1
Цэнхэр
Цэнхэр өнгөтэй хувцас өмсөх дуртай, цэнхэр өнгийн өрөөнд байх дуртай, тэнгэр ширтэх дуртай хүн олон. Учир нь цэнхэр өнгө нь амар тайван, аюулгүй, найдвартай, тайтгаруулах нөлөөтэй. Гэхдээ хэт гүн цэнхэр өнгөтэй өрөөнд цагийг удаан хугацаагаар өнгөрөөх юм бол гуниг, гутрал төрүүлдэг.
Цэнхэр өнгө тайвшруулах үйлчилгээтэй: цусны даралт буулгаж, зүрхний цохилтыг намдааж, хөлрөлтийг багасгадаг юм. Гэхдээ цайвар цэнхэр тийм нөлөө үзүүлдэггүй.
Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс бишрэмтгий байдаг. Итгэл даах чадвартай, үнэнч шударга занг үнэлдэг хүмүүс юм. Тэд хариуцлага хүлээх чадвартай, аливаа юмыг төгс хийж бүтээхийг зорьдог, мөн хүнд маш их шаардлага тавьж байдаг гэнэ.
Харин цэнхэр өнгийг таашаадаггүй хүмүүс эрч хүчтэй, ядрах завгүй, нэгэн хэвийн байдалд дургүй аж. Тэд олон үүрэг, хариуцлагат дургүй. Тэдний хувьд цэнхэр өнгө сэтгэл гутрал, хямралыг билэгддэг.
2
Улаан
Ямар ч туяатай улаан өнгө дүрэлзсэн, романтик байдлыг илэрхийлдэг. Улаан өнгө аппетит оруулж өгдөг, үнэрлэх мэдрэмж сайжруулдаг, амтлах мэдрэмжийг сайжруулж, бэлгийн дааврын үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Судалгаагаар бол улаан өнгө тархинд маш огцом нөлөөлдөг нь тогтоогджээ.
Улаан өнгө бол өөртөө итгэлтэй, эрчтэй, хүчтэй, зоригийн билэгдэл. Хэрвээ улаан өнгөнд дуртай бол илэн далангүй, нийтэч, шинэ сорил, тулгарах асуудлыг давж гарч чаддаг гэсэн үг. Улаан өнгөнд дургүй бол эрч хүч муутай хүний шинж.
3
Улбар шар
Улаан шар хоёр өнгө хольж улбар шар өнгө гарч ирдэг. Тэгэхээр аль аль өнгийн шинжийг агуулдаг. Энэ өнгө хамгийн амттай, жимс ундаатай холбоотой байдаг. Цайвар улбар шар нь хөгжилтэй, бусадтай нийтэч, хүч бярыг илэрхийлдэг. Ихэнх хүн улбар шар өнгийг бүдүүлэг, хачин өнгө гэж үздэг.
Гэхдээ улбар шар өнгийн орчин нь аппетит хөдөлгөдөг. Тиймээс ихэнх хоолны газруудын дотоод тохижилт улбар шар байдаг. Улбар шар маш амархан хүний анхаарал татдаг, сэтгэл санаа дээшлүүлж, үр дүнтэй байх сэдлийг төрүүлдэг.
Улбар шар өнгөнд дуртай хүмүүс ихийг мөрөөддөг, адал явдалд дуртай, үргэлж шахуу сайхан зантай байдаг. Мөн олон сайхан санаа толгойд нь үргэлж байдаг. Ажил хийхдээ ч сан, мөн стрессээ зөв тайлж чаддаг хүмүүс байдаг. Олон хүнтэй хамт байх дуртай, хүнтэй тохиролцож чаддаг, уур бухимдал багатай хүмүүс юм. Улбар шараар биеэ гоёх дуртай хүмүүс амжилтад хүрч чаддаг.
Харин энэ өнгөнд дургүй бол олон хүнтэй газраар явах дургүй, хүнтэй арга эвээ олж чаддаггүй хүмүүс байдаг. Тэд цөөн хэдэн сайн найзын хүрээнд л зугаацаж, цэнгэж чаддаг.
4
Ягаан
Ягаан өнгө бол гэгээлэг, цоглог байдал, хайр, цэвэр ариун байдлыг билэгддэг. Цайвар ягаан өнгө зөөлөн, эелдэг, романтик шинж агуулдаг. Мөн ягаан өнгө хүний уур бухимдал тайлж, цусны даралт буулгаж, зүрхний цохилтыг хэвийн байдалд оруулдаг нөлөөтэй. Нэгэн удаа Сиатл мужийн шоронгийн камерын ханыг ягаан өнгөөр будаж туршилт хийжээ. Камерт 15 минут байхад хоригдлуудад ямар ч уурлаж, бухимдсан шинж илрээгүй байна.
