1
Тэр хэн бэ?
"Хөргөө зуруулсан эмэгтэй хэн бэ?" гэдэг асуулт одоо ч хариулагдаагүй байна. Ихэнх судлаачид энэ эмэгтэйг Лиза Мариа Ди Жирардини гэх 1479 онд Флоренцид төрсөн Италийн язгууртан гаралтай эмэгтэй гэж итгэдэг.
Түүний хөргийг зуруулахаар нөхөр Франчиско Ди Бартоломио Ди Занобидил Гиочондо захиалга өгсөн байдаг. Тэрээр нөхрийн хамт даавуу, торгоны худалдаа эрхлэн дундаж амьдралаар аж төрдөг байжээ. Тэрээр Пиоро, Андриа, Камилиа, Жокондо болон Мариатта гэх 5 хүүхэд төрүүлсэн.
Өөр нэгэн таамаглалаар зураг дээрх эмэгтэйн царай Форли-гийн гүнгийн авхай Катерина Сфорза-тай төстэй гэдэг юм. Өөр нэгэн онолоор энэхүү эмэгтэйг Флоренцийн захирагч Жулиано Ди Мэдичи-гийн нууц амраг Эзабелла Ди Эсти ч гэж үздэг. Бусад судлаачид тэрхүү эмэгтэйг Давинчи-гийн ээж эсвэл нүүрний бүтцийн хувьд адил учир Да Винчи өөрөө байх магадлалтай гэж үздэг байна.
2
Мона Лизагийн инээмсэглэл
Мона Лизагийн учир нууцлаг, сонирхол татам мөн хүнийг бодолд автуулах тэр инээмсэглэл магадгүй энэ зургийн хамгийн хачирхалтай элементүүдийн нэг юм.
Таван зууны туршид түүнийг ер нь инээмсэглэж байгаа эсэх, мөн түүнийг жаргалтай, эсвэл гунигтайн аль нь вэ? гэх асуултууд дээр хүмүүс маргалдсаар байна. Харвардын их сургуулийн профессор Маргарет Ливингстони тухайн зураг зурагдсан арга барилаас болж Мона Лизагийн нүд рүү харах үед тод томруун инээмсэглэл тодорч гардаг гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.
2005 онд Голландын судлаачид сэтгэл хөдлөл таних программын тусламжтайгаар тухайн зураг 83 хувийн аз жаргалтай, 8 хувийн ой гутсан, 6 хувийн айдастай, 2 хувийн ууртай, 1 хувиас бага тодорхой бус, 0 хувийн гайхсан гэх сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлж байгааг тогтоожээ.
Тийм хэдий ч олон хүмүүс түүний инээмсэглэл таныг хаанаас, ямар өнцгөөс харснаас болж өөрчлөгддөг гэж хэлдэг. Хэрэв та ойрхноос түүнийг харвал төлөв даруу, бүрэг эмэгтэйг харах болно. Харин холоос харах үед, тэрээр жаргалтайгаар инээмсэглэж байх болно.
3
Нууц кодууд
Италийн соёлын өвийг хадгалах нийгэмлэг тухайн зургийн өндөр нягтралтай дүрсүүдийг микроскопын томруулдаг шилээр харсны дараа, тухайн зураг дээр хэд хэдэн үсэг болон тоонууд байгааг илрүүлжээ.
Урлагийн түүхч Силвано Винситти Мона Лизагийн баруун нүдэн дотор “LV” үсгүүд байгааг олсон бөгөөд үүнийг уран бүтээлч Лионардо Давинчи өөрийнхөө нэрийг үлдээсэн хэмээн үздэг байна. Зүүн нүдэн дотор тод бус “CE” үсгүүд эсвэл “B” үсэг байгааг харж болно. Зургийн ард байрлах гүүрэн дээр “72” эсвэл “L2” гэж бичсэн байдаг.
Уран бүтээлч маань эдгээр тоо болон үсгүүдийг нүдэнд харагдахгүй байхаар яах гэж бичиж үлдээсэн нь үнэхээр сонирхол татам хэрэг юм аа.
4
Хэний ч мэдэхгүй гүүр
Мона Лизагийн толгойн ард байх зүүдний юм шиг сайхан байгаль ихэнхдээ түүний царайны онцгой байдалд дарагддаг. Түүний ард байрлах 3 арктай гүүр нь энэ манантай, нууцлаг газрыг хайж олох сонирхлыг төрүүлдэг. Италийн түүхч Карла Глори Мона Лизагийн зүүн мөрний цаана байх гүүрийг Понти Гоббо (хөгшин гүүр) гэх гүүр мөн гэсэн саналыг дэвшүүлдэг. Энэ нь Италийн хойд хэсэгт байрлах жижиг тосгон юм.
