1
Түүний оруулсан постыг тухайн үед долоо хоногийн дотор 135 мянган хүн шэйр хийж, бусадтай хуваалцсан аж. Ийм аюулт өвчин туссанаараа амьдралынхаа хором мөч бүрийг үнэлж, хайрлаж сурсан болохоо бүсгүй хэлсэн байна. Холи Бутчер Австралийн Өмнөд Уэльс мужийн Графтонд төрсөн бөгөөд Юингийн хавдар хэмээх ховор төрлийн өвчнөөс болж өөд болсон байна. Тэрээр бүтэн жилийн турш аймшигт өвчинтэй тэмцсэн боловч дийлж чадаагүй юм. Ингээд нас барахынхаа өмнө хамгийн сүүлчийн үгээ дэлхийн бүх хүнд хандаж цахим хуудсаараа нийтэлсэн байна.
2
Холлигийн захидал
Ямар ч хүн 26-хан насандаа өөрийгөө үхэлтэй тэмцэх ёстойгоо ухаарна гэдэг үнэхээр хэцүү бас сонин мэдрэмж. Ихэнхдээ хүмүүс энэ насан дээрээ үхлийн талаар огтхон ч боддоггүй. Би өөрийгөө өндөр насалж, олон ач зээ нартай болно гэж үргэлж боддог байлаа. Аз жаргалтай гэр бүлтэй болно гэдэгтээ ч итгэлтэй байсан. Би одоо ч гэсэн энэ амьдралыг хүсэж байгаа учир сэтгэл минь их шаналж байна.
Амьдрал бол маш хэврэг, үнэтэй, тааварлашгүй тийм л зүйл. Шинэ өдөр ирэх нь бэлэг.
Би одоо 27 настай. Би үхэхийг хүсэхгүй байна. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай байна. Ойр дотныхон, гэр бүлийнхнийхээ ачаар би амьдралд хайртай болсон. Гэхдээ би одоо юуг ч шийдэж чадахгүй.
Миний энэ захиаг бичиж байгаа шалтгаан нь таныг үхлээс айлгах биш харин бид үхлийн эсрэг юу ч хийж чадахгүй гэдгийг илэрхийлэхийг зорьсон юм. Би үхлийн талаар ярилцахыг хүсэж байна. Бид үхлийг ямар нэгэн байж болшгүй зүйл мэтээр хүлээн авдаг. Би хүмүүсийг амьдралд тохиолддог жижиг асуудлуудад хэт их анхаарал битгий тавиасай гэж хүсэж байна. Бид бүгд нэг л тавилантай. Амьдралдаа сэтгэл хангалуун байж, хэрэггүй бүх зүйлийг орхих хэрэгтэй.
Би захидлынхаа төгсгөлд олон төрлийн санаа гаргасан байгаа. Учир нь сүүлийн хэдэн сар надад аливааг тунгаах хугацаа хангалттай байсан. Энэ бүх бодол мэдээж шөнийн цагаар орж ирнэ.
Хэрвээ та амьдралд гуниглаж, хэн нэгэнд гомдол мэдүүлмээр санагдаж байвал үнэхээр асуудалтай байгаа хүний талаар бодоод үзээрэй. Таны асуудал бусадтай харьцуулахад юу ч биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж эдгээр асуудал таны санааг зовоож байгаа ч үүнээс болоод бусдын сэтгэл санаанд нөлөөлөх хэрэггүй.
Харин одоо гадаа гарч цэвэр агаар цээж дүүрэн амьсгалаад гайхалтай хөх тэнгэр, ногоон модыг хараарай. Амьсгалах боломжтой байгаадаа талархах хэрэгтэй.
Та түгжрэлд гацчихсан уу, эсвэл хүүхэд тань унтаагүйгээс болоод шөнө унтаж чадсангүй юу. Үсчин таныг үсийг хэтэрхий богино тайрчихсан уу. Магадгүй та жижигхэн хөхтэй, эсвэл унжсан гэдэстэй байж болох юм.
Энэ бүгдийг ор тас март. Таны энэ хорвоогоос явах цаг ирэхэд та эдгээр зүйлийн талаар огтхон ч бодохгүй гэдгийг 100 хувь итгэлтэй хэлж чадна. Өнгөрсөн амьдралаа хамгийн сүүлийн удаа эргэцүүлэн тунгаахад эдгээр бүх зүйлс танд утгагүй санагдах болно. Миний бие миний нүдэн дээр муудаж, ажиллагаагүй болж байхад би юу ч хийж чадахгүй байсан. Би зүгээр л дахиад ганцхан удаа шинэ жил, төрсөн өдрөө гэр бүлийнхэн, хайртай хүмүүс болон хайртай нохойныхоо хамтаар өнгөрүүлэхийг хүсэж байна. Ердөө л ганцхан өдөр.
Хүмүүс дургүй ажлаа хийж буй тухайгаа гомдоллож, өөр газар руу нүүх бэлтгэл хийхийг хүсэхгүй байгаа талаараа хэлдэг. Та энэ бүх газар руу явах боломжтой байгаадаа таларх. Таны бие муудах үед ажил хийх, бэлтгэл хийх зэрэг нь үнэхээр гайхалтай санагдана.
Би эрүүл зөв амьдрахыг хүсэж байсан. Энэ бол миний гол зорилго байсан юм. Та төгс галбиргүй байсан ч эрүүл биедээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Биеэ арчилж, биеэрээ бахарх. Эрүүл байгаадаа талархаж өөрийгөө эрүүл, амттай хоолоор эрхлүүл.
Эрүүл бие гэдэг зөвхөн бие махбодийн талаараа биш юм. Сэтгэл санааны хувьд ч гэсэн аз жаргалтай байхын тулд ажиллах хэрэгтэй. Энэ тохиолдолд та олон нийтийн цахим сүлжээнд хаа сайгүй байгаа төгс галбир тийм ч чухал зүйл биш гэдгийг ойлгох болно. Хэрвээ та ямар нэгэн цахим хуудас хараад өөрийгөө дутуугаар үнэлдэг бол тэр хуудасны дагагч байхаа зогсоо. Таны сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг найзуудаасаа ч хол байх хэрэгтэй. Сэтгэл санаагаа үргэлж хамгаалах нь чухал.
Өвдөлтгүй өнгөрүүлж буй хором бүртээ таларх. Гэртээ ханиад хүрээд хэвтсэн ч, нуруу чинь өвдөж байсан ч үхлийн өвчин биш учир талархах хэрэгтэй.
Бага гомдоллож, нэг нэгэндээ илүү их тусалж бай.
Илүү ихийг өг! Өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийснээс бусдын төлөө хийсэн нь илүү их аз жаргал мэдрүүлэх болно. Би бусдын төлөө хангалттай зүйл хийж чадаагүйдээ харамсаж байна. Өвдсөнийхөө дараа би энэ дэлхий дээр маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг мэдэрсэн. Эдгээр хүн надад сэтгэлийн дэм өгч, таатай сайхан үгийг хэлж байсан юм. Би энэ бүхнийг хэзээ ч мартахгүй бөгөөд эдгээр хүмүүст үргэлж талархах болно.
Хадгаламж дахь мөнгөө зарцуулж амжаагүй байхад сэтгэл дотор тийм ч таатай биш байх болно. Энэ үед ямар нэгэн зүйл худалдаж авах гээд ч та гадагшаа гарч чадахгүй шүү дээ. Өөрийн эрхгүй материаллаг зүйлд ямар их мөнгө зарцуулдаг байсан юм бэ гэсэн бодол төрнө.
Даашинз, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл гэх мэт хэрэггүй зүйл авч байснаас найзууддаа гайхалтай зүйл худалдан авч өг. Нэгдүгээрт, та нэг өмссөн даашинзаа дахин өмсөх нь хэнд ч хамаагүй. Хоёрдугаарт, найз нөхдөө гэртээ урьж, тэдэнтэй цуг амтат оройн зоог барь. Энэ нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Найзууддаа цэцэг бэлэглэж, массаж хийж өгч, лаа асааж, найзууддаа ямар их хайртай гэдгээ илэрхийлж бэлэг илгээ.
Бусдын цаг хугацааг үнэлж сур. