1
"Үхэл дуудагч"
Альфред Бернхард Нобель өөрийн нэрэмжит шагналаа зохиохын өмнөөс л маргаан дэгдэж эхэлсэн байна. Шведийн зохион бүтээгч, тэсрэх дэлбэрэх бодисын эцэг гэгддэг тэрбээр хэвлэлд өгчхөөр олигтой зураг тэр үед авахуулаагүй байв. Түүний эрэгтэй дүүг нас барах үед Францын нэгэн сонин Нобелийг нас баржээ гэж андууран, "Үхэл дуудагч өөрөө үхэв" гэсэн гарчигтай нийтлэл бичжээ. Мөн "олон хүнийг хялбархнаар хөнөөх аргыг нээж өөрөө баяжсан хүн" гэж түүнийг тодорхойлсон байна. Уг нийтлэл нь Нобелийг нэр төрөө цэвэрлэж, өөрийн нэрэмжит шагналыг гарган дэлхийд танигдахад нь түлхэц болсон гэдэг.
2
Тавхан хувь нь...
2018 оны байдлаар нийт 896 хүн, 27 байгууллага Нобелийн шагналыг хүртээд байна. Харин эдгээрээс ердөө 47 нь эмэгтэйчүүд байдаг нь шагнал гардуулах зөвлөл эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог гэсэн маргааныг дагуулжээ. Үүнийг баталж ч болохоор нэг том жишээ нь 1967 онд пульсарыг (соронздогдсон радио долгионт од) анх нээсэн Жоселин Белл Бюрнелль (Jocelyn Bell Burnell) юм. Түүнд бус, өөрийнх нь зөвлөгч, эрдэм шинжилгээний ажлыг нь хамтран бичсэн Энтони Хьюиш (Antony Hewish), өөр нэг хамтран ажиллагч Мартин Райл (Martin Ryle) нарт л физикийн салбарын Нобелийн шагналыг хүртээж байжээ.
3
Энх тайвны шагнал хэнд очих ёстой вэ?
Нобелийн шагналууд дундаас хамгийн хэл амтай нь энх тайвны шагнал байдаг. Энхийг сахиулах биш харин ч дайн тулаан дэгдээсэн гэж олон шагналтнуудыг шүүмжилдэг. Хамгийн наад захын жишээ нь Палестины чөлөөлөх армийн удирдагч байсан Яссер Арафат (Yasser Arafat) юм. Израиль, Палестины хооронд энхийг тогтоох Ослогийн гэрээний хүрээнд хийж гүйцэтгэсэн бүхнийг нь үнэлж түүнд болон Израилийн улс төрчид болох Ицхак Рабин (Yitzhak Rabin), Шимон Перес (Shimon Peres) нарт 1994 онд тус шагналыг гардуулжээ. Гэвч Арафатийг террорист ажиллагаа үйлддэг Фатах бүлэглэлийг толгойлдог байсан хүн гэж олон хүмүүс буруутгасан байна.
4
Нобелийн шагналт Адольф Гитлер?
1939 онд түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшихэд хүн болгоны нүд орой дээрээ гарч байжээ. Үнэндээ Шведийн нэгэн хуульч түүний нэрийг тоглоомоор дэвшүүлсэн байж. Ингээд бөөн шуугиан дэгдэж, шагнал гардуулах хорооноос Гитлерийн нэрийг яаралтай түдгэлзүүлсэн байна. Хожим 1945 болон 1948 онуудад Иосиф Сталинд Нобелийн шагнал гардуулах эсэх дээр нэлээн нухацтай авч хэлэлцжээ.
5
Хэрэггүй ээ, баярлалаа!
Нобелийн шагналыг гардах нь насан туршийн нэр төрийн хэрэг гэж бараг бүгд үздэг боловч хоёр ч хүн өөрийн саналаар тус шагналаас татгалзсан байдаг. Агуу зохиолч, философич Жан-Поль Сартр (Jean-Paul Sartre) 1964 онд өөрт нь олгосон Нобелийн утга зохиолын шагналыг буцааж байжээ. Мөн 1974 онд Вьетнамын улс төрч Ле Дук То (Le Duc Tho) “Дэлхийн энх тайван хараахан тогтоогүй байна” хэмээн Нобелийн энх тайвны шагналаас татгалзсан юм.
