1
Африк тив өндөр хөгжилтэй улсуудын тоонд орно
Хятад тэргүүлэгч улс байх нь зөвхөн өөрийн оронд ашигтай байхаас гадна бусад улсад ч хэрэгтэй юм. Ялангуяа Африк тивийн улсуудад ихээхэн ашигтай.
Ихэнх хүн Африкийн хөгжилд оруулах Хятадын хувь нэмрийн талаар тоймтой зүйл хэлж мэддэггүй. Дэлхийн улс орнуудаас Африк тивд оруулах тусламж, хөрөнгө оруулалтаараа Хятад улс тэргүүлдэг. Тус улсын Африкт оруулж буй хөрөнгө оруулалт хэдэн тэрбумаар үнэлэгддэг. 2025 он гэхэд Африкт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд хүрнэ гэсэн тооцоолол хүртэл байдаг.
Африкийн ихэнх улс орныг дарангуйлагч нар нь удирддаг учраас Өрнөдийн өндөр хөгжилтэй орнууд хөрөнгө оруулахаас эмээдэг аж. Америкийн хөрөнгө оруулалт хэт улстөржсөн байдаг, тухайн улсыг хэн удирдаж буй эсвэл эрх чөлөөний орныг хэр дагаж дэмжихээс шалтгаалан хөрөнгө оруулалт хийх нь элбэг байдаг юм.
Харин Хятад улсын хувьд Африкийн улс орнуудын удирдагч хэн байх, юу хийх нь огт хамаагүй. Хөрөнгө оруулалт хийснээр Хятад улсад эргээд ашгаа өгч л байвал тэд сэтгэл хангалуун байна. Африкт оруулсан хөрөнгө оруулалтынхаа хариу ашгийг жил бүр зургаа нугалж авдаг гэж Хятад улс мэдэгдсэн нь ч үүний илрэл юм.
Африкийн улсууд аль хэдийнэ Хятадын хамгийн ойр худалдааны түнш болсон. Хятад улс үүний хариуд НҮБ-д Африкийн аль болох олон орныг элсүүлэхээр зорьж байгаа нь ирээдүйд НҮБ-д Хятадыг дэмжих улсын тоо нэмэгдэнэ гэсэн үг билээ. Тэгэхээр Хятадын нөлөөн дор дэлхийн улс орнууд орно гэдэг нь Африкийн нөлөөн дор ч мөн орох магадлал өндөр юм.
2
АНУ эдийн засгийн хямралд орно
Дэлхийн тэргүүлэх улсынхаа байр суурийг алдвал АНУ маш том уналтад орно. Тэд зүгээр ч хоёр дахь тэргүүлэгч улс болж хувирахгүй харин ч эсрэгээрээ эдийн засгийн хүнд уналтад орно.
Америкийн мөнгөн тэмдэгт бүх улсын эдийн засгийн гүйлгээнд орж, олон улсын худалдааны гол валютын нэгж болсон билээ. Америк доллар өнөө үеийн "алт" болж хувирсан учраас өнөөг хүртэл тус улсын эдийн засаг тогтвортой байдалд байгаа.
Харин Хятад улс энэ байдлыг эвдэхээр зэхэж байна. Юанийг голлох валютын нэгж болгож долларын орыг залуулахаар хичээж байгаагаа тэд олон нийтэд зарласан. Энэ нь төлөвлөгөө нь ч амжилттай хэрэгжиж байгаа.
Доллар өөрийн байр сууриа алдвал Америк улс эдийн засгийн уналтад орно. Америкийн эдийн засгийн өсөлт өдөр бүр шахам хоёр хувиар буурч байгаа. Импортын барааны татвар нэмэгдэж, экспортын барааны үнэ буурснаар олон хүн ажлаа алдах магадлалтай.
Энэ бүхний дараа Америк Африкаас тусламжийн бараа хүсэж ч магадгүй юм.
3
Дэлхийн засаглал уналтад орно
Хүмүүсийн боддог шиг Хятад дэлхийн тэргүүлэгч гүрэн болохын тулд цэргийн хүч ашиглаж бүх улс орныг социалист бол гэж шаардахгүй. Харин ч илүү энх тайванч байдлаар хандах болно.
Тухайлбал, Африкийн улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх дүрэмтэй бол АНУ бусад улс орны сайн мууг чичлэн, дарангуйлагч нарыг нь татан буулгаж, улсын дотоод асуудалд оролцдог. Бусад улсын Засгийн газрын бодлогыг шүүж, дотоод хэрэгт нь оролцох буруу гэсэн зарчмын дагуу Хятад улс тэднийг зүгээр л зөнд нь орхидог.
Энэ нь Хятад Америк хоёр улсын хоорондын хамгийн том ялгаа юм. Өнөөдөр Америкийн батлан хамгаалах салбар зөвхөн өөрийн улсыг хамгаалах хүчин бус Европ болоод дэлхийн бүх ардчилсан орны батлан хамгаалах хүчин болж хувирсан.
Хятад гүрний хувьд бусад улсын засаглалын хэлбэр чухал биш. Тиймээс тусламж хэрэгтэй улс орнуудыг алаг үзэж, ялгаварлахгүйгээр цэргийн тусламж үзүүлэх болно.
4
Хичээлийн агуулгыг нь Засгийн газраас баталдаг
Хятад улс түрэмгий дипломат ажиллагаа явуулдаггүй, харин оронд нь “Зөөлөн хүчний бодлогоор” бусад улс оронд нэр нөлөөгөө өсгөх бодлого явуулдаг билээ.
Энэ бодлогын нэгээхэн хэсэг нь боловсролын байгууллагаар дамжин хэрэгждэг. Жилээс жилд Хятад улсыг зорих оюутан, сурагчдын тоо нэмэгдсээр байгаа. АНУ, Англиас илүү Африкийн оюутнууд Хятадад маш олноороо сурч байна.
Хятад улс өөрийн гэсэн онцлогтой социализмыг дэлгэрүүлэх зорилгоор улсаас тусгайлан баталсан сурах бичгийн агуулгын хүрээнд багш нар нь хичээлээ заадаг юм. Тус улс тэргүүлэгч гүрэн болсноор энэ байдал нь илүү хүчээ авна. Ирээдүйн дэлхийн улстөрчид, баячуудыг хятад сэтгэлгээтэй болгохоор тэд зорьсоор л байна.
Энэ бодлого нь зөвхөн Хятадын газар нутаг дээр байгаа сургуулиудаар зогсохгүй өдгөө дэлхийн 140 оронд үйл ажиллагаагаа явуулж буй, Хятадын Засгийн газрын хяналтанд байдаг 1500 “Кунзийн институт”-ээр дамжин хэрэгждэг аж. Эдгээр институт нь хятад хэл, Хятадын түүхийг зааж, Өрнөдийн орнуудад байдаг Хятад улсын талаарх ташаа ойлголтыг залруулдаг юм.
5
Түүхийг дахин бичнэ
Хятадын Коммунист нам түүхийг дахин бичихээ олон нийтэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч Си Зиньпин олон улсын харилцаа холбоогоо өргөжүүлж, Хятадын шинэ, зөв өнгө төрхийг сурталчлахаа өөрийн хэлсэн үгэндээ дурдсан.
Ингэснээр Хятадын талаарх түүхийн зарим ташаа ойлголтыг засаж, бусад оронд байдаг хятад хүний талаарх сөрөг хандлагыг засаж залруулах юм.
Тухайлбал, удирдагч Мао Зедуныг ухаалаг, нэр нөлөөтэй сайн хүн байсан гэдгийг таниулахыг чухалчлах аж. Мөн Хятадад социалист нийгэм бусармаг байдлаар үүсч, хөгжөөгүй бөгөөд Тяньаньмэний талбайд болсон хядлага шударга бус явдал гэдэг ойлголтыг түүхээс арчихыг хүсдэг юм.
6
Европ уналтад орно
Европ хэдэн зуун жил дэлхийн томоохон гүрнүүдийг атгандаа байлгаж байсан бол удахгүй уналтад орно.
2000 оноос хойш Европын улсуудын хүч суларсаар байгаа бол Азийн орнууд аажмаар хүчирхэгжсээр байна. Энэ хооронд Хятад улс Ази, Африкийн орнуудтай харилцаагаа улам бататгаж байгаа нь дэлхийн хүчний төв Өрнөдөөс Ази руу нүүж байгаагийн илрэл болжээ.
Европ аль хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Бусад улсад Европын орнуудын нөлөө буурч байгаа. Гэсэн ч тэд энэ бүхнээс сэргийлж хоорондын холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэж хичээж байна.
Хятад улс дэлхийг “эзэгнэгч” болбол Европ, Америкийн нөлөө яах аргагүй буурна. Ази, Африкийн орнууд хүчээ авсаар Европ дахь тансаг байдал үгүй болно.
7
Засгийн газраас баталсан кино суртал ухуулга болно
Кино театрт кино үзэх нь Хятадын Суртал ухуулгын яаманд орж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх байх.
Хятад улс өөрийн зорилгоо бусдад ил тод байлгадаг. Нэг удаа Ерөнхийлөгч Си Зиньпиний хэлж байсанчлан "Улс, эх орон, Коммунист нам, баатар түүхээ магтан шагшсан мөн Хятад улсыг соёлтой, боловсон, сайн засаглалтай, эдийн засгийн өндөр хөгжилтэй, баялаг түүхтэй улсын” дүрээр үзүүлэхийг тэд хүсдэг.
