1
Иран улсад байх “Мейманд” хот
Судлаачид Иран улсын Шираз хотоос холгүй орших уг эртний хотыг 12000 гаруй жилийн өмнө үүссэн гэж үздэг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Мейманд хот сүүлийн 3000 жилийн туршид байнгын оршин суугчидтай байгаа ба хэдэн зуун хүмүүс аж төрдөг аж.
Меймандын уулын оройд 2200 метрийн өндөрт байрлах 350 гаруй агуйн “байшин” байдаг ба дотроо хэд хэдэн өрөөтэй гэнэ. Оршин суугчид нь эд хэрэглэл, хоол хүнсээ агуйн хананы чулуун дээр үүссэн хавцал болон нүхэнд хадгалдаг. Харин шал нь төрөл бүрийн хивс болон дэвсгэртэй байдаг аж. Эдгээр агуй нь зундаа сэрүүн, өвөлдөө дулаахан байдаг байгалийн онцлогтой учраас хотын иргэдэд сэнс, эсвэл дулаан ялгаруулагч хэрэглэх шаардлага гардаггүй гэнэ.
Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс орчин үеийн амьдралыг огтхон ч мэдрээгүй өдий хүрчээ. Тэд хоорондоо эртний перс хэлийг санагдуулам өвөрмөц хэллэг ашиглан харилцдаг. 2015 онд ЮНЕСКО-гоос Мейманд хотыг дэлхийн өв соёлыг хадгалагчдын жагсаалд орсон гэдгийг зарласан боловч уг үйл явдал иргэдийнх нь анхаарлыг огтхон ч татаагүй ба тэд өөрсдийн уламжлалт хэв маягаараа үргэлжлүүлэн амьдарсаар л байна.
2
Гайхамшигт Кандавон тосгон
Кандавон тосгон нь Иран улсын Тебриз хотын ойролцоо оршдог бөгөөд анх харсан хүнд шовх оройтой олон тооны байшингууд нь аварга том морин шоргоолжны үүрийг санагдуулдаг ажээ.
Гэхдээ мэдээж энэхүү өвөрмөц хэлбэр дүрстэй агуйн байшингуудад хорхой шавж биш жинхэнэ хүмүүс амьдардаг. Оршин суугчдын мэдээлснээр Кандавон тосгон ойролцоогоор 700 гаруй жилийн настай гэнэ. Өнөөдрийн байдлаар энэ газарт 1000 гаруй иргэд амьдарч байгаа ба байшин барилгууд нь үнэхээрийн гайхалтай загвартай юм. Тэнд олон өрөөтэй “байр”, хоёр ба дөрвөн давхар байшингууд ч тааралдах ба өрөөнүүдэд нь цонх гаргаад зогсохгүй тагт хүртэл хийж өгсөн байдаг. Айл бүр чулуун байшингийнхаа ойролцоо малын хашаа болон зоорь барьсан байдгаас гадна энэхүү тосгоны иргэд тог, цахилгааныг хүссэн цагтаа хэрэглэж, чөлөөт цагаараа зурагт үзэж, радио сонсох боломжтой байдаг аж.
Тосгоны ихэнх иргэд мал аж ахуй эрхэлдэг ба тэдний зарим нь жуулчдыг гэртээ урьж аж амьдралаа танилцуулсныхаа хариуд тодорхой хэмжээний төлбөр авдаг гэнэ. Тэр ч байтугай Кандавонд жинхэнэ орчин үеийн загвар хийцтэй, жуулчдад зориулсан 5 одтой агуйн зочид буудал байдаг. Гэвч тосгоны иргэд ажил хийж, сургуульд сурахын тулд ойролцоох хотууд руугаа очих болжээ.
3
Хятадын тосгон Чжундун
Хятад улс томоохон хот суурингуудтай хэдий ч хүн амын ихэнх хувь нь жижиг тосгонуудаараа таран амьдардаг. Тосгон бүр амьдралын түвшин, амгалан тайван байдал, тав тух гэх мэт зүйлээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг боловч тэдний дундаас хамгийн онцгой нь Гуижоу мужид байрлах Чжундун тосгон юм.
Бүхэл бүтэн 1800 метрийн өндөрт хэд хэдэн гудамжтай, сагсан бөмбөгийн талбайтай, хөгжиж буй нэгэн төрлийн “хот” оршин тогтнодог гэхээр нэг л итгэл төрөмгүй санагддаг билээ.
Энэхүү тосгоны анхны иргэд хэн байсан, хэзээ суурьшсан, хэрхэн амьдарч байсан талаарх тодорхой мэдээлэл байдаггүй боловч эдгээр агуйн хүмүүсийн амьдрал эртний үеийнхээс бараг л ялгагдахгүй. Чжундуны агуйнуудад маш олон тооны овоохой байх бөгөөд тэдгээрийг өвс, навч сүлжиж урласан томоос том бүтээлгээр бүтээсэн байдаг. Тосгоны оршин суугчдын амьдралын хэв маяг бусад тосгоны иргэдийнхээс ялгагдах зүйлгүй бөгөөд тэд мал хариулж, гар урлал хийж өдөр хоногийг өнгөрүүлдэг аж.
