Леброн Жеймсийн тухай сонирхолтой баримтууд

Өнөө цагийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчин хэмээн нэрлэгддэг Леброн Жеймс (Lebron James) гэх нэрийг дуулж байгаагүй хүн гэж тун ч ховор. Түүнийг сагсанбөмбөгийн ертөнцөд "Хаан" хэмээн хочилдог бөгөөд тэрээр спорт төдийгүй амьдралдаа ч хаан шиг байж чаддаг гайхалтай нэгэн. Өнөөдөр та бүхэндээ нэрт сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жеймсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Леброн Жеймсийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Коллежэд сураагүй

Ихэнх тоглогчид ямар нэгэн байдлаар коллежэд суралцасны эцэст Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо болох "NBA"-д хөл тавьдаг билээ. Харин Леброны хувьд тэрээр коллежийг алгасан ахлах сургуулиа төгсөн шууд л "NBA" гэх том айлд орсон юм. Тэрээр Охайо мужын Акрон хотын "Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн" нэрэмжит ахлах сургуульд суралцан, сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээ багт нь тоглодог байсан аж. "NBA"-д орохоосоо өмнө хэдийн өөрийн ур чадвараар гайхагдан, олноо бишрэгдэж байсан Леброн ахлах сургуульд байхдаа 31.6 оноо дунджилж гайхалтай үзүүлэлт үзүүлж байсан бөгөөд 2003 онд драфтын нэг дэх сонголтоор Клевланд Кавальерс (Cleveland Cavaliers) багт орсноор түүний "NBA" дэхь сагсанбөмбөгийн замнал эхэлсэн юм. 

Коллежэд сураагүй

2 Хамгийн залуу "Шилдэг шинэ тоглогч"

Бүхий л амжилтыг эвдэж, эзэмшиж яваа тэрээр ердөө 20 настай байхдаа буюу 2004 онд NBA-ийн "Улирлын шилдэг шинэ тоглогч"-ын шагналыг хүртэж, үзэгч олныг баярлуулж байсан билээ. Тэрээр 2003-2004 улиралд 20 оноо, 5.5 самбараас бөмбөг авалт, 5.9 оновчтой дамжуулалт дунджилж байсан төдийгүй 2004 оны Афины зуны олимпд улсаа төлөөлөн баг хамт олноороо оролцож, хүрэл медаль хүртсэн байдаг.

Хамгийн залуу "Шилдэг шинэ тоглогч"

3 Сайн үйлсийн аян

Түүний карьер ид өрнөж, олонд танигдаж байх үед тэрээр бусдад тусламжийн гараа сунгахаар 2004 онд "LeBron James Family Foundation"-г байгуулсан юм. Ээжтэйгээ хамтран байгуулсан тус сан нь өрх толгойлсон ээжүүдэд зориулагдсан бөгөөд тэдний үрсийн эрүүл аюулгүй байдал, боловсролд түлхүү анхаарлаа хандуулж ажилладаг байна. Мөн жил бүр хүүхдүүдтэй хамт өнгөрүүлэх өдрийг зохион байгуулдаг төдийгүй 2015 онд 1100 сурагчдын 5 жилийн сургалтын төлбөр болох 41 сая долларыг төлөхөөр болж, мянга мянган хүний магнайг тэнийлгэж, бахархлыг нь төрүүлж байсан гайхалтай нэгэн. 

Сайн үйлсийн аян

4 Хүүхэд нас

Нэрт тамирчны хүүхэд нас ганцаардал, зовлон зүдгүүр дунд өнгөрсөн байдаг. Түүний ээж нь өсвөр насны охин байхдаа үрээ тээж, ганц бие ээжийн замыг сонгосон юм. Нялх үрээ өлсгөхгүй, бусдаас дутаахгүй гэсэндээ амарч суух, хүүтэйгээ хамт байх ч завгүй ажиллаж явсан ээж нь Леброны шүтээн. Тэрээр багаасаа л спортод авьяастай нэгэн байсан бөгөөд 1993-1994 оны хооронд 4-р ангид байхдаа хагас жил сургууль завсардаж байсан юм. Учир нь тэд байнга л нүүж, илүү ажиллаж, амьдрахад тохиромжтой газрыг хайж явдаг байсан бөгөөд энэ нь Лебронд нөлөөлж мөнгөний үнэ цэнийг мэддэг, дотогшоо хандлагатай бүрэг нэгэн болгосон байдаг аж. 

