1
Вольтерийн уран бүтээлийн нэрний гарал үүсэл одоо хүртэл тодорхойгүй
Вольтерийн аав нь хүүгийнхээ уран бүтээлч болох хүслийг эсэргүүцэж, өөрийнхөө адил хуулийн салбарт оруулахыг хүсдэг байснаас эцэг хүү хоёрын харилцаа мууджээ. Түүнийг энэ явдлаас болж Франсуа-Мари Аруэ гэх жинхэнэ овог нэрээ солин, Вольтер хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэж үздэг. Гэвч Вольтер өөрөө энэхүү уран бүтээлийн нэрнийхээ утгыг хэзээ ч тайлбарлаж байгаагүй бөгөөд судлаачид түүний нэрний утгыг олон янзаар таамагладаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Вольтер бол Аруэ хэмээх нэрнийх нь Латин үсгийн анаграм гэх таамаг юм. Харин зарим судлаачид "Volunteer" буюу сайн дурын гэсэн үгнээс гаралтай ч гэж үздэг. Гэсэн ч түүний нэрний жинхэнэ нууц өнөөг хүртэл тайлагдаагүй хэвээр байна.
2
Вольтер Бастилийн цайзад жил орчим хоригдож байсан
Вольтер маш хөдөлгөөнтэй, үзэл бодлын хувьд чөлөөтэй нэгэн байсан тул заримдаа энэ чанар нь түүнийг асуудалд оруулдаг байв. Жишээ нь, тэрээр 1716 онд бичсэн Францын засгийн эрх баригчдыг ёгт маягаар шүүмжилсэн шүлгээсээ болж Парисаас богино хугацаанд цөлөгдөж байжээ.
Гэсэн ч залуу зохиолч “хэлээ хазаж” чадаагүй байна. Цөлөгдсөнөөсөө ердөө ганцхан жилийн дараа, засаг баригчийг цус ойртож, өөрийн охинтойгоо бэлгийн харьцаанд орсон гэх утгатай шүлэг зохиосон нь түүнийг Бастилийн шоронд хоригдоход хүргэжээ. Вольтер энэ үед нам гүм газарт илүү их бодох цаг гарсанд харин ч баярлаж байсан бөгөөд 11 сарын дараа шоронгоос суллагдсан байна. Гэвч удалгүй өөрийг нь доромжилсон язгууртантай тэмцэхээр төлөвлөсөн гэх үндэслэлээр түүнийг дахин буруутгагдаж, 1726 онд Бастилд хоёр дахь удаагаа хоригджээ. Ингээд суллагдсаныхаа дараа Англи руу оргож, тэндээ ойролцоогоор 3 жил амьдарсан байдаг.
3
Вольтер сугалаанд хожиж, их хэмжээний хөрөнгөтэй болж байсан
1729 онд Вольтер математикч Чарльз Мариа де Ла Кондамин тэргүүтэй хүмүүстэй хамтарч, Францын үндэсний сугалааны сул талыг ашиглан, их хэмжээний мөнгө хожих аргыг олжээ. Учир нь Засгийн газраас жил бүр сугалаанд ихээхэн мөнгө төсөвлөдөг боловч буруу тооцсоны улмаас тэрхүү мөнгө нь нийт эргэлтэд байгаа сугалааны үнээс хавьгүй илүү гардаг аж. Энэ цоорхойг ашиглан Вольтерийн багийнхан сугалаанд маш олон удаа хожиж, их хэмжээний мөнгө хожсон байна. Ингээд Вольтер ойролцоогоор хагас сая франкын гэнэтийн ашиг олж, түүнийгээ насан туршдаа уран бүтээлийн ажилдаа зарцуулах боломжтой болсон юм.
4
Вольтер туйлын чадварлаг зохиолч байсан
Вольтер 50 гаруй жүжиг бичсэний дээр, шинжлэх ухаан, улс төр, философийн олон бүтээлүүд туурвижээ. Үүгээр зогсохгүй, Оросын эзэнт гүрнээс эхлээд Францын парламент хүртэлх олон улсын түүхийг бичин, ном хэвлүүлсэн байдаг. Мөн маш олон шүлэг зохиосноос гадна найзууддаа болон хойч үедээ зориулсан 20,000 орчим захидал бичжээ.
