Ази тивийг доргиож байсан агуу дайчид

2018-10-10, 15:31
14,846

Олон зууны турш цус урсгасан их дайн, нэгдэл бутрал, эзлэн түрэмгийллийн үр дүнд өнөөгийн Ази тив бүрэлдэн тогтсон билээ. Тийм ч учраас Азийн ард түмний дунд тулаанч, баатрууд хамгийн нэр хүндтэй түүхэн хүмүүс байдаг. Үндэстэн бүрт тулааны урлагт гарамгай, эр зоригоороо шагшигдсан дайчид олон байдгаас уншигч та бүхэнд тивийнхээ хэмжээнд хамгийн цуутай бөгөөд шилдэгт тооцогдох арван тулаанчийг онцлон танилцуулж байна.

Ази тивийг доргиож байсан агуу дайчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Притвираж Чаухан (Prithviraj Chauhan) -Агуу мэргэн харваач

Энэтхэгийн эртний Чахамана улсын хаан бөгөөд цэргийн жанжин байсан Притвиража III (Притвираж Чаухан)  нь хэрцгий догшин зангаараа зартай байжээ. 11 насандаа хаан ширээг залгамжлан авсан түүний зүрх зориг ард олонд гайхагдаж байв. Арслантай нүцгэн гараараа тулалдаад дийлсэн гэх домогтой цөөхөн баатруудын нэг нь Притвираж юм. 

Тулааны ур чадварын хувьд түүний харалгүйгээр мэргэн онох авьяасыг нь онцолдог. Нүдээ боолгосон байхдаа зөвхөн сонсголдоо түшиглэн ямар ч байг харван онож чаддаг байж. Түүхэн болсон явдлаас илүүтэй ардын дунд тархсан домог яриа мэт боловч Притваражийн энэхүү авьяас түүнийг Горын эзэнт улсын хаан Мухаммедад баригдсан үед хэрхэн аминд нь орсон түүх их сонирхолтой. Дайснууд нь түүний хоёр нүдийг улайсгасан төмрөөр түлэн сохолжээ. Дараа нь Мухаммед "хүндэт зочноо" олонд үзүүлээд зогсохгүй өөртэй нь нум сумаар халз тулалдан сорихоор болжээ. Ингээд тулаан эхэлж, сохорсон ч гэсэн Притвираж дуугаар нь баримжаалан Мухаммедийг ганц харвалтаар алж орхижээ. Тэр даруйдаа Притвираж өөрийн нөхөр Чанд Бардайтай (Chand Bardai) хамт дутаан одсон байна. 

Хэдийгээр энэ нь домог боловч Притвираж нь энэтхэгийн түүхэн дэх хамгийн агуу хаадын нэгт зүй ёсоор тооцогдож, дайн тулааны олон амжилт нь ард түмнийхээ дунд үнэлэгдсээр байна. 

Притвираж Чаухан (Prithviraj Chauhan) -Агуу мэргэн харваач

9 Цүцүй Жомё Мэйшу (Tsutsui Jōmyō Meishū) - Тулаанч лам

Феодалын тогтолцоот Япон гэвэл хамгийн түрүүнд самурай, нинжа нар санаанд ордог. Гэвч гэгээрлийг олох гэж улсынхаа хаа сайгүй хэрэн даяанчилж явдаг байсан тулаанч лам нарын талаар цөөхөн хүн л мэддэг. 

1000-д оны эхэн үед амьдарч байсан Цүцүй Жомё Мэйшу нь жинхэнэ хатуу самар байсан бөгөөд түүхэн дэх хамгийн агуу тулаанч лам нарын нэг нь эргэлзээгүй мөн юм. 

