үхэж дайснаа хөдөлгөөнгүй болгодог юм.
Биеэ хамгаалахын тулд амиа егүүтгэдэг шавж зөвхөн морин шоргоолж биш. Тухайлбал Борнео арал дахь нэгэн төрлийн шоргоолж аюултай тулгарахад хэвлийн хөндий нь тэлж хагарч, хортой шингэн ялгаруулдаг.
4
Нүдээрээ цус цацдаг гүрвэл
Техасын эвэрт гүрвэлийн хайрс нь бор өнгөтэй бөгөөд элсэн талд ялгагдаж харагддаггүй. Тэд биеэ хайрс дээрх хурц өргөснүүдээр хамгаалдаг ба тэдгээр нь араатныг холдуулахад хангалтгүй байвал нүдээрээ цус цацдаг аж. 152 см хүртэл хол үсрэх тэрхүү цусны найрлагад эвгүй амттай химийн нэгдэл байдаг.
Гэвч тэд биеэ ингэж хамгаалахын тулд өөрийн биеийн жингийн 2 хувьтай тэнцэх буюу нийт цусныхаа 1/3-г хүртэл алдах эрсдэлтэй байдаг. Харамсалтай нь суурин иргэншлийн бүс тэлэгдэж байгаатай холбоотойгоор эвэрт гүрвэлийн тоо толгой буурсаар байна.
5
Нялцгай бодисоор дайснаа буулгаж авдаг загас
"Миксин" буюу гадаад төрхөөрөө могой загастай төстэй энэхүү далайн амьтан зунгааралдсан нялцгай бодис ялгаруулж дайснаа буулгаж авах гайхалтай чадвартай аж.
Тэдний арьсны нүх сүвээр гарах зунгааралдсан нялцгай бодис нь устай холилдож желатин шиг бүтэцтэй болдог. Улмаар дайснаа урхинд оруулж, заламгайг нь бөглөж, бүтээж хороодог байна. Мөн тус бодисыг ялгаруулдаг булчирхай нь хоосорвол 3-4 долоо хоног тэргэж дүүрдэг гэнэ.
Дооррх бичлэгт миксин загас акул болон бусад том загасны дайралтад 14 удаа өртсөн ч огт гэмтэлгүй зугтаж байгааг харуулжээ.
6
Дотор эрхтнээ шахан гаргадаг далайн өргөст хэмх
Далайн өргөст хэмх буюу "голотурий" нь танд маш уйтгартай харагдаж магад. Эдгээр амьтад нийт 1250 төрөл зүйлтэй ба ихэнх нь яг л өргөст хэмх шиг харагддаг. Далайн од болон далайн зараа, далайн өргөст хэмх бүгд сээр нуруугүй амьтдын төрөлд багтдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд тэд биеийн байхгүй болсон хэсгээ дахин ургуулж чаддаг.
Энэ нь тэднийг аюулд орсон үед их хэрэг болдог аж. Далайн өргөст хэмх зунгааралдсан бүтэцтэй, заримдаа хортой химийн нэгдэл бүхий дотор эрхтнээ гадагшлуулж дайснаа хөнөөдөг.
7
Үхсэн дүр эсгэдэг опоссум
Хойд Америкт зөвхөн байдаг опоссумын биеэ хамгаалах мэхийг хүмүүс ихэнхдээ “Үхсэн юм шиг жүжиглэдэг” гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ түүний энэ үйлдэлд хөгжилтэй зүйл огт байхгүй юм.
Дайралтын үеэр маш ихээр айж сандарсан опоссум нь комтой төстэй ухаан алдалтад ордог ба энэ нь дайсан түүнийг үхсэн гэдэгт эргэлзээгүй болох хүртэл хэдэн цагаар үргэлжилдэг байна. Мөн айснаас нь болж тэднээс хүүрнээс ялгаагүй өмхий үнэр гардаг аж.