Хүүхэд нас

5 Хөлбөмбөгт дурласан

Хачирхалтай хэдий ч тэрээр сагсанбөмбөгт нэвчин орохоос өмнө хөлбөмбөгт дурласан юм. Түүний хөрш Брюс Келкер (Bruce Kelker) нь хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан бөгөөд Леброны хурдан шаламгай хөдөлгөөнийг хараад багтаа авахыг хүсч буйгаа хэлжээ. Тухайн үед Леброн ердөө 8 настай байсан бөгөөд хөлбөмбөгт уусан шингэж байсан гэдэг. Ахлах сургуульд ороод ч мөн шигшээ багт тоглож, мужынхаа нэгдүгээр багт ч нэрлэгдэж байв. Мэдээж үүний хажуугаар сагсанбөмбөг тоглох болсноор түүний амжилтын зам нь зурайжээ. 

Хөлбөмбөгт дурласан

6 Улирлын үнэ цэнэтэй тоглогч

Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр 2012 болон 2013 онд Миами Хит (Miami Heat) багт тоглон улирлын аварга болж байсан бол өнгөрөгч 2015-2016 оны улиралд өөрийн гайхалтай тоглолт, хүчирхэг багийн андуудын ачаар дахин нэг удаа аварга болж чадсан юм. Харин NBA-аас улирал бүр тухайн улиралд хамгийн онцгой, чадварлаг байсан нэгэнг сонгож "Улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч" гэх шагналыг гардуулдаг бөгөөд энэ нь тоглогч бүрийн хувьд эрхэм хүндтэй зүйл аж. Леброн тус шагналыг NBA-д орсон цагаасаа хойш нийт 4 удаа хүртсэн байдаг бөгөөд энэхүү амжилтаараа домогт Майкл Жордан (Micheal Jordan)-ы араас бичигдэх болсон билээ. 

Улирлын үнэ цэнэтэй тоглогч

7 Тэр бол гайхамшиг

"Хаан Жеймс"-ийг зогсоож чадах тоглогч гэж тун ч ховор. Биеийн хүч, олон талт тоглолт, ур чадвар гээд л дутуу зүйл нэгээхэн ч үгүй. Тэр бүү хэл хоёр гараараа аль алингаар нь тоглож чадна гээч. Тэрээр юм идэж, бичихдээ зүүн гараа ашигладаг бол сагс тоглохдоо ихэвчлэн баруун гараа ашигладаг. Гэхдээ тэр зүүн гараараа ч тохож чаддаг юм. Түүнийг хүн, мангас, робот хэмээн янз бүрээр нэрийдэх боловч тэр бол зүгээр гайхамшиг.

Тэр бол гайхамшиг

8 Түүний брэнд

Түүнийг 18 настай байхад нь "Nike" брэндээс 90 саяын гэрээ санал болгож, нүүр царайгаа болгохыг хүссэн байдаг билээ. 2003 онд "Nike Air Zoom Generation" пүүз худалдаанд гарч, ар араас нь дарааллан "Zoom LeBron II, III, IV, болон V" зэрэг нь гарсан байна. Харин 2008 онд пүүзнийхээ нэрийг өөрчилж "Air Max LeBron VI, 7, 8" зэргийг худалдаанд гаргасан билээ. Харин 2011 онд "LeBron 9" хэмээн гаргаж, цааш дарааллан үйлдвэрлэгдсээр яваа юм. Хамгийн сонирхолтой нь тэрээр өөрийн нэрийн пүүзнүүдийн загвар, өнгө зэрэгт өөрийн үзэл бодлоо тусгаж, урлагын онцгой чадвар, мэдрэмжээсээ шингээдэг аж. 