6
Нобель л биш шүү!
1930-аад оны үед өөрийн үйл хэргийг нь идэвхтэй шүүмжилж бичдэг байсан германы сэтгүүлч Карл фон Оссицки (Carl von Ossietzky)-д Нобелийн шагнал олгосон нь Гитлерийн уурыг ихэд хүргэжээ. Ингээд тэр ямар ч герман хүнийг Нобелийн шагнал гардаж авахыг хориглож, оронд нь Германы шинжлэх ухаан, урлагийн дээд шагналыг үүсгэн гардуулах болжээ.
1938, 1939 онуудад химийн салбарт Ричард Кун (Richard Kuhn), Адольф Бутенандт (Adolf Butenandt), анагаах ухааны салбарт Герхард Домак (Gerhard Domagk) нарыг Нобелийн шагналаас албадан татгалзуулсан боловч тэдний одон, батламжийг нь хожим нөхөн олгосон байна.
7
Нууц хуйвалдаан
2008 онд Харальд цур Хаузен (Harald zur Hausen) хүний папиллома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдар үүсгэдгийг нээж, Нобелийн анагаах ухааны шагналыг хүртжээ. Гэхдээ үүнд нэгэн асуудал гарсан нь уг вирусын вакциныг үйлдвэрлэдэг “AstraZeneca” фирм нь Нобелийн шагналын албан ёсны вэб хуудсыг ивээн тэтгэдэг болж таарчээ. Бас цур Хаузенийг сонгосон шагнал гардуулах зөвлөлийн хоёр гишүүн нь "AstraZeneca"-тай холбоо сүлбээтэй байсан нь тогтоогджээ.
Ямар ч зөрчил үүнд байхгүй гэж удирдлагаас мэдэгдсэн ч тус асуудал хэвлэлийн анхаарлыг татахуйц байсан юм.
8
Шагналын үнэ цэнэ
Неутриног (атомын дэд хуваагдал) анх нээснээрээ 1988 онд Нобелийн шагнал хүртсэн Леон Ледерман (Leon Lederman) эмчилгээний зардал гаргахын тулд шагналаа зарсан удаатай. Нэрээ нууцалсан нэгэн эрхэм 765 мянган ам.доллараар түүний шагналыг худалдан авсан байна. Түүхэнд хоёр хүн л шагналаа зарж мөнгө олж байсан удаатай ажээ.
9
Тэд Нобель аваагүй
Өнөөгийн дэлхийн шинжлэх ухаан, технологи, урлаг, утга зохиолын хэв маяг бүрэлдэн тогтоход үнэтэй хувь нэмэр оруулсан Димитрий Менделеев, Лев Толстой, Марк Твен, Никола Тесла, Томас Эдисон, Виржиниа Вүүлф (Virginia Woolf), Марсель Прүст (Marcel Proust) гэх мэт олон алдартнууд Нобелийн шагнал хүртээгүйд бухимдах хүмүүс олон байдаг.
10
Санаа хулгайлсан уу, эсвэл...
Кэри Муллис (Kary Mullis) нь эсийн биологийн судалгаанд чухал ач холбогдолтой “Полимерийн гинжин холбооны” (PCR) боловсронгуй аргыг анх нээсэн тул 1993 онд түүнд Нобелийн шагнал олгосон байна. Гэвч энэхүү нээлтийг Норвегийн эрдэмтэн Кьелл Клеппе (Kjell Kleppe) 1968 онд хийчихсэн байсан гэж хэсэг хүмүүс үзэн гомдол гаргажээ. Ингээд Муллис үнэхээр энэ аргыг анхлан нээсэн үү, эсвэл өмнө байсан санаан дээр тулгуурлав уу гэдэг маргаан нэлээн удаан үргэлжилжээ.
Эцэст нь “1983 онд Муллисын судалгаа гарах хүртэл PCR-ийн арга бүрэн хэмжээгээр мэдэгдээгүй байсан” гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарсан байна.