1
Нүүрээ будахаасаа өмнө порлоноо угаагаарай
Нүүрээ будахаасаа өмнө та шингэн энгэсэгнийхээ парлоныг заавал угааж хэвшээрэй. Ингэж хэвшвэл та мөддөө дахин порлон авч, мөнгө үрэхгүй юм. Мөн өдөр бүр угааснаар түүнд крем уусаж, шингэх нь багасаж, крем ч нүүрэнд илүү удаан тогтох юм. Бага зэрэг чийгтэй порлоноор кремээ түрхвэл нүүр будаггүй мэт толигор, сайхан харагдах болно.
2
Гоо сайхны хэрэглэлээ угаалгын өрөөнд бүү орхиорой
Чийглэг газар бактери илүү хурдан үрждэг болохоор угаалгын өрөөнд нүүр будгийн хэрэгслүүдээ орхих хэрэггүй. Таны будгийн багс, шингэн болон хуурай энгэсэг, порлон бохирдсоноор цаашлаад таны арьсан дээр батга гарах магадлал өндөр болно шүү. Тиймээс тусгай косметикний цүнхэнд хийж эсвэл унтлагын өрөөний толины урд тавих нь зүйтэй.
3
Жинхэнэ мэт өтгөн хөмсөг
Өтгөн хөмсөгтэй харагдахын тулд хөмсөгнийхөө төрөлхийн өнгөтэй ижил өнгийн хөмсөгний харандаа ашиглахыг нүүр будалтын мэргэжилтнүүд зөвлөдөг. Хэт тод эсвэл бүдэг өнгийн харандаа огт тохирохгүй. Хөмсөгнийхөө ширхгийн дагуу нарийн ширхэгтэй үс зурж дараа нь хөмсөгтэйгөө хамтад нь самнаарай. Ингэвэл та хэт хичээсэн бус төрөлхийн мэт өтгөн сайхан хөмсөгтэй харагдаж чадна.
4
Сормуусаа аль болох цэвэрхэн буд
Сормуусаа урт биш өтгөн харагдуулж будах нь хамгийн чухал. Зарим бүсгүйчүүд том нүдтэй харагдах гэж хэт хичээснээсээ болоод сормуусаа их өтгөн буддаг. Үүнээс болж сормуус нь хоорондоо наалдаж бага зэрэг замбараагүй харагддаг юм. Оронд нь сормуусаа жигд, хөнгөхөн будаарай. Харин барьцалдсан биш, аль болох олон салаа байх тусмаа дэгжин байдаг юм шүү, охид оо.
5
Будаг хольдог хавтан ашиглахыг зөвлөж байна
Мэргэжлийн нүүр будагчид ихэнхдээ хүссэн будгаа гарган авахын тулд олон төрлийн энгэсэг, нүд болон уруулын будгийг хооронд нь хольдог. Харин ийн ажиллахад тэдэнд будаг хольдог хавтан тусалдаг юм. Зарим хүн ийм хавтан ашиглахын оронд гар дээрээ будгаа хольдог шүү дээ. Гэхдээ арьсан дээр будагны өнгө төдийлөн сайн ялгарч харагддаггүй гэнэ шүү.
6
Хацар өнгөлөгчөө хаана түрхэх вэ?
Хацрынхаа алим дээр улбар болон ягаан өнгийн хацар өнгөлөгч, харин бордуу өнгийн энгэсгийг шанаан дээрээ түрхвэл таны нүүр илүү зөв төрхтэй харагдана. Хацраа зөвхөн ингэж өнгөлсөн тохиолдолд та илүү залуу, цоглог харагдана гэдэгт итгээрэй.
7
Нүүрний будгаа өөрийн арьсны өнгөнд хэрхэн тохируулах вэ?
Таны шинээр авсан уруулын будаг таны нүүрний өнгөнд тохирохгүй байх үе бий юү? Дэлгүүрт их гоё харагдаж байсан хэрнээ яг будаад үзэхээр онцгүй санагдах үе олон байдаг. Ийм алдаа гаргахгүйн тулд та уруулынхаа өнгөтэй төстэй буюу хурууныхаа өндөг дээр авахыг хүссэн будгаа түрхэж үзээрэй.
Харин нүүрний шингэн энгэсэгний өнгийг тааруулахын тулд гарынхаа арын хэсэг бус харин шуун дээрээ будаж үзвэл илүү зохимжтой.
8
Нүдээ том харагдуулъя гэвэл...
Том нүдтэй харагдахын тулд доод зовхиныхоо дотор ирмэгийг цагаан өнгөөр будаарай. Ингэснээр таны нүд цог золбоотой, дүрлэгэр харагдах юм. Харин эсрэгээрээ хар өнгөөр ийнхүү будвал нүд жижиг, онигордуу болдгийг мэдээд авахад гэмгүй.
9
Нүүрний будгаа хурдан арилгая гэвэл...
Зарим будаг арилгагч арьсанд харшил үзүүлж, нүд улайлгадаг. Харин Холливудын алдарт нүүр хувиргагч Тони Флэшман (Tony Fleshman) нэг жилийн турш будаг арилгах хамгийн энгийн аргыг хайж, эцэст нь олж илрүүлсэн байна. Энэ бол хүүхдэд зориулсан нулимс асгаруулдаггүй шампунь юм. Нүүрний будгийг ор мөргүй арилгахын зэрэгцээ ямар ч харшил өгдөггүй, мөн нүдийг гэмтээдэггүй ажээ. Мөн үүгээр будгийн багсаа ч угааж болно шүү.
10
Өө дарагчийнхаа өнгийг хүссэнээрээ өөрчилж болно
Орчин үед өө дарагчийг маш олон өнгөтэйгөөр үйлдвэрлэх болсон. Зөвхөн нүдний хөхийг арилгадаг, эсвэл хацрын улааныг дардаг гэх мэт. Тэгвэл тус бүрд нь өөр өөр өнгийн өө дарагч авахын оронд арьсны өнгөтэйг аваад түүнийхээ өнгийг хүссэнээрээ өөрчилж болох юм. Нүдний будгаа өө дарагчтайгаа холиод хүссэн өнгөө гаргаж авах боломжтой.