10
“MySpace” ба “Facebook”
2003 оны үед “Friendster”-ийн хэрэглэгчдийн нэгэн групп үүсгэн байгуулж байсан “MySpace” компани сошиал медиа салбарт маш алдартай байсан веб сайт юм. Тухайн үедээ нэр алдар нь түгж байсан “MySpace” өөрийн гол өрсөлдөгчдийн нэг “Facebook”-ийг худалдаж авахаар зэхэж байжээ. “MySpace”-ийн удирдагч Крис ДеВольф (Chris DeWolfe) 2 компанийг нэгтгэх зорилгоор “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Зукербергтэй (Mark Zuckerburg) нууцаар хэд хэдэн удаа уулзаж байсан юм. Гэвч эцэст нь Крис ДеВольф “Facebook”-ийг 75 сая доллароор худалдах Марк Зукербергийн саналаас татгалзсан гэдэг. Өнөөдөр “Facebook” нь хэдэн зуун тэрбум доллароор үнэлэгдэж байгаагаас харахад уг шийдвэр нь маш том боломжийг алдсаныг илтгэнэ. Тухайн үеэс хойш “MySpace” хэрэглэгчдийн тоо маш их багассан ба 2005 онд Руперт Мердокийн (Rupert Murdoch) “News Corp”-т 500 сая долларт худалдагдаж, дараа нь 2011 онд нэгэн сурталчилгааны компанид (Viant) 35 сая доллароор шилжсэн байдаг. Сүүлд “Viant”-ийг “Time Inc” авснаар “MySpace”-ийн хувь заяа дууссан юм.
9
“RealNetworks” ба “iPod”
2000 онд Тони Фаделлд (Tony Fadell) гоёмсог загвартай, контентоо хялбархан дамжуулах системтэй тансаг MP3 тоглуулагч хөгжүүлэх санаа байсан аж. Тэрбээр энэ санаагаа “RealNetworks”-т танилцуулсан ч уг компани хөгжим тоглуулагч хувийн төхөөрөмжийг ирээдүйгүй гэж үзсэн учир бүтэлгүйтжээ. Мөн “Phillips”-тэй уулзсан ч санааг нь дэмжээгүй юм. Эцэст нь “Apple”-д тэр санаа нь маш их таалагдаж өөрсдийнхөө “Soundjam MP”-ийн хөгжмийн үйлчилгээтэй нэгтгэснээр өнөөдрийн бид бүгдийн мэдэх “iTunes”-ийг бүтээжээ.
2001 оны 11-р сарын 10-нд гарсан “iPod”-ийн анхны загвар хит болж тухайн оны төгсгөл гэхэд 125000 ширхэг зарагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Apple” нь энэ төхөөрөмжийнхөө хэд хэдэн хувилбарыг гаргаж, олон зуун ширхгийг амжилттай борлуулсан юм. “RealNetworks” нь “Valve” компанийн хялбар дамжуулалттай тоглоомын санааг мөн хүлээж аваагүй гэдэг.
8
“Marvel” ба “DC Comics”
Өнөө үед “Marvel” болон “DC Comics”-ийг мэдэхгүй залуус байхгүй. Харин тэртээ 1984 оны үед “Warner Bros” нь “DC Comics”-ийг илүүд үзэж, тэдний комикс номууд сайн зарагдана гэж тооцон зарим дүр болон зохиолуудыг нь “Marvel”-д санал болгожээ. Тэдгээрт “DC Comics”-ийн хамгийн алдартай “Superman”, “Batman”, “Wonder Woman”,“Green Lantern”, “Justice League”, “Teen Titans”, “Legion of Superheroes” гэсэн 7 зохиол байсан гэдэг. Гэвч “Marvel” нь “DC Comics”-ийн уналтыг менежментэд нь биш харин зохиолуудад байна гэж үзсэнээр уг саналаас татгалзжээ. Харин үүнээс яг 10 жилийн дараа “Marvel” нь дампуурахын даваан дээр өөр компанид худалдагдаж байсан гэдэг.
