1
Ханиад заримдаа томуу болно
Вирусын хурц халдвар буюу томуу нь өөр өөр вирусээр үүсдэг болохоор нэг өвчин нь нөгөө рүүгээ шилжинэ гэж байхгүй. Энэ хоёр өвчний ялгааг эхний шатанд нь хүмүүс нэг их анзаардаггүй. Тэгэхээр та ханиад шуухинаа хүрснээс биш томуу тусаагүй гэж ойлго.
Ханиад бол хоолой өвдөх, нус гоожих, жихүүцэх зэрэг шинж тэмдгээр аажмаар эхэлдэг болохоор хүн наанадаж тав хонож байж ханиад хүрснээ мэднэ. Харин томуу болохоор толгой өвдөж, бие бүхэлдээ сулран шууд л өвчилнө.
Ханиадны үед барагтайд халуурахгүй, халуурсан ч сайндаа л 38 градус хүрч халуурдаг бол томуу туссан хүн 39, түүнээс дээш градус хүрч халуурдаг.
Найтаалгах нь ханиадны гол шинж бол, томуу туссан хүн найтаалгаад байдаггүй.
2
Ханиадыг эмчлэхгүй эдгээж болно
Ерийн үед ханиад гурав хоног л үргэлжилдэг боловч “ингэсгээд өөрөө зүгээр болчихно доо” гэж хүлээвэл өвчин чинь хүндэрч та энэ хугацааг бүтэн сар ч болгон уртасгаж магадгүй. Тэгэхээр ханиадны шинж тэмдэг илэрч, амьсгал чинь давчдах юм уу, амьсгалахад хүндхэн болоод ирвэл тэр даруйд нь түргэн тусламж дуудаж үзүүлэх хэрэгтэй.
3
Ханиадны төлөө эмнэлэг рүү гүйгээд яахав
Ханиад хүрсэн ч үүнийгээ ялихгүй зүйл хэмээн зориг баатарлагаар ажилдаа явсаар байдаг нь бидний бүр зуршил. Тэр бүү хэл янгуучлаад байлгүй ажлаа хийгээд байвал удахгүй зүгээр болчихно гэж бодох хүн ч бий. Үнэн хэрэгтээ энэ бүхэн эдгэрэх явцыг удаашруулдаг. Хамгийн зөв арга бол ханиад хүрсэн эхний нэг, хоёр хоног гэртээ байгаад дараа нь ажилдаа явбал та ханиадаа хүндрүүлэхгүй эдгээж чадна. Нөгөө нэг зүйл бол өвчний эхний шатанд хүн вирус тээгч байдаг болохоор өвчнөө бусдад халдварлуулах магадлал өндөр.
4
Ханиад хүрсэн бол заавал хэвтэх ёстой
Энэ ташаарал өмнөхийн яг эсрэг байгаа биз. Орондоо орж хөдөлгөөнгүй хэвтэх нь ханиад ужгирч багтраа, уушигны үрэвсэл болж хүндрэх, хөлийн судас зогсох зэрэг эрсдэл үүсгэж мэднэ. Гэхдээ бас биеэ жаахан гайгүй болмогц л спорт заал чийрэгжүүлэх танхимд очоод байхын хэрэггүй, зөвхөн дунд зэргийн хөдөлгөөн л ашиг тусаа өгнө.
5
Хүйтэн агаараас болж ханиад хүрдэг
Ханиад нь вирусээр үүсдэг өвчин болохоос биш, малгайгүй явсанаас боллоо гэх юм уу, агааржуулагч, хүйтэн салхийг буруутгаад байх хэрэггүй юм. Онгоцоор ниссэний дараа ч юм уу, жаахан хүйтнээс болоод ханиалгаж найтаалгаад байгаа бол өвчин тусчихаж байгаа юм биш. Хуурай агаар амьсгалын замын салст бүрхэвчийг хуурайшуулж байгаа нь тэр. Харин энэ нь бие организмд вирус орж үржихэд таатай нөхцөл болно.
6
Толгойгоо угаачихаад шууд гадаа гарвал ханиад хүрнэ
Бороо орох юм уу, үсээ угаачихаад хатаалгүй гадаа гарах нь ханиад хүрэх шалтгаан ердөө биш. Ханиадны вирус гурван замаар л халдварлана. Үүнд агаар дуслын, агаар тоосны, эцэст нь ахуйн замаар халддаг. Үүнээс гадна ханиадны вирус амьдрах чадвар сайтай гэдгийг мартаж болохгүй.
- Орон байранд, ус нэвтрэхгүй гадаргуу дээр долоо хоногоос илүү,
- Хувцас, тавилга, цаасан дээр 12 цаг орчим,
- Гар дээр хэдэн минутаас нэг цаг хүртэл
- Хаалганы бариул дээр зургаан цаг амьдарч чадна.
Яахав толгойноосоо хэт хөрөх нь та бидний дархлааг сулруулж, вируст таатай боломж олгож мэдэх учраас л нойтон толгойтой салхинд гарахыг хориглодог.
7
Ханиад дэлгэрсэн үед хүн нэг л удаа өвчилдөг
Энэ тухайд сайн муу хоёр мэдээ байна. Сайн нь гэвэл хүн нэг удаа өвчилсөн бол тухайн хүний бие организм өөрөө тухайн вирусээс хамгаалах дархлаа бий болгодог учраас дахиад ханиад хүрэхгүй байж болно. Муу мэдээ гэвэл ханиадны 200 гаруй төрлийн вирус байдаг болохоор өмнө туссанаас өөр вирусээр дахин өвчлөх магадлал бас бий.
8
Ханиадыг антибиотикаар л эмчилнэ
Вирус нь бактериас бүтцийн хувьд ялгаатай болохоор вирусыг антибиотик нь устгаж чадахгүй. Ийм хүчтэй эм нь тус болохгүйгээс гадна, харин ч сөргөөр нөлөөлөн, таны бие организмд вирус үржсээр байх болно. Тэр бүү хэл ханиад хүндэрсэн үед ч антибиотик хэрэглэхийн хэрэггүй. Ийм үед антибиотик уух юм бол дархлаагаа улам сулруулж вируст бүр таатай орчин бүрдүүлж өгнө. Цаашлаад ханиадад тохирсон эмчилгээг үр дүнгүй болгох эрсдэлийг нэмэгдүүлж эмийн дасал бий болгоно.
9
Ханиадыг нэг өдөрт л эмчилж болно
Эмээ ахиухан тунгаар уугаад байвал ханиадыг нэг өдөрт багтаад эмчилчихэж болно гэж итгэдэг хүмүүс байдаг. Энэ бол хамгийн аюултай том эндүүрэл. Ханиадын вирус нэгэнт орчихсон бие организмд дахин сэргэх тодорхой хугацаа хэрэгтэй. Гэтэл эмийг ингэж хэтрүүлэн хэрэглэвэл зүрхэнд их ачаалал өгөн хортой үр дагаварт хүргэнэ. Мөн парацетомол бүхий эмийг хэтрүүлэн хэрэглэх юм бол элэгний дутагдалд ч орж мэднэ.
10
Бүрэн төгс эмчлэх ёстой
Ханиад найтаалгын үлдэгдэл нь бараг дөрвөн долоо хоногоор хадгалагддаг болохоор бүрэн төгс эмчилж энэ бүхнийг эдгээнэ гэж хүлээх нь цаг алдах хэрэг болно. Таны бие ерөнхийдөө гайгүй болсон бол хэвийн амьдралдаа эргэн орох нь дээр.
Ханиадны талаар таны бодол эдгээрийн алинтай нь дүйж байна даа.....