1
Хувийн ажлын өрөө
Ихэнх зохиолчид, бүтээлч хүмүүс уран бүтээлээ туурвих хувийн орон зайд өндөр ач холбогдол өгдөг. Хэн нэгэн бүтээлийг нь гэмтээж, устгахгүй, өөрт нь саад болохгүй байхад маш сайн анхаардаг гэнэ. Жишээ нь:
Английн алдарт зохиолч Жейн Остин зохиол бичдэг өрөөнийхөө хаалганы нугасыг хэзээ ч тосолдоггүй байжээ. Учир нь тэрбээр өрөө рүү нь хүн орохвий гэж ихэд сэрэмжилдэг байсан бөгөөд хүн орсон тохиолдолд хаалганы нугас нь чийхарч, дохио өгдөг байж. Мөн Нобелийн шагналт, Америкийн зохиолч Уильям Фаулкнер ажлын өрөөнийхөө хаалгыг түгждэггүй байсан ба гаднах бариулыг салгаж аваад өрөөндөө ордог байжээ.
Харин Марк Твейний гэр бүл түүнийг ажлын өрөөнөөс нь дуудан гаргахын тулд бүрээ үлээдэг байсан гэнэ. Харин зохиолч Грахам Грине дээрх хүмүүсээс ч илүү хувийн өрөөнд ач холбогдол өгдөг байсан тул нууц газар оффис түрээсэлдэг байжээ. Хаяг, байршил болон утасны дугаарыг нь зөвхөн түүний эхнэр л мэддэг байсан гэдэг.
2
Өдөр бүр алхах
Тогтмол алхаж, аялах нь олон уран бүтээлчдэд онгод оруулдаг. Тухайлбал, Английн зохиолч Чарльз Дикенс өдөр бүр тогтмол 3 цаг алхдагаараа алдартай байв. Тэрбээр алхах явцдаа ажигласан бүх зүйлсээ зохиолдоо шууд тусгадаг байжээ.
Харин Людвиг ван Бетховен үдийн хоолныхоо дараа урт хугацааны алхалт хийдэг байсан бөгөөд заримдаа урам хугарсан үедээ цаас, харандаа авч яван мэдрэмжээ буулгадаг байсан аж. Мөн XIX зууны хөгжмийн зохиолч Эрик Сати Парисаас өөрийн амьдардаг хотынхоо захад байрлах ажилчин ангийн тосгон руу байнгын явган аялал хийдэг байжээ. Мөн дайны жилүүдэд явган аялах боломжгүй болсноос үүдэн түүний бүтээмж буурсан гэх яриа ч байдаг.
3
Нарийн тооцоо, хэмжүүр
Хэдийгээр Антони Тролоп (Английн зохиолч) өдөрт ердөө 3 цаг бичдэг байсан ч 15 минутанд 250 үг бичихийг өөрөөсөө шаарддаг байжээ. Тэгвэл Америкийн сэтгэл судлаач Б.Ф.Скиннер ч цаг тутамд хэдэн үг бичсэнээ нарийн тооцдог байсан гэдэг. Ийнхүү ажлынхаа үйл явцыг нарийн хэмжих нь бүтээмжээ дээшлүүлэхэд тустай байдаг аж.
4
Чухал ажил болон цаг их зарцуулах ажлаа ялгах
Ихэнх суут хүмүүс уран бүтээлээ өглөө туурвиж, үдээс хойш захидалд хариулах гэх мэт цаг шаардсан ажлуудаа хийхээр хуваарилдаг. Захиаг хариу бичих дарааллаар нь байрлуулах нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдаг ба цаг хэмнэхэд тустай. Харин зарим нь уран бүтээлийн ажилдаа бага зэрэг түүртэх үедээ захидалд хариулах маягаар өөр зүйл хийж завсарлага авдаг байжээ. Тэдний харилцдаг байсан шуудан, захидал нь өнөөгийн и-мэйл шүү дээ. Тийм болохоор яг тэдэн шиг байдлаар ажлаа хуваарилж болох юм.
5
Ажлаа амжилттай хийж дуусгатал битгий зогс
Америкийн жүжгийн зохиолч Артур Миллер “Би усны ундарга ширгэдэггүй гэдэгт итгэдэг. Түүнтэй адил надад хэлэх зүйл байгаа л бол, би хэзээ ч бичгийн машинаас босохгүй” хэмээн хэлж байжээ.
Мөн нэрт хөгжмийн зохиолч Моцарт өглөө 6 цагт босож, бүтэн өдөржин хөгжмийн хичээл, тоглолт, нийгмийн ажилд оролцсоор шөнийн 1 цагт л орондоо ордог байсан аж. Тиймээс суутнууд ямар нэг асуудал тулгарахад, эсвэл залхуурсан үедээ биш зөвхөн ажлаа амжилттай дуусгасныхаа дараа л хийхээ зогсдог юм.
6
Ойлгож, дэмждэг хамтрагчтай байх
Сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн эхнэр Марта Фрейд нөхрийнхөө өмсөх хувцсыг нь бэлдэж, нүүрний алчуурыг нь сонгож, бүр сойзон дээр нь оо тавьж өгдөг байжээ.
Хамтрагчийнхаа хүсэл мөрөөдөл, уран бүтээлийг ойлгон дэмждэг байсан өөр нэг хүн бол Алис Б.Токлас юм. Америкийн зохиолч Гертруд Стейн зохиолоо гадаа сууж бичихийг илүүд үздэг байсан бөгөөд хад чулуу, үнээ зэргийг харах зуураа бичих дуртай байсан гэдэг. Тиймээс түүнийг хайрт Алис Б. Токлас нь Францын хөдөө нутаг руу дагуулан явж, түүнд харуулахаар үнээнүүд хүртэл тууж аваачиж байжээ.
Мөн Английн алдарт зохиолч Жейн Остиний эгч Кассандра бүхий л гэрийн ажлаа ганцаараа хийж, Жейнд зохиол бичих боломж олгодог байсан.
Өөр нэгэн жишээ болох Америкийн зураач Энди Вархол өглөө бүр өөрийн найз болон хамтрагч Пат Хакеттыг дуудаж өмнөх өдрийнхөө хийсэн бүх зүйлсийнхээ талаар ярилцдаг байжээ. Энэ мэтчилэн өөрийгөө дэмждэг хань, найз нөхөр, гэр бүлтэй байх нь амжилтын нэгэн үндэс болдог байна.
7
Ихэнх хугацааг нийгмийн амьдралаас тусгаарлагдаж өнгөрөөх
Францын зохиолч, философич Симон Дэ Бовуарын шүтэн бишрэгчдийн нэг нь ийнхүү хэлж байжээ. “Тэдний амьдралд хүлээн авалт, үдэшлэг гэж байхгүй. Харин ажлаа хийхийн тулд зориудаар бий болгосон энгийн, үймээн самуунгүй тайван амьдрал л байгаа” гэжээ. Үнэхээр алдартнууд нийгмийн амьдралаас тусгаарлагдаж, ажилдаа ихэнх цагаа зориулах нь бий.
Пабло Пикассо болон түүний найз охин Фернанде Оливери нар 7 хоног бүрийн ням гарагийг “гэр бүлийн өдөр” болгох санааг Стейн, Токлас нараас авч, амьдралдаа хэрэгжүүлж байсан гэдэг.