Метрогоор зорчиж буй модель бүсгүйчүүдийг бариулнаас барих үед хүн бүрийн анхаарал моделийн суганд наасан сурталчилгаа руу хандана гэсэн санааг "Wakino" компанийнхан ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ. Сонирхуулахад японоор "waki" гэдэг нь суга гэсэн үг аж.
Тус компани сугаа сурталчилгааны самбар болгохыг хүссэн бүсгүйчүүдэд долоо хоногт 10 мянган иен буюу 90 орчим ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө өгөхөө амлаж байгаа юм. Энэ нь хэдийгээр бага мөнгө мэт санагдаж болох ч үндсэн ажлынхаа хажуугаар "халтуур" хийх боломжийн санал гэж хүмүүс үзэж байгаа аж.
Зар сурталчилгааны агентлагийн шинэлэг санааг дэмжин хэрэгжүүлэхээр шийдсэн анхны "үйлчлүүлэгч" нь "Seishin Biyo Clinic" хэмээх гоо сайхны клиник юм.
Сонирхолтой нь "Wakino" компани хэн дуртай хүнийг энэ сурталчилгаандаа гол дүр болгохгүй гэнэ. Япон даяар хамгийн "сайхан" сугатай бүсгүйчүүдийг сонгон шалгаруулж, гэрээ хийхээр шийдсэн бөгөөд "Хамгийн сайхан сугайтай бүсгүй"-н уралдаан хүртэл зарласан байна. Энэ шийдвэр нь Япон төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан бөгөөд томоохон хэвлэлүүд энэ талаар бүхэл бүтэн нийтлэл бичжээ.
Тус өвөрмөц сурталчилгааны тактикийг нэвтрүүлээд удаагүй байгаа ч дэлхий нийтийн анхаарлыг татсан учраас энэ арга хэдийнэ амжилт олж эхэлжээ.