Глоригийн онол нь Винситтигийн олсон 72 гэх тоотой холбогддог байна. Тэрээр 72 бол 1472 оныг илэрхийлж байгаа бөгөөд энэ жил түүхэнд аймшигт үер тохиолдож Трибиа голын ус хальж, Гоббо гүүрийг эвдсэн юм.
5
Түүний харц
Яагаад Мона Лизагийн зургийг хаанаас ч харсан яг тань луу ширтэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Гурван хэмжээст ертөнцөд бид хаана зогсож тухайн объектийг харж байгаагаас шалтгаалан гэрэл сүүдрийн өөрчлөлт бидэнд харагддаг гэвч хоёр хэмжээст гадаргуу дээр энэ нь тийм биш.
Лионардо Давинчи "chiaroscuro" (зурагт гэрэл болон сүүдрийг илэрхийлэх техник) –г их мастерийн түвшинд харуулсан нь маш бодит гэрэл сүүдрийг бий болгожээ. Энэ гэрлийн үзэгдлээс болж Мона Лиза таныг хаа ч байсан тань руу ширтээд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг ажээ.
6
Хөрөг зургийн ард нуугдсан зураг
2006 онд Канадын эрдэмтэд хэт ягаан туяа болон лазер дүрсжүүлэлт ашиглан Мона Лизагаас Давинчигийн эхэлж зурж байсан ноорог зургуудыг илрүүлсэн байна. Эдгээр зургуудад Мона Лизагийн дунд болон долоовор хурууны байршил өөрчлөгдөж байсан мөн Лизагийн даашинз дээр байсан бүс, өвдгөн дээр нь тавьж гэдсийг нь хаасан нимгэн хөнжил багтсан байдаг байна.
2015 онд Францийн инженер Паскал Котт өөр өөр долгионы урттай гэрлийн бөөмүүдийг зурган дээр тусган ойх гэрлийг хэмжиж харжээ. Үүний үр дүнд Мона Лизагийн зургийн ард байх өөр нэгэн нууц зургийг олж харсан байна.
Энэ аргаа Франц инженер “Давхарга тодруулах арга” гэж нэрлэсэн бөгөөд тэрээр “Бид зургийг бүтээхэд зурсан давхарга болгон дээр юу болсныг мэдэж болно. Давхарга болгоныг яг л сонгино шиг хуулж чадна” хэмээн хэлжээ. Ийнхүү тэрээр дөрвөн өөр дүрсийг илрүүлсэн бөгөөд тэдний нэг нь инээмсэглээгүй жижиг нүүртэй залуухан эмэгтэйн зураг байжээ.
Энэ нээлтийн дараа зурган дээрх эмэгтэйг хэн гэдэг талаар өөр өөр онолууд гарч ирсэн юм. Магадгүй бүсгүйн жинхэнэ царай үргэлж нууц хэвээр үлдэх биз ээ.
7
Жирэмсэн Мона Лиза
Энэхүү эмэгтэйг Лиза Дил Жокондо хэмээн таамагладаг түүхчид түүнийг энэ үед жирэмсэн байсан гэж үздэг. Учир нь Мона Лиза зурган дээрээ бага зэрэг дугараг гэдсэн дээрээ гараа тавьсан байдаг бөгөөд Жокондог тухайн үед хоёр дахь хүүхдээ тээж байсан гэх түүхийн баримт байдаг байна.
Цаашилбал хэт ягаан туяагаар зургийг шинжилж үзэхэд түүний мөр дагуу "guarnello" гэх гивлүүр байгааг тогтоожээ. Энэ нь даавуугаар хийсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн зүүдэг гивлүүр юм.
Энэ гивлүүрийг зүгээр мөрөн дээрээ тавьсан ороолт байх гэж таамаглах хүмүүс ч олон бий. Гэсэн хэдий ч түүний гараараа гэдсээ хаасан байдал болон Жокондо гэх эмэгтэйн тухайн үед жирэмсэн байж таарч байгаа явдал мөн тэр гивлүүрийг өөр хөрөг зурган дээр жирэмсэн эмэгтэйчүүд өмссөн байгаа нь Мона Лизаг хүүхэд тээж байсан байх магадлалтайг харуулж байна.
8
Бид яагаад түүнийг үзэсгэлэнтэй гэж хардаг вэ?
Түүхийн туршид Мона Лизагийн хөргийг цаг хугацаанд үл ажрах үзэсгэлэн гоо хэмээн магтсаар иржээ. Мона Лизагийн гоо үзэсгэлэн зөвхөн түүний харц болон инээмсэглэлээс үүдэлтэй гэвэл эндүүрэл болно. Учир нь зургийг харах үед харц, инээмсэглэлээс нь давсан үгээр хэлж боломгүй нууцлаг гоо үзэсгэлэн мэдрэгддэг билээ.
