1
Бид бодохдоо: Толгойдоо цохиулахад өвддөг
Гэвч: Үнэхээр нэг их өвдөхгүй. Толгой руу цохилт ирэхэд тэр дороо өвддөггүй. Бага зэрэг дүлийрүүлж, шоконд оруулах боловч энэ нь тэвчмээр зүйл. Жинхэнэ өвдөлт хожуу илэрдэг дүйнгэ татаж, толгой янгинасан байдаг. Тэгээд ч цохилтыг бээлий, дуулга зөөлрүүлдэг. Хаяа нэг яг тархинд онож цохиход хүндээр тусах нь мэдээж. Элэг рүү хүчтэй цохиход нүд харанхуйлаад энэ хүчирхийллийг дуусгахаас өөр зүйлийг бодохгүй болгоно. Харин толгойд цохиулсны дараа эр зориг хүчний тухайд боддог бол элэг рүүгээ цохиулсан үед цаашид зодолдох чадалгүй болдог. Өвдөлт бүхий л ухаан санааг эзэмдэж хэвийн амьсгалж чадахгүй болон тэмцээнийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй мэт санагддаг.
2
Бид бодохдоо: Боксын тулааны үеэр шүд яйруулдаг
Гэвч: Өндөр зэрэглэлийн боксын тулааны үед энэ явдал маш ховор тохиолддог. Олон дасгалжуулагчид амьдралдаа ийм тохиолдолтой төдийлөн таарч байгаагүй гэдэг. Мэргэжлийн боксчдыг хар л даа, инээмсэглэхдээ шүдтэй л байгаа биз дээ.
Нэгдүгээрт, бээлийтэй гар нь бие рүү жигд цохилт үзүүлдэг болохоос нүцгэн гараараа шууд шүд рүү цохиж байгаатай адилгүй. Хоёрдугаарт, дуулга малгай тулааны үед найдвартай хамгаалалт болдог. Боксчны малгай нь эрүүг хажуугийн цохилтоос найдвартай хамгаалдаг. Хэдий одоо дуулгагүй тулалдах болсон нь ч мөн учиртай. Гуравдугаарт, шүдний хамгаалалт байгаа шүү дээ. Ийм шүдний хамгаалагчийг боксчид зөвхөн дээд шүдэндээ хийдэг ч энэ нь дээд доод шүдийг адилхан хамгаалдаг. Мэдээж хааяа нэг ганц нэг шүдэнд цууралт гардаг ч энэ нь мөн л маш ховор. Хамар хугарах ч бас ховор, тэглээ ч шүднээс ялгаатай нь өөрөө эдгэрдэг эрхтэн юм.
3
Бид бодохдоо: Зэрлэгүүд л боксоор хичээллэдэг
Гэвч: Боксыг хэрвээ хэрцгий спорт гэж үзвэл боксчдыг “түрэмгий”, “хамгаалагч” гэж хоёр ангилж болно. "Түрэмгий"-чүүд бол хүчирхийлэгч, зодоонч, хурц мэдрэмжтэй тулаанчид юм. Тэд тэмцээнд орох дуртай, хэрэв бокс байгаагүй бол тэд гудамжинд энгийн иргэдтэй зодолдоно. Харин “Хамгаалагч”-ид бол туяхан хүмүүс. Тэд хүчирхийлэгч биш, бусдыг өвтгөхийг хүсдэггүй, амьдрал дээр “түрэмгийчүүдийн” хохирогч болдог. Энэ хоёрын аль алиных нь хувьд тэмцээнд орохын тулд эр зоригтой байх хэрэгтэй болдог ч тэмцээн тэдэнд таашаал биш харин ч уур цухал төрүүлдэг. Энэ бухимдлаас болоод олон шинэ тамирчин өөрийнх нь эсрэг энэ их хүчирхийллийг тэвчиж чаддаггүй. “Хамгаалагч”-дын хувьд боксчин болж байгаа сэдэл нь “түрэмгий”-чүүдийнхээс огт өөр. Тэдний хувьд зүгээр л бие бялдар, сэтгэл санаагаа хөгжүүлж бэхжүүлэх, “түрэмгий”-чүүдийн золиос болж мэдэх нэгнийг хамгаалах сонирхолтой. Боксоор хичээллэгсдийн ихэнх нь хүчирхэг спортын тамирчин болохыг хүсдэг бол “түрэмгийчүүд” 30 хувь орчим л байдаг. Тиймээс боксын спортоор зөвхөн балмад бүдүүлэг хүн хичээллэдэг гэж бодох нь буруу юм.
4
Бид бодохдоо: Боксчид яг л горилл шиг харагддаг
Гэвч: Сайн боксчныг гадаад төрхөөр нь тодорхойлох аргагүй. Бие хаа сайтай, том гүзээтэй, сахалтай чийрэг эрийн элэг рүү нь нэг цохиход л унаад өгч мэднэ. Туяхан юм шиг атлаа талбай дээр ажиллаж байгаад өрсөлдөгчөө ганц цохилтоор унагаачхаж ч магадгүй.
Энгийнээр бодоход боксын спорт нь амьдрал дээр нэгнийгээ балбаад нус нулимстайгаа холилдоод байх нь ичмээр атал рингэн дээр болохоор эр зориг гайхамшиг юм шиг харагдах. Өрсөлдөгчөө сул дорой юм шиг, гэнэ хонгор, өөрт тань балбуулаад байхаар нэгэн мэт харагдавч үнэн хэрэгтээ тэр цагаа болохоор нэг цохиод л унагааж чадахаар нэгэн байгаа.