7
“Nintendo”-ийн буруу шийдвэр
“NES” дээр “Super Mario Bros. 3” тоглоом гарсан нь тухайн үедээ гайхамшигтай үйл явдал байсан юм. Өнөөдрийг хүртэл энэ тоглоом хамгийн амжилттай видео тоглоомуудын нэгд тооцогддог. 1990 онд хэсэг програмистууд уг тоглоомонд зориулж хувийн компьютерт холбох оролт зохион бүтээжээ. Тэдгээр програмистуудын нэг нь кодчиллын домог Жон Кармак (John Carmack) байсан юм. Тэд тухайн үед програмчлалын гайхалтай ур чадварт тооцогддог оролтоо амжилттай зохион бүтээж чадсан боловч “Nintendo” тоглоомоо өөрсдийн бүтээсэн консолд зориулан хөгжүүлж байхаар шийдэж тэдний бүтээлийг худалдаж аваагүй юм. Үүний дараа тэдгээр програмистууд хамтран өнөөдрийн бидний мэдэх “Id Software”-ийг үүсгэн байгуулж 1990-ээд оны үед хувийн компьютерт зориулсан тоглоомуудын нүүр царай болж байсан алдарт “Wolfenstein 3-D”, “Doom” гэх мэт гайхалтай тоглоомуудыг гаргасан байдаг. Тэдний бүтээсэн тоглоомууд хэдэн сая шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлд үлдсэн байдаг ба хэрэв “Nintendo” тэдний саналыг хүлээн авсан бол тэдгээр алдартай тоглоомууд гарахгүй байсан ч байж болох юм.
6
“Nintendo” ба “Sony”
1989 онд эдгээр компаниуд хамтран СD уншигчтай, “Super NES” төхөөрөмжийнхөө шинэ хувилбарыг нууцаар хөгжүүлж байжээ. 1991 онд “Consumer Electronics Show” дээр энэ төслийнхөө талаар олон нийтэд зарласан ба тэдний төхөөрөмж тухайн үедээ “Nintendo PlayStation” гэсэн нэртэй байв. Тухайн үед “Nintendo” нь “Sony”-ийг уг төслөө ашиглан тоглоомын бизнест хүч үзэх нь гэж хардаж байсан ба тэр нь ч зөв байжээ. “Sony”-ийн инженер Кен Кутараги (Ken Kutaragi) нь өөрийн төслөө тоглоомын консол хийх мөрөөдлөө бодит болгох боломж гэж харж байсан юм. Төслөө олон нийтэд зарласнаас нэгхэн хоногийн дараа “Nintendo” нь “Sony”-г өрсөлдөгч Голландын “Philips” компаниар сольсон ба түүнд “Sony”-ийн ерөнхийлөгч Норио Охга (Norio Ohga) ихэд бухимдсан ба Кутарагитай хамтран “Sony Computer Entertainment”-ийг үүсгэн байгуулж өөрсдийн тоглоомын консолыг бүтээж эхэлсэн юм. Үр дүнд нь 1990-ээд оны видео тоглоомын технологийн хамгийн том дэвшил “Sony PlayStation” мэндэлсэн байдаг.
5
“Decca Records” ба “Beatles” хамтлаг
1961 оны 12-р сард “Decca Records”-ийн шинэ уран бүтээлч хайх төлөөлөгч “Beatles”-ийн тоглолтыг үзжээ. Төлөөлөгч нарт тэдний тоглолт цаашид дуу бичлэгийн санал тавихад хангалттай гэж санагдаагүй тул хамтлагт 2 дахь боломж олгож Лондон дахь өөрсдийн нэгэн студид урьсан аж. Тэд шинэ жилийн өдрөөр цасан шуургыг үл ажран явсаар Ливэрпүүлээс студи дээр нь 11 цагт яг товлосон хугацаандаа очсон байна. Тухайн үед төлөөлөгч цагаасаа хоцорсон ба “Decca Records”-ийн өсгөгчийг ашиглах шаардлага тавьсан зэрэг нь хамтлагийнхны дургүйг хүргэжээ. Гэхдээ тэд хамгийн сайнаараа тоглолт хийж, цаг гаруй хугацаанд 15 дуу бичүүлсэн аж.
Хамтлагийнхан энэ тоглолтынхоо дараа бичлэгийн санал авч чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч тэд “Decca Records” нь “Brian Poole”, “Tremeloes” зэрэг өөр хамтлагт санал тавьсан юм. Татгалзсан албан ёсны тайлбар дээрээ ноён Эпштейн “Гитараар тоглолт хийдэг хамтлаг моодноос гарч байгаа” гэж бичсэн байдаг нь хэдэн жилийн дараа алдартай болсон байдаг. Мэдээж тэр үед “Beatles” хамтлаг дэлхий дахинаа танигдаж, маш их амжилтад хүрсэн байсан юм.
4
“Hewlett - Packard” ба хувийн компьютер
“Apple”-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк (Steve Wozniak) залуудаа “Hewlett-Packard”-д ажилладаг байсан. Тэрбээр тухайн үед өөрийн хөгжүүлж байсан хувийн компьютерын загварыг “Hewlett-Packard”-д 5 удаа санал болгож байсан ч бүгдэд нь татгалзсан хариу авч байжээ. Мөн “Atari”-д анхны тоглоом болох “Breakout”-ийг зохион бүтээж өгсөн байдаг. Хэдий тэрбээр олон удаа татгалзсан санал авсан ч “Hewlett-Packard”-д үнэнч байсан аж.
