1
"Strawman" - "Мануухай"
Нөгөө хүнийхээ хэлсэн үгийг гуйвуулж, мушгиж, давсалж, улмаар эсрэг тал руугаа "довтлох" таатай орон зай гаргахыг "Strawman fallacy" гэдэг.
Жишээлбэл, та хичээл дээрээ Дональд Трампын хийсэн зарим ажлыг магтлаа гэж бодъё. Гэтэл багш тань "Түүнийг дэмждэг бол чи арьс өнгөөр ялгаварлагч юм байна" хэлбэл тэрбээр "Мануухайн алдаа" гаргаж байна гэсэн үг.
2
"Slippery slope" - "Халтиргаатай налуу"
Хэт туйлширсан үзэл бодолтойгоор маргалдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ямар ч нотолгоогүйгээр хийсвэрлэн дүгнэлт гаргаж, зүтгэхийг хэлж байгаа юм. Жишээлбэл, та ээжээсээ мөнгө зээлэхийг гуйлаа гэж бодъё. Тэгтэл ээж тань "Өнөөдөр чи надаас 10 мянгыг гуйж байна. Маргааш 100 мянгыг гуйх байх. Тэгэхээр өгөхгүй" гэж хариуллаа. Энэ нөхцөлд ээж тань ямар ч бодит нотолгоогүйгээр дүгнэлт гаргаж байгаа тул "Slippery slope" алдааг гаргажээ гэж ойлгож болно.
3
"Хар цагааны алдаа"
Өөр шийдэл, гарц байгааг авч үзэлгүйгээр зөвхөн "x" болон "y" гэсэн хоёр ухагдахууны аль нэгийн төлөө маргалдахыг "Хар цагааны алдаа" гэнэ.
Жишээлбэл, та 30 сая төгрөгөөр шинэ машин авах уу эсвэл 3 сая төгрөгөөр маш муу, хуучирсан машин авах уу гэж эргэлзэнэ. Ингэснээрээ та хэдхэн жил барьсан, шинээс ялгаагүй машиныг боломжийн үнээр авах боломж байгааг мартаж байна.
Хүмүүс уг алдааг ихэвчлэн "Чи миний төлөө юу эсвэл миний эсрэг үү" гэсэн хандлагаар гаргадаг.
4
"Bandwagon fallacy" - "Даган баясах"
Олонхын үзэл бодол ямагт зөв байдаг гэж боддог бол та "Bandwagon fallacy" алдааг гаргадаг байх магадлалтай. Алдартай болгон сайн биш байдаг шүү дээ. Хүн бүр дэлхийг хавтгай гэж боддог байсан үеийг энэ жишээгээр тайлбарлаж болох юм.
5
"Ad Hominem" - "Маргаан руу бус хүн рүү"
Хүний хэлсэн үг рүү нь биш дүр төрх, байгаа байдал руу нь дайрахыг "Ad Hominem" гэнэ. Өөрөөр хэлбэл маргалдаж байхдаа өрсөлдөгчдөө илүү анхаарал хандуулахыг хэлж байгаа юм.
"Ad Hominem" гэдэг нь латинаар "хүн рүү" гэсэн утгатай. Жишээлбэл, тантай маргалдагч "Ядаж наад хувцсаа угаачихаад надтай ирж юм яриарай" гэвэл тэр хүн "Ad Hominem" алдааг гаргаж байна.
6
"Anecdotal fallacy" - "Өөр шигээ бодох"
Танд тохиолдсон ямар нэг зүйл бусад хүмүүст ч адилхан заавал тохиолдоно гэж үзвэл энэ нь "Anecdotal fallacy" болно.
"Манай өвөө насаараа тамхи татлаа, одоо хүртэл өвчин тусаагүй байж л байна" эсвэл "Наад утсаа авсны хэрэггүй шүү, би ганц сар бариад л эвдэрчихсэн" гэх мэт жишээнүүд үүнд багтана.
7
"Ad Ignorantiam" - Мэдэхгүй дээр дөрөөлөх
Тухайн сэдвийн талаарх үнэн зөв мэдээлэл дутагдалтай байгааг ашиглаж дайралт хийхийг "Ad Ignorantiam" гэнэ.
Жишээлбэл, "Сүнсний талаар баттай мэдээлэл огт алга, тэгэхээр сүнс байдаггүй гэсэн үг" гэвэл та "Ad Ignorantiam" алдааг гаргаж байна гэсэн үг.
8
"Hasty generalization" - Хамруулах алдаа
Цөөн хүний хийсэн үйлдлээр нийтийг хамруулж өөрийн санаагаа хамгаалахыг "Hasty generalization" гэнэ. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг нь үүний тод жишээ юм.
9
"Loaded question" - "Хариулт гуйх"
Маргаанд ялахын төлөө эсрэг талаасаа "ам алдуулах" зорилготой асуултууд асуухыг "Loaded question fallacy" гэнэ.
Жишээлбэл, найз чинь танаас "Чи яагаад iPhone-ийг шилдэг утас гэж боддог юм бэ?" гэж асууна. Та өөрийн бодлоо хэлэхэд тэр таны өөдөөс "мад тавих" гаргалгаа хийж маргаанд ялах болно.