5
Бид бодохдоо: Том залуус өрсөлдөгчөө нэг цохилтоор унагаадаг
Гэвч: Том биетэй өрсөлдөгч бүр үргэлж хүчтэй байдаггүй. Шинээр хичээллэгсэд эхлээд арга техник муу байдаг. 60 кг-ын жингийнхэн сар хичээллэж байгаа 100 кг-ынхнаас илүү хэрцгий, хүчтэй байх жишээний. Тэгэхээр жин, хэмжээ гол биш харин техник, хурд гол үүрэгтэй. Сайн цохихын тулд биеийн жингээ зөв хуваарилж зөвхөн гараараа хурдан онож цохихоос гадна гартаа бүх биеийнхээ жинг хуримтлуулан биеэрээ цохих ёстой.
6
Бид бодохдоо: Толгой руу цохиод л нам унагадаг
Гэвч: Нам цохиж сурахын тулд хэдэн жилийн дасгал сургуулилт хэрэгтэй, ингэж байж тамирчны зиндаанд хүрч сая нэг тэмцээнд орно. Ихэнх тэмцээн нам цохилтгүйгээр онооны давуу байдлаар өндөрлөдөг юм шүү. Олимп, дэлхийн аваргын тэмцээнүүд ч тэр. Ер нь нам цохих нь жирийн зодоонд ч ховор шүү дээ. Нокаут буюу нам цохих нь бокст ч бас ер бусын л зүйл. Ийм түвшинд хүрч өрсөлдөгчөө нам цохихын тулд олон жилийн дасгал сургуулилт, бэлтгэл хэрэгтэй.
7
Бид бодохдоо: Бокс бол эрүүл амьдралын хэвшил л гэсэн үг
Гэвч: Канад Италийн эрлийз домогт мэргэжлийн боксчин Артур Гатти тамхичин байсан бол Майк Тайсон архи уудаг, Ковалев өдөрт хоёр шил шар айраг уудаг хүмүүс байх жишээний. Бокс нь өөрөө их сэтгэлийн дарамттай спорт гэгддэг. Олон тамирчин сэтгэл санаагаа тайвшруулахын тулд хорт зуршилтай болсон байдаг. Гэхдээ нөгөө талаас нь харвал ихэнх боксчид тэсвэр хатуужилд муугаар нөлөөлдөг хэмээн тамхинаас татгалздаг нь үнэн.
8
Бид бодохдоо: Боксоор хичээлэлвэл бие бялдаржиж булчинлаг болно
Гэвч: Боксчид ихэнх тохиолдолд хүнд жингийнхэн шиг биш харин ч туранхай, бараг л саваа шиг харагддаг. Тэдэнд том гүзээ, нэг их ханхар цээж биш ердийн л та бидэн шиг гар хөлтэй, бага зэрэг гоолиг харагддаг. Булчинлаг хүнд жингийнхэн бол байгалиас заяасан булчин, бэлхүүс заяаж, тэр хэрээрээ ч дасгал сургуулилтаар хөгжүүлдэг. Хүнд жингийн тамирчин Али гэхэд л булчингаа хөгжүүлэх гэж тусгайлан хичээллээгүй. Тэгэхээр бокс бол юун түрүүнээ аэробикийн дасгал, үе шаттай сургуулилт гэж хэлж болно. Боксчдын тэмцээнээс гадуурх байнгын ажил нь туйван өргөх, төрөл бүрийн төхөөрөг дээр хичээллэх зэргээр өнгөрдөг. Турах хүсэлтэй хүмүүс мөн ийм л төхөөргүүд дээр дасгал сургууль хийж өөхөө хайлуулдаг биз дээ. Гэхдээ ийм аргаар сайндаа л 2 кг хасна. Харин боксын сонгодог дасгалын үед булчинд ачаалал өгөн хичээллэснээр үүнээс ч илүү үр дүнд хүрнэ.
9
Бид бодохдоо: “Би боловсролтой төвшин хүн, бокс миний ажил биш”
Гэвч: Америкийн зохиолч Хемингуэй боксчин байсан, Оросын зохиолчцНабоков боксоор хичээллэж, дуучин Иосип Кобзон Украины залуучуудын боксын аварга болж, жүжигчин Жан-Поль Бельмондо Парисын аварга тус тус болж байжээ. Жүжигчин Роберт Де Ниро, Депардье, Микки Рурк, Элвис Пресли, Чарли Чаплин, Лиам Нисон, Фрэнк Синатра, Высоцкий, Эдвард Разинский, Оскар Уайльд, Довлатов, Розенбаум гээд тэд бүгд боксчин байсан хүмүүс юм. Тиймээс заавал гудамжны зодоонч боксчин болохыг хүсдэг гэдэг буруу ойлголт юм.
10
Би бодохдоо: Холимог тулааны урлаг боксоос аюултай
Гэвч: Харин ч бокс нь холимог тулааны спортоос аюултай. Эхлээд харахад холимог тулааны спорт нь өшиглөж, авч шидэж, зэрлэг юм шиг харагдавч үнэн хэрэг дээрээ олон дүрмээр хязгаарлагдмал. Энд ердөө нэг л баримт дурдахад хангалттай. Спортын анагаах ухааны клиникийн эмч Глена Сатера холимог тулааны 1181 тамирчин, 550 боксчны талаар тус тус судалгаа хийжээ. Гэтэл холимог тулааны тамирчдын 50 хувь нь харин боксчдоос 60 хувь нь тогтмол гэмтэл авдаг гэсэн үр дүнд хүрчээ. Гэхдээ боксчдын гэмтэл илүү аюултай байдаг байна. 1998-2001 оны хооронд гуравхан жилд рингэн дээр 60 боксчин амиа алдсан бол энэ хугацаанд холимог тулааны спортын ердөө дөрвөн тамирчин л амь алдсан байна. Аль нь илүү аюултай байна даа...