Энэ бүх гайхалтай бүтээлүүдээ бичихдээ тэрээр өдөрт 18 цаг зарцуулдаг байсан бөгөөд ихэвчлэн орноосоо босолгүй өөрөө эсвэл нарийн бичигтээ хэлэн бичүүлдэг байсан аж. Энэ үедээ Вольтер кофег асар их хэмжээгээр хэрэглэдэг байсан бөгөөд зарим судлаачид түүнийг өдөрт 40 гаруй аяга кофе уудаг байсан гэж үздэг.
5
Түүний сор бүтээлүүдийн ихэнх нь тухайн цаг үедээ хориглогдож байсан
Вольтерийн бүтээлүүд шашин шүтлэгээс эхлээд шүүхийн тогтолцоог хүртэл эсэргүүцэж, шүүмжилсэн агуулгатай байсан тул Францын Засгийн газрын “Бичиг зохиолыг хянах төвөөс” ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг байжээ. Түүний бүтээлийн оргил хэсгүүдийг өөрсдийнх нь цензурт нийцээгүй хэмээн хасахыг шаарддаг байсан бөгөөд зарим номыг нь бүр шатаадаг байв. Энэ бүхнээс болж Вольтер маш олон бүтээлээ хилийн чанадад хэвлүүлж, заримыг нь өөрийн биш, хуурамч нэрээр нийтэлсэн гэж түүхэнд бичигджээ.
Тэрээр алдарт "Candide" зохиолоо Др.Ральф гэх нэрээр гаргаж байсан нь Засгийн газар болон сүмийн зүгээс тулгарсан эсэргүүцлээс хол байх гэснийх юм. Хэдийгээр Вольтер ийнхүү хуурамч нэрээр номоо хэвлүүлж байсан ч, баривчлагдах вий гэсэн айдастай хэвээр байлаа. Энэ нь ч хоосон айдас биш байсан бөгөөд тэрээр 1734 онд “Англи үндэстний талаарх захидал” бүтээлээ хэвлүүлснийхээ дараа эх орноосоо хөөгдөж, амьдралынхаа оргил үеүдийг Швейцарт өнгөрүүлжээ.
6
Вольтер Исаак Ньютон болон түүний алдарт алимны онолыг түгээхэд тусалсан
Хэдийгээр Вольтер хэзээ ч Ньютонтой уулзаж байгаагүй ч, түүний онолыг түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Тэрээр анх Ньютоны "Принсипия Математика" -ийн хуулбарыг хүлээн авч уншсаныхаа дараа, “Гарцаагүй үнэн” гэж дуу алдаад, асар хүндэтгэлтэйгээр сөгдсөн гэдэг. Тиймдээ ч, алдарт эрдэмтэн Таталцлын онолоо хэрхэн боловсруулсан талаарх анхны өгүүллүүдийн нэгийг Вольтер гаргасан юм. Тэрээр 1727 онд бичсэн "Эпик яруу найргийн тухай эссе" хэмээх номондоо "Ньютон модноос алим унахыг харсныхаа дараа Таталцлын хуулийн анхны санаагаа олсон” гэж бичжээ. Хэдийгээр Вольтер “Eureka!”-ийн анхдагч эх сурвалж байгаагүй ч, Ньютоныг нэрд гарахад чухал нөлөө үзүүлсэн юм.
7
Вольтер Францын Засгийн газрын тагнуулаар богино хугацаанд ажиллаж байсан
1730-аад оны сүүлээр Вольтер Их Фредриктэй ойр дотно харилцаатай байсан бөгөөд хожим Пруссын хаантай хэд хэдэн удаа уулзаж байжээ. Тэдгээр айлчлалын нэг болох 1743 оны айлчлалаар, Вольтер Францын шүүхэд өөрийн нэр төрийг сэргээхийн тулд Прусст тагнуул хийхээр болжээ. Ийнхүү Францын Засгийн газрын мэдээлэгчээр ажиллах гэрээ байгуулсныхаа дараа, Вольтер Пруссын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бичин Франц руу нууцаар илгээж байв.
Гэвч удалгүй Фредрик түүнийг сэжиглэж эхэлснээр, тагнуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Гэсэн ч Фредрик, Вольтер хоёр сайн найзууд хэвээр байсан бөгөөд зарим нь тэднийг хайр сэтгэлийн холбоотой байсан ч гэж үздэг. Вольтер 1750 онд Прусс руу нүүж ирсэн боловч 1752 онд Пруссын Шинжлэх Ухааны Академийн тэргүүнтэй хэд хэдэн удаа сөргөлдсөнөөр Фредриктэй харилцаагаа тасалжээ. Фредрик Вольтерийн бичсэн улс төрийн шогийг олон нийтийн өмнө шатааж, Вольтерт ял оноосон байна. 1753 онд Вольтер шүүхээс суллагдаад “Би 16 жилийн турш Фредриктэй хамтарч, түүнийг дэмжиж байсан. Гэвч тэр энэ удаан хугацааны минь шархыг эдгээж өглөө” гэж хэлж байжээ.
8
Вольтер хэзээ ч гэрлэж байгаагүй
Вольтер хэдийгээр гэрлэж байгаагүй ч, түүний амьдралд олон эмэгтэй байжээ. Тэрээр зохиолч, эрдэмтэн Эмилье дю Шатле (Émilie du Châtelet)-тэй 16 жилийн турш хамтарч ажилласан бөгөөд эцэст нь амрагууд болсон байна. Гэвч дараа нь өөрийн зээ дүү Мари Луиз Миньо (Marie-Louise Mignot)-той нууц харилцаатай болжээ. Тэр хоёр 1750-иад оноос эхлэн Вольтерийг нас барах хүртэл хамт амьдарсан бөгөөд 1760 онд ядуусын хорооллоос хүүхэд үрчилж авсан байна. Хосууд өргөж авсан охиноо Мари Франсуаза Корней (Marie Françoise Corneille) хэмээн нэрлэж, хожим нөхөрт гарахад инжийг нь өгчээ.
9
Вольтер хөгширсөн хойноо бугуйн цагны бизнест амжилт олсон
Вольтер 1770-аад оны үед Швейцарын Ферни хотод амьдарч байх үедээ цаг үйлдвэрлэгчидтэй хамтран, бугуйн цагны бизнест хүч үзэхээр шийджээ. Тухайн үед 70 гаруй настай байсан Вольтер эдийн засагч болон менежерийн үүргийг гүйцэтгэсэн байна. Удалгүй тэдний бизнес өргөжиж, тосгоны хэмжээнд үйлдвэрлэл явуулах болсон бол сүүлдээ Европын шилдэг өрсөлдөгч компани болж чаджээ.
Вольтер энэхүү компаниа Ферни хотын эдийн засгийн гол тулгуур болно гэж үзэж байсны дээр өөрийн танилын хүрээгээр дамжуулан худалдан авагчдаа олдог байжээ. Харин эцэстээ Оросын Их Кэтрин, Францын хаан XV Луис зэрэгт өөрийн бараа бүтээгдэхүүнээ худалдах болсон нь томоохон амжилт байсан юм.
10
Тэрээр үхэх хүртлээ маргаан өрнүүлсээр байв
Вольтер 1778 онд, нас барахаасаа хэдхэн сарын өмнө Парист иржээ. Энэ нь түүний хувьд хөөгдсөнөөсөө хойш 28 жилийн дараа эх орондоо эргэн ирж буй нь байлаа. Вольтерийн амьдралын сүүлчийн өдрүүдэд Католик сүмийнхэн түүнтэй уулзахаар удаа дараа очдог байжээ. Тэдний зорилго нь, насан туршдаа шашныг шүүмжилсэн Вольтерийн үзэл санааг буруушааж, үхлийн өмнө гэм бурууг нь хүлээлгэх байлаа. Харин агуу зохиолч тэднийг огтхон ч ойшоогоогүй бөгөөд “Намайг зүгээр л тайван үхүүл” хэмээн хэлсэн гэдэг.