Ягаан өнгөнд дуртай бол ариухан, эелдэг, романтик, зөөлөн ааштай, авьяастайн шинж. Ягаан өнгөнд дурлагсад олон ааштай байх нь элбэг. Харин ягаан өнгөнд дургүй бол хатуу ширүүн байдаг бөгөөд ягаан өнгөнд дуртай хүмүүсийг тэнхээгүй, унхиагүй гэж үздэг.
5
Ногоон
Ногоон олон янзын туяатай. Жишээ нь бадмаараг ногоон, цайвар ногоон, оюу ногоон гэх мэт. Тус бүр нь эерэг болон сөрөг шинж чанартай. Бүх өнгө дундаас хүний нүд ногоо өнгийг хамгийн сайн ялгаж хардаг гэнэ.
Ногоон өнгө нь байгаль дэлхийтэй салшгүй холбоотой. Ногоон өнгийг хараад хүний толгойд навч, ногоо, өвс , ой мод, шинэхэн гаа гэх мэт зүйлс бодогддог. Гэхдээ халтар ч гэмээр гүн ногоон, шар ногоондуу өнгийг хүмүүс тэр болгон таалдаггүй. Учир нь дотор муухайруулж, бөөлжис хүргэдэг гэнэ.
Ногоон өнгө нүдний хараанд сайн. Ялангуяа удаан улаан өнгөтэй зүйл рүү ширтсэний дараа ногоон зүйл рүү харах юм бол нүд өвдөхөө больдог. Казиногийн ширээ ихэвчлэн ногоон өнгийн дэвсгэртэй байдгийг та анзаарсан л байх. Шалтгаан нь ногоон өнгө тоглогчдын сэтгэл хөдлөлийг дарж өгдөг.
Ногоон өнгөнд дуртай хүмүүс тогтвортой, биеэ хянаж чаддаг, сайхан сэтгэлтэй, найдвартай, сэтгэл зовомтгой хүмүүс байдаг. Хүмүүсийг хүндэлж, дээдэлж сурсан өндөр мэдлэг, соёлтой, аливаад дасан зохицох чадвартай хүмүүс юм.
Харин ногоон өнгөнд дургүй хүн нийтэч биш, нөхөрсөг биш хүмүүс юм. Ийм хүмүүс шоу, цэнгээн дээр тэр болгон харагдаад байдаггүй.
6
Нил ягаан
Өнгө дундаас нил ягаан хамгийн ойлгомжгүй, сонин өнгө юм. Улаан өнгөтэй адил хүсэл тачаалыг илэрхийлдэг хэрнээ цэнхэр өнгө шиг тайван байдлыг бас илэрхийлж чаддаг. Хачирхалтай нь уран бүтээлчид, загвар зохион бүтээгчид, зураачид, шинийг бүтээгчид нил ягаан өнгийг ашиглаж бүтээл туурвих дуртай байдаг гэнэ.
Энэхүү өнгө нь ханиадыг эдгээж, цусны даралт буулгаж, нойргүйдлийг анагаадаг ашиг тустай. Харин сонирхолтой нь зарим хүмүүс нил ягаан өнгийг харах чадваргүй байдаг гэнэ. Тиймээс сэтгэл зүйн тодорхойгүй байдлыг бий болгодог.
Энэ өнгөнд дуртай хүмүүс нууцлагдмал, онцгой, бүтээлч, олон талын зүйл сонирхдог. Мөн өөрийгөө бусдаас онцгой, ондоо гэж боддог хүмүүс гол төлөв нил ягаан өнгөнд дуртай байдаг. Эдгээр хүмүүс ихэвлэн олон зантай, сэтгэл нь тогтворгүй хүмүүс байдаг аж.
Харин эсэргээрээ нил ягаанд дургүй бол хүн үнэнч, шударга зантай, баргийн юм таалагддаггүй нэгэн байх нь олонтаа.
7
Бор
Бор өнгө нь эрэгтэй хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Бор өнгөнд дургүй гэсэн хүн ч бор өнгийн сандал ширээгээр гэрээ чимдэг. Учир нь бор өнгө тухтай байдлыг билэгддэг. Мөн амттан буюу шоколад, бялуу мэтийн зүйлийг хүнд бодогдуулдаг болохоор өөрийн эрхгүй бор өнгөнд дурладаг.