Түүний брэнд

9 Жей Зитэй найз

Тэдний хамтдаа болон гэр бүлээрээ авхуулсан маш олон зурагнууд цахим ертөнцөөр хөвөрч явдаг юм. Жей Зи (Jay Z) Леброны тоглолтыг ирж сонирхож, бишэрдэг бөгөөд түүний фен гэдгээ ч хэлээд амжсан байдаг. Хүмүүс Леброн, Жей Зигийн эхнэр болох нэрт дуучин Беойнси (Beyonce)-г өдөж хоргоодог гэхчлэн ам авалцан ярьдаг боловч энэ нь ердөө цуурхал төдий зүйл аж. 

Жей Зитэй найз

10 "Vogue"-ийн нүүрийг чимсэн

Тэрээр алдарт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн анхны Африк Америк гаралтай хүн юм. Бүхий л амжилтуудыг эвдэн, өөрийн нэр алдраа дэлхий нийтэд цуурайтуулсан төдийгүй дэндүү сайхан бие хаатай түүнийг ийн сэтгүүлийн нүүрэн дээр гаргахгүй гээд ч яах билээ. 

"Vogue"-ийн нүүрийг чимсэн

11 Жүжигчин

Түүнд чадахгүй зүйл гэж тун ч ховор. Тэр жүжиглэж, чадна бүжиглэж ч чадна. Леброн 2015 онд "Trainwreck" кинонд туслах дүр бүтээж өөрийн ур чадвараа гайхуулаад авсан юм. Мөн 1996 онд хийгдэж байсан "Space Jam" киноны 2-р ангид Леброныг тоглуулахаар сонгоод байгаа аж. 

Жүжигчин

12 Өндөр орлоготой тамирчдын нэг

Бага наснаасаа амьдралын хатуу хүтүүг туулж, мөнгөний үнэ цэнийг мэддэг болсон тэрээр өдгөө хамгийн өндөр орлоготой тамирчдын 3-т эрэмблэгдэж явна. Леброн  "Samsung, Dunkin’ Donuts, Coca-Cola" зэрэг компаниуд төлөөлөгч, хувь эзэмшигч, "Nike" брэндийн нүүр царай, дээрээс тун ч өндөр цалин зэрэг нь нийлж түүнийг хэмжээлшгүй баян нэгэн болгожээ. 2013 онд тэрээр Үндэсний сагсанбөмбөгийн тоглогчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Түүнийг найз нөхөд нь нарийн хэмээдэг боловч тэрээр олон сая долларыг бяцхан хүүхдүүдэд зориулж явааг нь харахад эрхгүй бахдал төрнө. 

Өндөр орлоготой тамирчдын нэг

13 Үзэл бодлоо илэрхийлэгч

Тэрээр нийгэмд тулгамдаж буй, зүй бус үйлдлүүдийг дуугүй харж чаддаггүй нэгэн. Өөрийн чадах чинээгээрээ үзэл бодол, дуу хоолойгоо бусдад хүргэхийг хичээдэг. Леброн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama)-г хүндэлж явдаг бөгөөд түүний 2008 оны сонгуулийн компанит ажилд нь тусалж явсан аж. 

Үзэл бодлоо илэрхийлэгч

14 "Загалмайлсан эцэг"

Хүн бүр ямар нэгэн зүйлээс урам онгод авдаг. Харин түүний тухайд урам зориг, эрч хүч хайрладаг зүйл нь "Загалмайлсан эцэг" кино аж. Мөн тэрээр өнгөрөгч аваргын төлөөх тоглолтын үеэр тус киног хэд хэдэн удаа давтаж үзэн, өөртөө итгэл шулуудсанаар гайхалтай тоглолтыг үзүүлсэн гэдэг. 

"Загалмайлсан эцэг"

15 Видео тоглоомын мастер

Тэрээр ямар нэгэн их сургууль, коллежд хамрагдаагүй боловч ур ухаанаар хэнээс ч дор орохгүй. Талбайд гараад юу хийхээ тун ч сайн мэддэг бөгөөд бусдыгаа удирдан тоглож чаддаг юм. Харин түүний бас нэгэн гайхалтай чавдар нь видео тоглоом тоглох. Тэрээр видео тоглоомоор хэнийг ч урдаа гишгүүлдэггүй бөгөөд маш шартай, ухаалаг тоглодог байна. 

Видео тоглоомын мастер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()