Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд

2018-08-20, 16:33
8,586

Хоёр орны хилийг заагласан хана хэрмийн талаар ярихаар хамгийн түрүүнд Берлиний хана, хоёр Солонгосын 38 дугаар өргөрөг санаанд тань буух болов уу. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump) Америк, Мексикийн хил дээр өндөр хана барина гэж сүүлийн хоёр жилийн турш ярьж байгаа. Гэхдээ ийм хана дэлхийд өөр хаана байдгийг та мэдэх үү? Бид танд эдгээр хана хэрхэн, яагаад бий болсон талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Хоёр улсын хил хязгаарыг тусгаарласан аймшигт хана хэрмүүд

1 Марокко улсын хана

Баруун Сахарын цөлд сүндэрлэх гурван метр өндөр, 2600 км урт энэ ханыг Берм (Berm) гэж нэрлэдэг. Баруун Африкийн энэ хэсэг газар хилийн маргаантай бүсэд тооцогддог. Марокко болон Баруун Сахар улс хоёул энэ газрыг өөрийн улсынх хэмээн тунхаглахыг хүсдэг ч хэзээ ч зөвшилцөлд хүрч байгаагүй аж. Ийнхүү энэ газрыг хоёр хуваан хана барьсан түүхтэй.

Хананд цахилгаан өргөст тор, радарын илрүүлэгч суурилуулсан төдийгүй бүрэн зэвсэглэсэн хилийн цэргүүд манаж байдаг гэнэ. Мөн Мароккогийн тал руу нэвтэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах үүднээс газарт нь мина булсан байдаг.

Марокко улсын хана

2 Багдадын хана

Ирак улсын нийслэл Багдад хотод исламын шашны Суннит болон Шийт урсгалынхан таван км бетонон ханаар тусгаарлагддаг байна. Учир нь энэ хоёр шашны урсгалыг дагагчид эрт үеэс бие биенийхээ итгэл үнэмшлийг эсэргүүцдэг байжээ. Уг ханыг Америкийн цэргүүд 2007 онд барьж эхэлсэн бөгөөд тухайн үед хотын удирдлагууд үүнийг эсэргүүцсэн ч эцэст нь хана сүндэрлэсэн юм.

Суннитийн цэргийнхэн шийт шашинтай энгийн иргэд рүү байнга халдаж байсан нь ханыг барих шалтгаан болжээ. Хана барьсны дараа энэ бусармаг явдал эрс багассан аж. Гэсэн хэдий ч энэ байдлыг суннитүүд өөрсдийг нь хотоос тусгаарлаж байна хэмээн ихэд дургүйцэн хүлээж авдаг гэнэ. Энгийн иргэд хотын нэг захаас нөгөө захад хүрэхийн тулд энэ ханыг давах, эсвэл тойрч явах гэхчилэн өдөр тутмын амьдралд нь багагүй хүндрэл учирдаг байна.

Багдадын хана

3 Ботсвана- Зимбабве хоёрын дундах өргөст торон хана

Африкийн Зимбабве Ботсвана хоёр улс 500 км урт, хоёр метр өндөр торон ханаар зааглагддаг. Анх 2003 онд Ботсвана улс Зимбабвегээс орж ирэх хууль бус бараа болон малын халдварт өвчнийг зогсоох үүднээс энэхүү ханыг барьжээ. Тухайн үед ам хамар, туурай, тавхайгаар дамждаг малын халдварт өвчнөөс болж олон тооны мал хорогдсон аж. Энэ үйл явдлаас болж тус улсын эдийн засаг уналтад орж байсан түүхтэй.

Харин Зимбабве улс өргөст хана барьснаар юу ч өөрчлөгдөхгүй хэмээн мэдэгдэж, энэ торыг манай улсын иргэдээс сэргийлж ботсваначууд барьсан хэмээжээ. Гэхдээ тухайн үед Зимбабве улсад инфляцын өсөлт тэнгэрт тулж, ажилгүйдэл ихэссэн тул иргэд нь гадны улс руу хууль бусаар гарцгааж байлаа.

Гэхдээ Ботсвана улс хэзээ ч уг ханыг цахилгааныг идэвхжүүлж байгаагүй ажээ.

Ботсвана- Зимбабве хоёрын дундах өргөст торон хана

4 Өмнөд Африк- Мозамбик улсыг заагласан цахилгаанжуулсан торон хашаа

Мозамбик болон Зимбабве улс хиллэдэг газраараа 3500 вольтын цахилгаанжуулсан торон хана татсан байдаг. 1990 онд болсон Мозамбикийн иргэний дайны үеэр зугтаж явсан олон зуун хүн тус торон хашааны тогонд цохиулан нас барсан гэдэг.  

Өмнөд Африкийн албаныхны гаргасан мэдээллээр жил бүр тус торны цахилгаанд цохиулж нийт 200 хүн нас бардаг аж. Энэ тоо нь Берлиний хананаас болж нас барсан хүний тооноос хамаагүй их гэнэ. Өнөөдөр хэдий энэ хана олон газраараа “цоорч” эвдэрсэн ч өдийг хүртэл үүргээ биелүүлсээр байгаа юм. Улсын хилийг зөвшөөрөлгүй давна гэдэг нь хориотой үйлдэл гэдгийг чухам энэ хана л хүмүүст сайтар ойлгуулдаг бололтой.

