1
Эцэг эх хүүхдийн харилцааг үгүй хийдэг
Эцэг эх хүүхдүүд хоорондын харилцаа маш нандин билээ. Гэхдээ сэтгэл зүйчид ухаалаг төхөөрөмжүүд нь тэрхүү харилцааг үгүй хийж болохыг сануулж байна. Америкийн сэтгэл судлаач Жиен Твингэ (Jean Twenge) –гийн хэлснээр ухаалаг утас ашигладаг хүүхдүүд хэдий эцэг эхтэйгээ нэгэн дээвэр дор байх ч тэдэнтэй ярилцдаггүй бөгөөд гэр бүлийн тэмдэглэлт баяр ёслолд огтоос хайхрахгүй болдог. Тэд ердөө л олон нийтийн сүлжээн дэх лайк болон сэтгэгдлүүдэд л анхаарлаа хандуулдаг байна.
2
Сөрөг зүйлсийг хэвийн мэт хүлээн авдаг болох
Нэгэн үе ном бол ертөнцийг таних цонх гэдэг байсан бол эдүгээ ухаалаг утастай байснаар бараг бүхий л зүйлсийг таньж болохоор болжээ. Гэвч энэхүү баялаг мэдээллийн сангийн сөрөг тал нь хүчирхийлэл, цахим гадуурхал мөн бусад таагүй зүйлс ч олноор оршдогт бий. Үүний үр дүнд хүүхдүүд садар самуунд татагдаж болзошгүй бөгөөд хүч хэрэглэхийг асуудал шийдвэрлэх нэгэн арга мэтээр хүлээж авах магадлалтай юм.
3
Насанд хүрэх үйл явцад нөлөөлдөг
Бид бүгд л хүүхэд байхдаа хурдан том болох юмсан гэж хүсдэг байсан. Мөрөөдсөн бүхнээ хийж, дэлхий дээрх бүх л чихрийг худалдан авч, хүсвэл л өндөр өсгийтөө гутал өмсөж, машин барина гэх төсөөллүүд биднийг насанд хүрэгчдийн амьдрал тун зугаатай гэж бодоход хүргэсэн билээ. Гэвч орчин цагийн хүүхдүүдэд ийм хүсэл сонирхолтой байхаа больжээ. Нэгэн судалгаагаар, өсвөр насны хүүхдүүд амьдралын удаан хэмнэлийг илүүд үзэх болсон нь тэднийг насанд хүрэгсдийн амьдрал буюу болзоонд явах, бэлгийн харьцаанд орох, ажиллах, эцэг эхээсээ тусдаа амьдрах эсвэл бүр жолоо барих зэрэгт огтоос яардаггүй болохыг нотолжээ.
4
Нийгмийн харилцаанд ороход саад болдог
Орчин үед өсвөр насны хүүхдүүд гэрээсээ гарах болон ямарваа нийгмийн харилцаанд орохоос зайлсхийдэг болсон нь нууц биш. Учир нь тэдэнд энэ нь тийм ч хэрэгтэй биш бөгөөд тэдний найзууд нь ганцхан товчлуурын цаана байдагт оршино.
Ухаалаг утас нь найзалж нөхөрлөхийг урьд урьдаас илүү хялбар болгож өгсөн. Тиймээс тэд жинхэнэ амьдрал дээр нийгмийн харилцаанд орохдоо маш олон бэрхшээлтэй учрах болжээ.
5
Депрэсс болоод өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог
Их Британийн сэтгэл судлалын нийгэмлэг нь ухаалаг утасны хэрэглээ нь депрэсс, өөртөө итгэлгүй байдал болон бусад сэтгэл зүйд нөлөөлөх өвчлөлүүдийн шалтгаан болохыг баталжээ. Учир нь, тэд үргэлж интернетэд холбоотой байх, хэдийд ч хамаагүй хариу зурвас бичих гэсэн дарамтад ордог бөгөөд ийнхүү тэд өөрсдийн цахим ертөнцийн амьдралд илүү мэдрэмтгий ханддаг юм. Түүнчлэн тэд бодит амьдрал, онлайн ертөнц хоёрыг ялгахдаа тааруу болдог байна.
6
Нойр муутай болдог
Эрдэмтэд хүний ухаалаг утасны хэрэглээ өндөр байх тусам нойроо сайн авдаггүй болохыг нотолжээ. Унтлагын цаг богино байх нь хувь хүний эрүүл мэнд хийгээд зан авирт сөргөөр нөлөөлдөг байна. Жишээлбэл, хичээлдээ анхаарахаа болих, танин мэдэх үйл ажиллагаа буурах зэрэг сөрөг нөлөөтэй юм. Маргааш эрч хүчтэй байхын тулд өнөөдөр сайн амрах хэрэгтэй гэдгийг санаарай.
7
Таргалалт үүсэх нэгэн хүчин зүйл болдог
Судалгаагаар ухаалаг утас нь таргалалтын нэг шалтгаан болдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ энэ нь тийм ч цочирдмоор зүйл биш юм. Хүүхэд ихэнх цагаа утсаа харж өнгөрүүлэхэд найз нөхөдтэйгөө уулзах, дасгал хөдөлгөөн хийх зэргийг хойш тавьдаг. Мөн ухаалаг төхөөрөмж идэвхтэй ашиглаж байгаа хүн амны зугаа болгон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг ажээ.
8
Зан авир доголдоход хүргэдэг
Урт хугацаагаар дэлгэцтэй нөхөрлөх нь анхаарал сулрах болон анхаарлаа юунд ч төвлөрүүлж чадахгүй байх буюу "ADHD" сэтгэцийн эмгэгтэй боолгоход хүргэдэг. Улмаар энэ нь гэр бүл, найз нөхдийн хүрээнд харилцааны доголдол үүсгэдэг. Мөн Дани улсын Үндэсний Төрөх Когорт хүүхдийн зан авир гар утасны хэрэглээ хоёр нь шууд хамааралтайг мэдээлэлжээ.
9
Хүүхдийг аз жаргалгүй болгодог
Өсвөр насны хүүхдүүд өдөрт дунджаас илүү их цагийг ухаалаг утас, таблет, компьютер зэргийг ширтэж өнгөрүүлснээр илүү аз жаргалгүй байх магадлалтай байдаг ажээ. Судалгаагаар хүүхдүүд утасгүй өнгөрүүлсэн цагтаа илүү аз жаргалтай байсан гэж тогтоогджээ. Энэ нь цахим орчин нь хүүхэд тэр бүү хэл том хүний гэр бүл, найз нөхөдтэйгөө харьцах харьцааг орлож чадахгүйг нотолж байна.