Ужи мөрний эрэг дээр, өсөж торнисон сүмийнхээ өмнө хар хуяг дуулгатай, ташаандаа сум дүүрэн саадаг, сэлэм агсаж, гартаа нагината (япон жад) атгасан Жомё Мэйшу бусад лам нарынхаа хамт зогсоно. Түүний урд, голын нөгөө талд цусаар цангасан Тайра самурай нарын бүхэл бүтэн арми байлаа. Тулаанч маань урагшаа гарч ирээд "Би бол эндхийн ажилчин, лам Цүцүй Жомё Мэйшу байна. Тулааны эрдмээрээ би мянган эртэй тэнцэнэ. Надтай хүч тэнцүү үзнэ гэсэн хэн ч болов гараад ир!" хэмээн хашхирав.  Үгээ дуусгав уу үгүй юу тэрээр нэгэн самурайн яг хоолой руу нь харван хороов. Уурласан самурай нар хариу харвацгаасан боловч Жомё Мэйшу гайхалтай тайван байлаа. Ингээд тэр итгэмээргүй шалмаг хөдөлж, саадган дах бүх сумаа харван 12 самурайг тэр дор нь унагаж, дахиад 11-ийг онон шархдуулав. Ганц ч сум гарзадсангүй. Ингээд тэрээр зогссонгүй, цөс нь улам буцалж голыг гатлах гүүр болгон тавьсан гуалин дээгүүр нисэх мэт хурдлан гарч жадаа эргүүлсээр самурай нар луу дайран оров. Эхний таван эрийг нүд ирмэх зуур унагаад зургаа дах эрийн гэдсэнд жад нь зоогдон хоцров. Ингээд ташаан дахь сэлэмнийх нь ээлж ирж, тэр дахин найман эрийг цавчин хороотол хажуугаас нь асар хүчтэй цохилт ирж сэлэм нь хуга үсрэн унав. Ингээд бүх юм дууслаа гэхэд болох байвч Жомё бууж өгсөнгүй, өөрт нь байсан сүүлийн зэвсэг болох хутгаа гарган эцэс сүүлд нь гар нүцгэн үлдэх хүртлээ үзэлцэв. Нэг мэдэхэд л бүх юм дуусч, Жомё тулааны талбарыг тойруулан харлаа. Ингээд тэрээр хуяган дээр нь олон шинэ хонхорхой гарсныг олж үзэн инээд алдаад, хувцасны тоосоо гөвөөд, бурхандаа нэг залбирчхаад явж одов.

Цүцүй Жомё Мэйшу (Tsutsui Jōmyō Meishū) - Тулаанч лам

8 Мияамото Мусаши (Miyamoto Musashi) - Сэлмэн тулааны мастер

Японы бас нэгэн баатар Мияамото Мусаши нь сэлмээр тулалдахдаа гарамгай, улсдаа сэлмэн байлдааны урлагийн түүчээг тавьсан нэгэн байв. Тогтсон орон гэргүй, бага залуугаасаа эхлэн улсынхаа өнцөг булан бүрээр хэсүүчилж, модны мөчрөөр хийсэн сэлмээрээ халз тулаан хийн явдаг түүний нэр олны дунд түгэн алдаршиж эхэлжээ.

Түүний хамгийн алдартай тулаан нь Ёшиокагийн сургуульд болсон байна. Мусаши сургуулийн багш болон түүний дүүтэй тулалдан хоёуланг нь алсны дараа сургуулийнхан тэр шөнөдөө гурав дахь тулааныг зохион байгуулж, домогт тулаанчийг найдвартай ялж амийг нь хороохоор төлөвлөжээ. 