Гуижоу мужийн удирдагчид иргэдийнхээ амьдралд огтхон ч оролцдоггүй байжээ. Тэдний хувьд эдгээр хүмүүс “1 айл - 1 хүүхэд” гэсэн дүрмийг л баримталж байх нь хамгийн чухал байлаа. Нэгэн удаа Миннесотагийн бизнесмен энэ газарт зочилж тус тосгоныг ивээлдээ авснаар иргэд нь тог цахилгаанд холбогдож, сагсан бөмбөгийн талбай, сургуультай болж чадсан юм.
4
Турк улсад байрлах “Учхисар”
Эртний хот Учхисар бол дэлхийд алдартай “агуйн” хотуудын нэг юм. Олон зуун жилийн тэртээ энэхүү газрыг зорин очсон хүмүүс эрдэс бодисоор баялаг уулын зөөлөн хэсгүүдийг ухаж өөрсдийн амьдрах байрыг босгодог байжээ. Агуй доторх амьдралын нөхцлийг харахад яг л дээр үед очоод цаг хугацааг зогсоочихсон юм шиг мэдрэмж төрдөг.
Эндхийн хүмүүсийн орчин үеэс авсан ганцхан зүйл нь гэвэл тог цахилгаан гэхэд хилсдэхгүй. Тэд худаг ухаж, усаа хувингаар зөөж, өвөг дээдсийнхээ уламжлалыг өдий хүртэл хадгалж ирсэн ард түмэн билээ. Гэхдээ зарим Учхисарууд уг эртний хотдоо тогтмол суурьшдаггүй бөгөөд бидний ярьдгаар “лагерийн байшин”-гийн зориулалтаар ашигладаг аж.
Түүнчлэн тосгонд 60 метр хад чулуугаар бүтсэн хэд хэдэн өрөө тасалгаатай “Учхисар” хэмээн нэрлэгддэг цайз байдаг гэнэ. Түүний оройд эргэн тойрноо харах боломжтой тусгай талбай байдаг ба тэндээс шинэ болон хуучин Учхисарыг бүхэлд нь тольдож болох аж.
Мөн цайзыг зорин ирсэн жуулчид оршин суугчдын аж ахуйтай танилцах боломжтойгоос гадна ойролцоо байх нэгэн эртний агуйн хотоор ч зочилдог. Гэвч тэрхүү хотод хэдэн жилийн өмнөөс хүн амьдрахаа больсон юм.
5
Агуйн хот Матера
Матера нь Италийн Базиликат мужид оршдог 2 хэсэгт хуваагдсан хот юм. Эхний хэсэгт нь бидний нүдэнд дасал болсон, орчин үеийн хэв загварыг санагдуулам чулуун байшингууд байдаг бол нөгөө хэсэгт нь “хуучин Матера” гэж нэрлэгдэх байгалийн хад чулууг нүхлэн босгосон байшингууд бий.
Түүнчлэн энэ газарт маш олон зууны тэртээ ашиглагддаг байсан агуйнууд байдаг ба тэдгээрээс эртний хүмүүсийн эд хэрэглэл ч олдож байсан юм. XX зууны эхэн хүртэл хуучин Матерад хүмүүс амьдарч байсан боловч цаг хугацааны эрхээр “сасси” хэмээн нэрлэдэг байсан оромжоо орхин одохоос өөр аргагүйд хүрчээ. Учир нь маш жижигхэн ганц агуйд 10 ба түүнээс дээш тооны хүн хамт амьдрах шаардлагатай байсан юм. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн гараар ус дамжуулах хоолойг бүтээж чадсан байдаг.
Тэд гэртээ маш тухгүй байдаг байсан ба ганцхан байх орон дээр нь томчууд, нялх хүүхдүүд нь дүүжин орон дээр, харин арай том хүүхдүүд нь шүүгээний татдаг шургуулгад унтдаг байв.
Мөн зориулалтын нойл байдаггүй байсан учир хувинд бие засаж дараа нь угаадасны нүх рүү асгадаг байжээ. Тийм ч учраас Матераг халдварын голомт болгодог байсан юм. Улмаар хотын удирдагчид тосгоны иргэдийг шинэ Матера руу нүүлгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хуучин Матера нь ЮНЕСКО-гийн хамгаалалтад оршиж байна. Мөн тус газрыг үзэхээр мянга мянган жуулчид очиж саяхан эзэнтэй байсан хоосон байшингуудаар нь аялдаг болжээ.