Стив Жобс хангалттай мөнгөгүй байсан ч түүнийг “Hewlett-Packard”-аас гарч хамтдаа “Apple”-ийг байгуулахыг ятгах болсон ба гэрийнхэнтэй нь хүртэл уулзаж байсан гэдэг. Эцэст нь Стив Возняк, Стив Жобс хоёр хамтран “Apple”-ийг үүсгэн байгуулжээ. Тэд хамтран Вознякийн хувийн компьютерын санааг хэрэгжүүлж, олон амжилттай төхөөрөмжүүдийнхээ хамгийн эхнийх болох “Apple I” компьютерыг бүтээсэн байдаг.
3
“Blockbuster” ба “Netflix”
2000 онд “Blockbuster”-ийн гүйцэтгэх захирал Жон Антиокод (John Antioco) Рид Хастингс (Reed Hastings) өөрийн байгуулсан “Netflix” компанийг 50 сая доллароор худалдаж авах саналыг тавьжээ.Тухайн үед “Netflix” нь DVD хүргэлтийн үйлчилгээ байсан юм. Жон Антоео хэдхэн удаагийн уулзалтынхаа дараа уг бизнесийг маш бага ашигтай бизнес гэж үзээд саналаас татгалзжээ. Тэрбээр шалтгаанаа “Netflix”-ийг ашиггүй болж байгаа, алсын хараа болон менежмент нь нэгдмэл бус байсан гэж тайлбарладаг.
Одоо “Netflix” нь тэрбумаар үнэлэгдэж, дэлхийн ихэнх оронд үзэгч, хэрэглэгчтэй болсон бөгөөд “Blockbuster”-ийг зах зээлээс шахсаар байна.
2
“Excite” ба “Google”
“Excite” бол интернетийн анхны порталуудын нэг юм. Гэвч энэ компани 1999 онд 1 сая доллароор “Google”-ийг худалдаж авах Ларри Пейж болон Сергей Брин нарын саналаас татгалзаж байжээ. Хэд хэдэн уулзалтын дараа тэд үнээ 1 саяас 750000 доллар болгож бууруулсан ч “Excite”-ийн гүйцэтгэх захирал Жорж Белл-ийн хүссэн хэмжээ биш байсан тул тэрбээр саналаас бүр мөсөн татгалзсан юм. Өнөөдөр “Google” нь интернетийн ертөнцөд давамгайлж байна. “Excite” нь 2004 онд “Ask Jeeves”-ийн эзэмшилд очиж Ask.com болсон байдаг ба дараа нь “IAC”-ийн мэдэлд шилжсэн байдаг.
1
“Verizon”-ийн алдаа
“Verizon”-ийн гүйцэтгэх захирал Иван Сиденберг (Ivan Seidenberg) 2006 онд нэгэн медиа хуралд оролцож байхдаа “Walt Disney”-ийн ерөнхий захирал Боб Игэрийн гарт нэгэн этгээд хэлбэртэй гар утас байгааг анзаарчээ. Тэрбээр түүнийг нь сонирхож Боб Игэртэй уулзаж юу болохыг асуусан аж. Боб Игэр энэ бол дэлхийг өөрчлөх эд хэмээгээд түүнд үзүүлээгүй гэдэг. Тухайн үед “Verizon”-ийн гүйцэтгэх захирал “Walt Disney”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүдэд “Apple”-ийн захирал Стив Жобс байдаг гэдгийг л мэдэж байсан юм.
Үүнээс хойш тун удалгүй Стив Жобс өөрийн багийн хамт “Verizon Wireless”-ийн бизнес, технологийн удирдлагатай уулзсан байдаг. Стив Жобс тухайн үеийн гар утас маш хязгаарлагдмал байгааг тодорхой тайлбарлаж, тэдэнд “iPhone”-ийг танилцуулж хөгжүүлэлт дээр нь хамтрахыг хүсжээ.
Тухайн үед уулзалтад оролцсон хүмүүсийн толгойд “Apple”, “Verizon”-ийн CDMA-д суурилсан сүлжээнд таарсан “iPhone”-ийн хувилбарыг хийх үү гэсэн асуулт л байсан юм. Харин Стив Жобс GSM системийг олон улсын стандарт систем гэж харж байсан юм. Эцэст нь “Verizon” компани маш их хүчин чармайлт гаргасан ч “Apple” компани “AT&T” компанийн GSM-д суурилсан системийг сонгосноор том боломжоо алдсан байдаг. 2007 онд “iPhone” нь “AT&T”-ийн хэрэглэгчдэд анх хүрч эхэлсэн юм.