Бор өнгөнд дуртай хүмүүс аливааг хийж, бүтээх өөдрөг бодолтой. Тогтвортой, итгэл даах найдвартай, сайн найз болж чаддаг мөн өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чаддаг хүн бор өнгөнд бусдаас илүү татагддаг. Ийм хүмүүс амьдралынхаа амин чухал зүйлүүдийг мэддэг, түүнийхээ төлөө явдаг хүмүүс юм.
Харин энэ өнгөнд дургүй бол юм төсөөлөх дуртай, адармаатай байдалд байнга орооцолддог хэрнээ сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Гэртээ тогтдоггүй хүмүүс гэж хэлж болно.
8
Шар
Шар өнгө бол зөн совингийн бэлгэдэл юм. Шар өнгийг хөгжөөн, цэнгээн, эрх чөлөө, нээлттэй байдал, өөртөө итгэх итгэлт, нөхөрсөг байдалтай холбодог. Сэтгэл санаа дээшлүүлдэг өнгө юм.
Хэдий шар өнгийгн хөгжөөн, цэнгээнтэй холбодог ч мөн тэсрэг утгыг агуулдаг. Бага зэрэг бараан шар өнгө худал хуурмаг, урвалт, гэм бурууг илэрхийлдэг. Шар өнгөнд дуртай хүмүүс сэтгэн бодох чадвар, зөн совин сайтай хүмүүс байдаг. Мөн тэд хүний нууцыг хадгалж чаддаг хүмүүс байдаг. Мөн ер бусын, онцгой зүйлүүдэд татагддагаас гадна итгэж болох сайн анд болж чаддаг. Шар өнгөнд дургүй хүн хүсэл, мөрөөдөл нь унтарсан хүмүүс байдаг.
9
Саарал
Туяанаасаа хмаарч саарал өнгө өөр өөр утга агуулдаг. Саарал өнгө тансаг, хээнцэр байдал, аюулгүй, амар тайван мэдрэмж, хүч чадал, хурц ухааныг билэгддэг.
Саарал өнгөнд дуртай хүн эгэл, жирийн, энгийн нэгэн юм. Ийм хүмүүст тайван амгалан, аюулгүй байдал л чухал. Тэд аливаад сэтгэл хөөрлөөр ханддаггүй. Мөн өөрийгөө бусдаас нууж, ямар эгэн зүйлээрээ ялгарах гэж хичээдэггүй. Гэсэн ч хийж байгаа зүйлдээ анхааралтай, хянуур ханддаг, итгэл даах чадвартай хүмүүс юм.
Харин саарал өнгөнд дургүй бол эгэл жирийн байдалд огт дургүй нэгэн. Бусдаас ялгарахгүй байхыг тэвчдэггүй. Өдөр бүр нэг зүйлээ давтаж хийх дургүй хүмүүс юм.
10
Цагаан
Цагаан өнгө энх тайван, эрүүл мэнд, цэвэр ариун байдал, эрх чөлөөг билэгддэг. Цав цагаан өнгө хүмүүст гялбаж харагддаг. Тиймээс хэт удаан цав цагаан өнгийн өрөөнд байвал хүний нүд өвдөж, толгой өвддөг.
Цагаан өнгөнд дуртай хүн их хянуур, сэрэмжтэй, өнгө будгийн сайн мэдрэмжтэй нэгэн байдаг. Харин цагаанд огт дургүй бол тийм ч сүртэй зүйл биш.
11
Хар
Зарим нэгэн хүнд хар өнгө нууцлагдмал, сонирхолтой санагддаг. Гэхдээ бүх хэн ямар нэгэн байдлаар хар вөнгөнд дуртай байдаг. Энэ нь маш их сэтгэлийн тэвчээр болоод сайн мэдрэмжтэй хүний шинжийг агуулдаг гэсэн үг юм.
Хүмүүс хар өнгийн хувцас, эсвэл өрөөнд байх нь эмзэг хэрнээ, аюулгүй, хувийн орон зайдаа байгаа мэт санагддаг гэж хэлдэг гэнэ. Гэхдээ сэтгэл зүйчид солонгын долоон өнгөнөөс зөвхөн хар өнгийн хувцас өмсөх юм бол сэтгэл гутралд ордог гэж үздэг юм.
Хар өнгөнд дуртай бол өөрөө өөртэйгөө үе үе зөрчилддөг, тэрсүүд ааштай хүний шинж. Тэд маш ухаантай, хошигнож чаддаг, өсөх ирээдүйтэй хүмүүс юм. Хэдий эрс тэс зан ааштай ч энэ нь өвөрмөц юм.
Харин хар өнгийг таашаадаггүй бол энэ тэр хүмүүст хар дурсамж үлдээж байдагтай холбоотой юм.