Чухам яагаад шөнөөр тулалдуулах болсныг гайхаж, сэжиг авсан Мусаши тулааны талбар дээр хэдэн цагийн өмнө ирээд нуугдан хүлээжээ. Ингээд түүний сэжиглэл ёсоор болж өрсөлдөгч нь олон арван туслахууд, илд, галт буу агсагсад, харваачдаас бүрдсэн багахан арми дагуулан ирж яваа нь харагджээ. Тохиромжтой мөчийг хүлээж байсан Мусаши үсрэн гарч өрсөлдөгчөө ганц цавчин унагатал бусад нь тэр дороо түүнийг бүслээд авав. Дайсны тоо хэтэрхий олон байсан ч Мусаши хоёр сэлэм эргүүлэн бүслэлтийг сэтлэн зугтаж чадсан байна. Үүний дараа тэрээр японы тулааны урлагийг бүхэлд нь өөрчилсөн Нито Рюү буюу хоёр сэлмээр тулалдах эрдмийг анх санаачилсан юм.

Мияамото Мусаши (Miyamoto Musashi) - Сэлмэн тулааны мастер

7 Хаттори Ханзо (Hattori Hanzo) - Ер бусын нинжа

Домогт нинжа Хаттори Ханзо нь японы бүхий л үеийн сүүдрийн тулаанч нарын үлгэр жишээ байжээ. Тулааны гарамгай чадвартай түүнд ер бусын далдын хүч чадал бий гэж хүмүүс боддог байв. 12 насандаа тэрээр нинжагийн бүх шалгуурт тэнцэн 16-тайдаа "Чөтгөр Ханзо" хочийг аван дайснуудынхаа зүрхэнд орж эхэлжээ. 

Түүний ур чадвар үнэхээр гайхалтай агаад нууцлаг, ирээдүйг харж, ховстож, зайнаас шилжиж байж ялалт байгуулдаг болов уу гэсэн сэтгэгдлийг олонд төрүүлдэг байв. Нэг удаа тэрээр жанжин Такеда Шингений удирдсан их цэргийн эсрэг гучхан эрийн хамт тулж, амжилттай сөрөг довтолгоо хийн давшилтыг нь зогсоож байв. 

Ханзо хэдийгээр ихэнх амьдралаа дайн тулаан хийж өнгөрөөсөн ч түүний хамгийн гавьяатай үйл нь Токугава Ияасу(Tokugawa Ieyasu)-г нутгийн нинжа нартай хамтран хамгаалж Микава мужид хүргэсэн явдал юм. Хожмоо Токугава нэгдсэн японы анхны шёгун болсон бөгөөд Ханзо 55 насандаа (зарим эх сурвалжид 54 гэж тэмдэглэсэн) өөд болжээ. Түүний дурсгалд зориулан босгосон "Ханзогийн хаалга" японы хааны ордонд өнөөг хүртэл сүндэрлэсээр байна.

Хаттори Ханзо (Hattori Hanzo) - Ер бусын нинжа

6 И Сүн Шин (Yi Sun-shin) - Солонгосын бахархал

И Сүн Шин бол Солонгос улсын бахархал, эр зориг, хүч чадлын бэлгэ тэмдэг юм. Өдгөө түүний хөшөөг Сөүл хотын Гвангвамюн (Gwanghwamun)-ы талбайд босгож, дурсгалыг нь хүндэтгэсэн байдаг.

Усан цэргийн цуут жанжин И Сүн Шиний амьдрал яг л кино шиг өрнөжээ. Зарлигийг нь эсэргүүцсэний улмаас хаантайгаа муудалцаад байсан тэрбээр дараахан нь өөрийн амьдралыг шийдвэрлэх, мөн олон солонгосчуудын сэтгэлд үлдэх их тулааныг хийсэн юм. Мённян (Myeongnyang)-ы тулалдаанд тэрээр 13-хан хөлөг онгоцыг удирдан 300 хөлөг онгоцноос бүрдсэн Японы их цэрэгтэй тулжээ. Ухар гэсэн хааны тушаалыг тэрээр дахин зөрчиж "Надад дахиад 12 хөлөг онгоц байна. Амьсгал маань тасраагүй байгаа цагт дайснууд баруун тэнгист хэзээ ч амар амгалан явж чадахгүй гэж мэд" хэмээн хэлүүлжээ.