Хятадын Засгийн газар өөрийн гэсэн кино урлагийн томоохон байгууллагатай. Хамгийн сүүлд Холливудынхантай хамтран “Цагаан хэрэм” кино бүтээсэн бөгөөд гол дүрд нь жүжигчин Мэтт Дэмон (Matt Damon) тоглосон билээ.
Мөн түүхээ засаж залруулсан байдлаар буюу Хятадыг эерэг талаас нь харуулсан кинонуудыг шинэчлэн бүтээж байгаа.
Уран бүтээл, урлагт ямар нэгэн цензур тавьж болохгүй гэдэг бодлогыг Хятад улс дэмждэггүй. Хийсэн бүх киног олон нийтийн хүртээл болохоос нь өмнө заавал шалгалтаар оруулдаг юм.
8
Япон улс олон улсын харилцаанаас гарна
Хятад улсын хүчээ авч буй байдалд бусдаас илүү Япон улс санаа зовнидог гэдэг. Хятадыг тэргүүлэгч гүрэн болсон үед Япон улс өөрийн дураар олон улсын харилцаанаас гарч мэдэх юм. Дэлхийн II дайны үед япончуудын гаргасан хэрцгий үйлдлийг Хятад улс одоо ч өршөөгөөгүй хэвээр байгаа. Япон улс ч албан ёсоор уучлал гуйгаагүй билээ. Японы учруулсан хор уршгийг ард иргэддээ мартуулахгүйн тулд одоог хүртэл Японы талаар сөрөг мэдээлэл бүхий суртал ухуулга хийдэг.
Мөн хоёр улс эртнээсээ газар нутгийн маргаантай. Энэ асуудлыг ч хоёр тал шийдвэрлэх бодолгүй байгаа. Гэхдээ Хятадын хүссэн зүйлийг Япон улс өгөхгүй бол дараа нь харамсах л болов уу. Япон улсын НҮБ дахь байр суурийг Хятад ганхуулж байгаа. "Синьхуа" агентлаг “НҮБ-д байр сууриа хадгалахыг хүсвэл Япон улс хандлагаа өөрчлөх хэрэгтэй” гэж дурдсан байна.
Хятад улс хамгийн хүчтэй улс болсныхоо дараагаар түрэмгийлэл үзүүлэхгүй, харин үг дуугүй Японыг шалд нь унагаана.
9
Тайванийг түрэмгийлнэ
Хятад улс тэргүүлэгч улс болсноор хамгийн түрүүнд Тайванийн чөлөөт засаглалд төгсгөл ирнэ. “Хятадын газар нутгийн бүрэн байдалд халдсан ямар ч хүн, байгууллага, улс төрийн намыг Хятад улс өршөөхгүй” гэж улсын тэргүүн Си Зиньпин хэлж байсан. Тайваний Засгийн газрыг буулгаж харьяандаа оруулахаар Хятад улс хатуу арга хэмжээ авна.
Тайвань сайн дураараа бууж өгч, Хятадтай нэгдэхгүй бол тэд хүч хэрэглэхээс ч татгалзахгүй. Вашингтон дахь Хятадын Элчин сайд “Тайваний эрэг орчим АНУ-ын тэнгисийн цэрэг ойртох юм бол Хятад улс тэр дор нь хүч хэрэглэн Тайванийг өөрийн болгоно” гэж хэлсэн байсан юм.
Хэрвээ Тайвань тусгаар тогтнолоо зарлавал Хятад улс дайн зарлана гэдгээ далдуур илэрхийлдэг билээ.
Одоогийн байдлаар ийм үйл явдал болоогүй байгаа нь АНУ-ын цэргийг Хятад дийлэх эсэхдээ эргэлзэж, хүлээзнэж байгаатай холбоотой. Хятад их гүрэн болсон цагт Тайваний дураараа дургих өдрүүдэд төгсгөл ирнэ.
10
Хятад Америк хоёр дайтах магадлалтай
Зуунаас зуунд дэлхийн тэргүүлэгч гүрний халааг улс орнууд ар араасаа авсаар ирсэн. Харин АНУ Хятадад халаагаа тайван замаар өгөхгүй байх магадлал өндөр юм.
Хятад улс бэлтгэл ажлаа хангаж байгаа. Си Зиньпиний нэг том зорилт бол 2050 он гэхэд тулаанд гарцаагүй ялалт байгуулж чаддаг хамгийн шилдэг зэвсэгт хүчинтэй болох. Үүнийг ч АНУ зүгээр хараад суухгүй, адилхан л ялна гэж үзнэ. Одоогийн байдлаар хоёр улс худалдааны татварын асуудалтай, мөн улс төрийн үзэл бодлоороо ширүүн зөрчилдөж байгаа билээ.
Нөхцөл байдал хүндэрвэл магадгүй шинэ "Хүйтэн дайн" гарахыг үгүйсгэхгүй.