Бие дээрх олон шивээсээрээ нэрд гарсан тэрээр Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосноор дэлхий нийтээрээ түүнийг мэдэх болсон билээ.
Рик Женест шавьжны дүрстэй 176, араг ясны зураг бүхий 139 шивээс хийлгэснээрээ биедээ хамгийн олон шивээстэй хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний биеийн 90 хувь нь шивээстэй аж.
Тэрээр анх 15 настайдаа тархины хавдартай болохоо мэджээ. Тиймээс тэр анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа толгойдоо хийлгэсэн аж. Түүний 3.5 метр өндөр хүрэл хөшөөг Лондон хотын музейд босгох бодолтой байгаагаа Их Британийн зураач Марк Куинн өмнө нь мэдэгдэж байсан юм.
Рик Женест загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд 2011 оны Парис болон Нью-Йорк хотын загварын долоо хоногт оролцож "GQ", "Vanity Fair" , "Vogue Hommes" зэрэг загварын сэтгүүлүүд дээр гарч байжээ.
Нас бараад тав хонож буй Рик Женестийн гэр бүлийнхэн болон найз охин нь түүнийг амиа хорлосон гэдэгт итгэхгүй байгаа аж.
"Рик Женест оройн 17.00 цагийн үед тамхиллаа хэмээн тагтан дээрээ гарсан. Тэр цоо эрүүл байсны дээр сэтгэл гутралд орсон гэх ямар ч ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй" хэмээн найз охин нь сэтгүүлчдэд хэлжээ.
Дээрх шалтгааны улмаас Женестийн гэр бүлийнхэн нь түүний үхлийн жинхэнэ шалтгааныг илрүүлж өгөхийг цагдаа нараас удаа дараа хүссэн байна.
Алдарт дуучин Лэди Гага (Lady Gaga) "Бидний хийсэн уран бүтээл миний хувьд ариун нандин, сэтгэл хөдөлгөм зүйл байсан. Тэр жинхэнэ уран бүтээлч хүн байсан болохоор сэтгэл зүрх нь хийсэн бүтээлтэй нь хамт үүрд үлдэх болно" гэж твиттертээ жиргэсэн байна.
Харин удалгүй түүний гэр бүлийнхний хүсэлтээр Лэди Гага өмнөх жиргээгээ устган "Рикийн үхлийн жинхэнэ шалтгааныг тодорхойлох гэрч болон эд мөрийн баримт гарч ирэхээс өмнө ийм мэдэгдэл хийсэндээ хүлцэл өчье. Би үүгээрээ ямар нэгэн эцсийн дүгнэлт гаргах гэсэнгүй. Түүний гэр бүл, ойр дотны хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна" гэж бичжээ.
Одоогийн байдлаар орон нутгийн цагдаа нар түүний үхлийн шалтгааны талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.