Үүний дараа тэрээр тэнгисийн тулааны түүхэн дэх хамгийн гайхалтай, итгэмээргүй ялалтуудын нэгийг байгуулсан байна.

И Сүн Шин (Yi Sun-shin) - Солонгосын бахархал

5 Дунь Сяхоу (Xiahou Dun) - Галзуу жанжин

"Ганц нүдэт луу" хочит агуу баатар Дунь Сяхоутай тулгарсан ямар ч дайчин зугтахаас өөр аргагүй байдалд ордог байв. Тулааны талбарт түүний хийсэн аймшигтай үйлдлийг сонссон ямар ч дайчин эрийн нуруугаар хүйт оргидог байжээ. Лю Бу жанжны удирдлага дор нэгэн тулаанд оролцож байхдаа тэрээр нүдрүүгээ харвуулчихжээ. Ихэнх эрчүүд ингэсэн тохиолдолд сөхрөн унах байтал Сяхоуг сумтай хамт нүдээ сугалан гаргаад дайснуудынхаа нүдэн дээр идчихнэ гэж хэн ч санасангүй.

Энэ мэтийн аймшиггүй эр зоригтой гэмээр үйлдлүүд, байгуулсан гавьяаныхаа ачаар тэрээр хожим "Их Жанжин" цолыг хүртсэн байна. 

Дунь Сяхоу (Xiahou Dun) - Галзуу жанжин

4 Ву Мэй буюу Н Муи (Wu Mei, Ng Mui)

Түүхэн дэх тулааны урлагийн домог гэж болохоор эмэгтэйчүүдийн нэг бол Ву Мэй. Түүнийг Чин улсын үед сүмийг нь устгахад зугтаан амьд үлдэж чадсан шаолины алдарт Таван Настны нэг байсан гэдэг. Мин улсын хааны ордонд нэгэн жанжны охин болж төрсөн түүнд бага насандаа тухайн үеийн хамгийн чанартай боловсролыг эзэмшиж, тулааны урлагт суралцах завшаан олджээ.

Энэ боломжийг ч тэрээр алдсангүй, шаолины урлагийн мастер болохын сацуу хятадын уламжлалт Вудан(Wudang), Юэжиакуан (Yuejiaquan) тулааны эрдмийг гарамгай эзэмшжээ. Мөн бусад тулааны урлагуудын онцлогийг шингээсэн Вин Чун, Н Муи тулаан, луугийн тулаан, цагаан тогоруу, таван хээт гэх мэт олон тулааны урлагийг шинээр зохиосон байна.

Ву Мэй нь тэр үед зөвхөн эрчүүд тулааны урлагаар хичээллэдэг гэсэн тогтмол ойлголтыг эвдэж Хятадын түүхийн нэгэн мөчлөгийг эргүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн юм.

Ву Мэй буюу Н Муи (Wu Mei, Ng Mui)

3 Лю Бу (Lu Bu) - Муу нэртэй жанжин

Лю Бу жанжны сүр бараатай дүрийг алсаас хараад л ямар ч дайчны зүрх нь үхдэг байжээ. Асар том биетэйн хажуугаар бүхий л тулааны эрдмийг гарамгай эзэмшсэн Лю Бу нь яахын аргагүй түүхэн дэх агуу баатруудын нэг юм. Гэвч тэрээр өөрийн зальхай, хуншгүй зангаараа зард гарч "урвагч" хэмээн цоллуулж байжээ. Дор хаяж таван эзэнд зүтгэж бүгдээс нь урваж байсан бөгөөд нэг эзнийхээ эхнэртэй учир ургуулж ч байсан удаатай. 

Гэвч түүний энэхүү адал явдалтай амьдрал удаан үргэлжилсэнгүй. Өөрийнх нь авьяас, хүч чадал түүнд чинээлэг амьдралыг өгсөн ч түүний өмнө нь үйлдсэн хууран мэхлэлт, урвалтууд толгой дээр нь эргэн буужээ. Хан улсын цэргийн жанжин Цао Цао түүнийг эцэст нь дүүжлэн хороосон юм.

