1
Өглөө бүрийг зорилготойгоор эхэл
АНУ-ыг үндэслэгчдийн нэг, эрдэмтэн, суут ухаантан Бенжамин Фрэнклин өөрийн амьдралдаа 13 дэг журмыг хатуу баримталдаг байжээ. Мөн өдөр тутамдаа баримталдаг жижиг мөрдлөгүүдийг ч бий болгон, чанд сахидаг байсан аж. Тэрээр өглөө бүр 5 цагт босож, өөрөөсөө “Би өнөөдөр ямар сайхан зүйлс хийх вэ?” гэж асуугаад, түүнийхээ дагуу тэр өдрийнхөө төлөвлөгөөг гаргадаг байсан аж. Ингэснээр тухайн өдрийг олон зүйлсэд сатаарч аль ч үгүй хоцрох, эсвэл юу ч хийлгүй өнгөрөөхөөс сэргийлж, өдрийн үр бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.
2
Орон дотроосоо ажилла
Энэ нь танд сөрөг үр дагавартай мэт санагдаж магадгүй юм. Гэвч түүхэн дэх хамгийн агуу хүмүүсийн зарим нь энэ маягаар ажилладаг байсан ажээ. Тэдний нэг төлөөлөл бол Соён гэгээрлийн үеийн агуу сэтгэгчдийн нэг, Францын зохиолч Вольтер юм. Тэрээр амьдралынхаа туршид 50 гаруй жүжгийн зохиол бичсэн бөгөөд тэдгээрийн ихэнхийг нь орон дотроосоо бичжээ. Гэвч тэр хэзээ ч залхуу хүн байгаагүйгээр барах уу, өдөрт 18 цаг ажилладаг байжээ. Энэ хугацаандаа кофег их хэмжээгээр буюу өдөрт 40-50 аяга уудаг байсан аж. Үүнтэй адил Британийн яруу найрагч Эдит Ситвел /Edith Sitwell/ зохиолуудаа ихэвчлэн орон дотроо бичдэг байсан бөгөөд “Эмэгтэйчүүд долоо хоногийн нэг өдрийг орондоо өнгөрөөх хэрэгтэй” гэж хэлж байжээ.
3
Өөртөө анхаарал тавь
Нүүрээ хагас дутуу будаж, хувцсаа яарч, сандран хааш яайш өмсөж гарсан бүтэлгүй өглөө тухайн өдрийг тэр чигт нь “нураах” нь бий. Тиймээс хэрвээ та өглөө бүрийг эерэгээр эхлүүлэхийг хүсэж байвал баяр баясал авчрах, өөртөө итгэх итгэл төрүүлэх зүйлс хийх хэрэгтэй. Жишээ нь, сэтгэл судлаач Зигмунд Фрейд өглөө бүр үсчнээ дуудан үсээ засуулж, сахлаа хусуулдаг байжээ. Харин Наполеон Бонапарт, Вольфганг Амадеус Моцарт нар өглөө бүр ихээхэн гоёж, гангалдаг байснаараа алдартай. Жишээ нь, Наполеон лаванда цэцэгтэй усанд ордог байсан бол, Моцарт зөвхөн хувцсаа өмсөхөд бүтэн цаг зарцуулдаг байжээ. Гэвч мэдээж гадаад төрхөндөө анхаарах нь өдрийн турш сэтгэл хангалуун байх ганц арга зам биш. Үүн дээр нэмээд дуртай сэдвээрээ подкаст сонсох, гүйх, аяга кофе уух зэргээр өглөөг сайхан эхлүүлж болно.
4
Алх
Английн эрдэмтэн Чарльз Дарвин өглөө бүрийг ойрхон зайд алхаж эхлүүлдэг байжээ. Гэвч зүгээр нэг алхахгүй, алхах явцдаа шинжлэх ухааны талаарх олон асуултуудыг өөрөөсөө асуудаг байсан аж. Магадгүй энэ үедээ тэр шинжлэх ухааны нээлт болсон асуултуудынхаа хариултыг олсон байж болох юм. Учир нь зарим төрлийн дасгалууд нь хүний тархины үйл ажиллагааг өдөөн, эрчимжүүлдэг байна. Энэ талаар "Psychology Today" сэтгүүлд бичсэнээр “Дарвин өглөө бүр алхдаг байсан нь Хувьслын онолыг боловсруулахад нь тийм ч их нөлөөлөөгүй байж болох ч, алхалт нь түүний танин мэдэхүйн салшгүй нэг хэсэг байсан” гэжээ.
5
Бусад дасгалууд хий
Хэрэв та алхах, гүйх, сэлэх гэх мэт уламжлалт дасгалуудад дургүй бол бусад төрлийн биеийн дасгалуудыг хийж болох юм. Тухайлбал, Швейцар-Францын архитектор Ле Корбусье (Le Corbusier) өглөө бүр 6 цагт босож, 45 минутын турш турникэн дээр суниадаг байжээ.
Английн зохиолч, Уоденаус (P.G.Wodehouse) ч мөн түүнтэй адил зуршилтай байсан байна. Мөн бас нэг гайхалтай жишээ нь, Америкийн 31 дэх Ерөнхийлөгч Херберт Хоувер (Herbert Hoover)-т зориулан эмч нар нь “Хоуверболл” гэх шинэ спортыг зохиосон бөгөөд Ерөнхийлөгч тус спортоор өглөө бүр 7 цагт, Цагаан ордны өмнөх зүлгэн дээр хичээллэдэг байжээ. Тиймээс та ч мөн өөртөө тохирох, шинэ тоглоом зохиож яагаад болохгүй гэж?
6
Гараа бохирдуул
1850 онд Америкийн зохиолч Херман Мелилли, Массачуссс муж дахь 160 акр газрыг фермийн байшингийн хамт худалдан авч "Arrowhead" гэж нэрлэжээ. Тэрээр өөрийн биеэр фермийн ажлыг эрхлэхийг илүүд үздэг байсан бөгөөд өглөө бүр 8 цагт босож морь, үхэртээ өвс тэжээл өгдөг байсан аж.
Дараа нь, тэрээр өглөөний цайгаа уугаад, зохиолоо бичиж эхэлдэг байв. Херман шиг иймэрхүү зүйлээс таашаал авахын тулд танд заавал бүрэн хэмжээний ферм байх албагүй. Харин ердөө л жижигхэн цэцгийн эсвэл ногооны талбай байхад л хангалттай.
7
Бясалгал хий
Соён гэгээрлийн үеийн философич Иммануэл Кант өглөө бүрийг бясалгал хийж эхлүүлдэг байсанд гайхах зүйлгүй юм. Тэрээр өглөө 5 цагт босож цай эсвэл кофе уугаад, тамхи татсаныхаа дараа заавал бясалгал хийдэг байжээ.
Бясалгал нь сэтгэлийн түгшүүрийг багасгадаг зэрэг шинжлэх ухаанаар нотлогдсон хэд хэдэн ач тустай гэдгийг та мэдэх байх. Хэрвээ та өглөө сэрчхээд, орноосоо босолгүй, хийх зүйлсээ бодож хэсэг хугацаанд хэвтдэг бол Кантын бясалгалын арга танд яг тохирно.
8
Оюун ухаанаа сэргээ
Английн зохиолч Жэйн Аустен (Jane Austen) өглөө бүр гэрийнхнийгээ сэрэхээс өмнө, төгөлдөр хуур тоглож, өөрийн “оюун санаагаа сэрээдэг” байжээ. Мөн Англи-Америкийн зохиолч В.Х.Ауден (W.H. Auden) өглөө бүрийг үгийн сүлжээ бөглөж эхлүүлдэг байсан юм
Мөн Жон Квинс, Адамсаас Теодоре Рузвельтээс эхлээд маш олон тооны улс төрчид өглөө эрт мэдээ, нийтлэл, ном зэргийг уншихыг эн тэргүүнд тавьдаг байжээ. Тэд бүгд өөр өөр зүйл уншдаг байсан ч, ном бол тархины түлш, мэдлэг бол хүч гэдгийг бүгд маш сайн ойлгодог байсан юм.