"Алтан харьцаа" гэдэг ойлголт тэгш өнцөгтийн урт өргөн хоёрын харьцаанаас бий болдог бөгөөд энэ нь хүний нүдэнд хамгийн төгс сайхан харагддаг хэмжээс юм. Бид алтан харьцааг байгальд наран цэцгийн дугуйрсан голоос мөн хүний гараар бүтсэн Партионы багануудаас харж болно. Лионардо Да Винчи алтан харьцааг бурхны хэмжээс юм хэмээн хэлсэн байдаг.
Мона Лизагийн нүүрний тэгш өнцөгт дүрсийг байрлуулахад, түүний эрүү, толгойн дээд хэсэг болон хамар нь яг нэг шугаманд байдаг. Энэхүү зурганд алтан харьцааг ашигласан байдаг нь түүнийг харсан хүмүүсийн мэдэрдэг нууцлаг, сонин жигтэй мэдрэмжийн шалтгаан биз ээ. Түүний нүүрний харьцаа нь гоо үзэсгэлэн болон байгалийн тэнцвэрийг илэрхийлж хүний нүдэнд хамгийн сайхан харагддаг байна.
Мона Лизагийн зурагны энэхүү хүмүүсийг татах нууц увдисыг математикаар тайлбарлаж болно гэж хэн мэдэх вэ дээ?
9
Хулгайлагдсан зураг
1911 онд Лууврын музейгээс Мона Лизаг тухайн музейд ажиллаж байсан Винченцо Пиружи гэх Итали хүн хулгайлжээ. Тэрээр энэхүү зургийг Напальон Бонапарт Флоренцоос хулгайлсан гэж үзэж эх нутагт зургийг авчрахыг хүсжээ.
Хоёр жилийн турш Мона Лизагийн зураг хаана байгааг хэн ч мэдэхгүй байлаа. Харин 1913 онд Пиружи Италийн урлагийн бүтээлийн наймаа эрхэлдэг Алфредо Жири-тэй холбогдсон байна. Пиружи Италийн засгийн газарт Мона Лизагийн хөргийг Флоренцод буцаан авчирсныхаа төлөө өөрт нь мөнгө төлөхийг хүсжээ.
Зураг буцан ирсний дараа ч хүмүүс сонирхлыг татсаар байв. Учир нь Пиружигийн хүссэн мөнгө санасныг бодоход бага мөнгө байсан юм. Хүмүүс энэ зураг хулгайлагдсан гэх дуулиан ердөө хүмүүсийн сонирхлыг зураг болон галлерейд хандуулах гэсэн заль мэх байсан уу хэмээн эргэлзэж эхлэв.
Хожим Перужитай хамтран ажилласан хулгайчийг олонд танигдсан урлагийн бүтээлийг хуулбарлагч Эдуардо Ди Валфиарна байсан гэдгийг олж тогтоосон байна. Үүний дараа хүмүүс Мона Лизагийн зургийг хулгайлсан шалтгааныг тухайн зургийг хуулбарлаж мэдэхгүй урлагийн бүтээл цуглуулагчдад өндөр үнээр зарах гэсэн байна гэсэн онол дэвшүүлжээ.
10
Нууцыг тайлсан уу?
Мона Лизагийн учир битүүлэг бага зэрэг хазайсан инээмсэглэлийн нууцыг тухайн зургийг хархаар дугаарлан зогсож байсан Бостоны эмч тайлсан байж болох юм. Мандиип Р.Мехра эмч түүний царайны өвөрмөц шинжүүдийг судалсны дараа түүнийг булчирхайн эмгэгтэй байсан гэж оношилсон байна. Түүний шарласан царай, шингэн үс, хазайсан инээмсэглэл зэрэг нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ.
Мехра нь Бригам эмэгтэйчүүдийн эмнэлгийн зүрх судасны төвийн захирлын алба хашдаг хүн юм.
Мона Лизагийн зүүн нүдний доод хэсэгт жижиг товгор зүйл байгааг, шингэрсэн үс, сормуусны үс байхгүй байгаа, долоовор хуруун дээрх товгор зүйл байгааг Мехра эмч л ажиглаж чадсан юм. Эдгээр шинжүүд нь түүний шар арьс, хүзүүн дээрх жижиг булдруутай хамт бамбай булчирхайн томролтын шинж тэмдгүүд гэж үзэхэд хүргэв. Тэрээр Мона Лизагийн сонин инээмсэглэл нь булчингийн сулралаас үүдэлтэй байж болно гэсэн санааг дэвшүүлжээ.
Мехра тухайн эмэгтэйн хоолны дэглэмийн талаар илүү нарийвчлан судалж 16-р зуунд иодын дутагдал их байсныг олж тогтоожээ. Иод бол бамбай булчирхай эрүүл байхад чухал үүрэгтэй эрдэс тул магадгүй Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлийн учир ийнхүү тайлагдсан байж болох юм.