Лю Бу (Lu Bu) - Муу нэртэй жанжин

2 Диан Вей (Dian Wei) - Сүрлэг эр

Агуу дайчин Диан Вей нь библи дээр гардаг Голиафыг санагдуулам эр байжээ. Түүнд супер хүний хүч тэнхээ заяасан гэмээр. Тус бүр нь 20 кг орчим жинтэй хоёр сүх агсан тулаанд орж, эрчүүдийг загас мэт л авч шиддэг байжээ. Дайны гавьяа болон Цао Цао-д үнэнчээр зүтгэсний шанд түүнд жанжин цол олгосон байна.

Түүнийг биедээ нэг дор 10-12 жад авч явдаг байсан гэсэн домог бий. Мөн нэг эх сурвалжид тэмдэглэснээр Диан Вей нэг тулааны үед суман мөндөр оруулж байсан дайсны цэргүүдийн өөдөөс хоёр давхар дуулга өмсөөд дайрсан бөгөөд дайснуудад 10 алхмын зайд ойртох үедээ авч явсан жаднуудаараа тэднийг хядаж эхэлсэн аж. Цао Цаогийн хувийн бие хамгаалагчийн үүргийг тэрээр давхар гүйцэтгэдэг байсан бөгөөд 33см орчим урт иртэй сүх барин эзнээ дагалдан явдаг байв. Диан Вей үнэхээр сүрдмээр дүр төрхтэй, хүмүүс түүн рүү эгцэлж харж ч чаддаггүй байсан гэдэг.

Харин түүний үнэнч зан хожим аминд нь хүрчээ. Түүний эзэн Цао Цао мужийн захирагчийн эхнэр байсан авга эгчийгээ бэлэвсрэхэд нь өөрийн татвар эм болгон авахыг санаархсанаас болж үймээн дэгдэн, Диан Вей түүнийг ганцаараа хамгаалахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрээр дайрагсдын замыг хаан, асар олон эрчүүдтэй тулж, сүүлдээ дайсны цогцсоор хүртэл зэвсэг хийн эцсээ хүртэл үзэлцсэн байна. Гэвч гарах газаргүй болон бүслүүлж, арав гаруй удаа шархадсан тэрээр эцэст нь амиа алджээ.

Диан Вей (Dian Wei) - Сүрлэг эр

1 Хотол Цагаан буюу Хутулун - Бөх гүнж

Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Хубилай хааны зээ дүү Хотол Цагаан буюу Хутулун нь ямар ч эрийг ичээхээр дайчин бүсгүй байжээ. Марко Пологийн бичиж үлдээснээр бол Хутулун гайхалтай тулаанч байсан бөгөөд олон дайнд эцэгтэйгээ мөр зэрэгцэн тулалдаж явжээ.

Биерхүү Хутулун гүнж барилдах дуртай, ямар ч эр түүнийг дийлдэггүй асар их тэнхээтэй нэгэн байв. Тиймдээ ч түүнд нөхөр болчхоор олигтой эр олддоггүй байж.

Нэг удаа тэр өөрийг нь унагаж чадсан ямар ч эртэй гэрлэнэ гэж зар түгээсэн байна. Гэвч барилдаад унасан эрчүүд гүнжид зуун адуу өгөх нөхцөлтэй байв. Ингээд түүнийг унагаачих бяртай ганц ч эр гарч ирсэнгүй. Гүнж аль хэдийн арван мянган адуутай болоод байв. Эцэст нь Хутулун өөртэй нь барилдаагүй, эцэгт нь үнэнчээр зүтгэж байсан нэгэн эрийг сонгон гэрлэжээ.

Хотол Цагаан буюу Хутулун - Бөх гүнж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()