Өмнөд Африк- Мозамбик улсыг заагласан цахилгаанжуулсан торон хашаа

5 Умард Ирландын “Энх тайвны хана”

Энх тайвны хана гэгдэх энэ ханыг Умард Ирланд дахь католик шашинтнууд болон ардчилсан үзэлтнүүдийг хооронд нь тусгаарлах зорилгоор анх барьжээ. Ирландын католик шашинтнууд Бельфаст хотод өөрсдийн суурингаа бий болгосноос хойш  хоёр тал бие бие рүүгээ удаа дараа халдах болжээ. Энэ явдлыг таслан зогсоохын тулд иргэд янз бүрийн хана босгож, хооронд нь нийлүүлэх болсон гэнэ. Өдгөө энэ ханыг хэрэгцээгүй болсон гэж үзэж 2023 он гэхэд бүрэн нураахаар төлөвлөсөн байна.

Умард Ирландын “Энх тайвны хана”

6 Украины хана

Украин Орос хоёрыг зааглах “Project Wall” нэртэй 2000 км урт ханыг 2018-2021 оны хооронд барьж дуусгахаар Украин улс төлөвлөж байгаа аж. Хэдэн жилийн өмнө Крымийг Орос өөрийн эзэмшилдээ авсан билээ. Чухам энэ ханыг барьснаар Оросын түрэмгийллийг зогсооно гэж украинчууд итгэж байгаа юм.

Гэхдээ Украин улс одоогоор ийм том хана барих эдийн засгийн чадамж сул байгаа болохоор түр хугацаанд хана барих ажлаа зогсоогоод байгаа. Одоогийн байдлаар ердөө 273 км газарт гуу ухаж, 83 км-ийн урттай ханыг хил дээрээ сүндэрлүүлжээ.

Украины Засгийн газраас энэ ханыг барьж дуусгахад Европын бусад улс орноос санхүүгийн туслалцаа хүсээд буй ажээ. Дашрамд сонирхуулахад, Орос улс ч мөн адил Крымийг өөрийн газар нутагтаа бүрэн багтаасны илрэл болгож хана барихаар төлөвлөсөн гэнэ.

Украины хана

7 “Агуу хана”

2006 онд гарсан Иракийн иргэний дайныг өөрийн улс руу нэвтрэхээс сэргийлэн Саудын Араб улс хил дээрээ 966 км урттай торон хашаа барихаар төлөвлөж, ажлыг нь эхлүүлжээ. Харин 2014 онд дээрх ханын барилгын үйл явц дундаа орж байх үед Исламын улс бүлэглэл хүчээ авч, Иракийн хилийн бүсийг өөрийн нөлөөллийн бүс хэмээн тунхагласан юм. Үүнд нь эмзэглэсэн Саудын Араб улс тус хана бүхий хил дээр ойролцоогоор 30 мянга орчим цэргээ гаргасан гэдэг. Энэ үед Исламын улс бүлэглэл тус хана руу гал нээх үеэр гурван цэрэг амь насаа алдсан байна.

“Агуу хана”

8 Испани- Марокко улсын хилийн хана

Испанийн Сеута болон Мелилья хот Хойд Африкийн Марокко улстай хил залгаа оршдог юм. Уг хотуудаар дамжин Африкаас олон мянган иргэн хууль бусаар Испани руу нэвтэрч, цаашлаад Европ руу орж ирдэг гэсэн судалгаа бий. Энэ хууль бус явдлыг зүгээр хараад сууж чадаагүй Испани улс Марокко улстай хиллэдэг хэсэгтээ өндөр торон хашаа барьжээ.

Европын холбоо жил бүр Африкаас орж ирэх хууль бус цагаачдынхаа тоог багасгахын тулд Испани, Марокко улсад их хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлдэг. Ийнхүү эцэст нь 11 км урт, хоёр давхар, өргөстэй торон хашаа барьжээ. Энэ хананд мөн дохиолол суулгасан аж. 

Испани- Марокко улсын хилийн хана

9 Египет Гаазын зурвас хоорондын хана

Энэ жагсаалтад багтсан бусад хананаас ялгаатай нь Египет Гаазын зурвас хооронд орших хана газар доор байрладаг юм. Египетээс Гаазын зурвас руу хууль бусаар зэвсэг тээвэрлэх үйл ажиллагааг зогсоох үүднээс энэ ханыг барьжээ.

Жирийн нөхцөлд үүгээр хил давах бэрх учир хууль бус наймаачид Египетээс газар доогуур туннелиэр дамжиж явдаг байсан аж. Энэ явдлыг мэдсэн албаныхан тэдний замыг хааж энэ өвөрмөц ханыг барьсан ажээ. Газар доорх энэ хана нь ойролцоогоор 10 км урт бөгөөд АНУ-ын тусламжаар барьжээ.

Египет Гаазын зурвас хоорондын хана

10 Энэтхэг- Бангладешийг тусгаарласан торон хана

Энэтхэг Бангладешийн хил дагуу 4100 км урт, 2.4 метр өндөр төмөр хана сүндэрлэдэг. 1980-аад онд Энэтхэгийн Ассам мужид хууль бусаар Бангладешаас олон хүн орж ирсэнд энэтхэгчүүд ихээхэн бухимдаж, үймээн самуун дэгдэж байжээ. Ийм явдал дахин гарахаас сэргийлж Энэтхэг улс дээрх ханыг барьсан аж.

2001-2010 оны хооронд Энэтхэг улс хууль бусаар хил нэвтэрсэн 900 хүний амь насыг бүрэлгэсэн гэсэн судалгаа бий. Гэхдээ өнөөг хүртэл хууль бус цагаачдаас гадна террорист бүлгэмүүд энэ ханаар ядах юмгүй нэвтэрсэн хэвээр байгаа юм.

Энэтхэг- Бангладешийг тусгаарласан торон хана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()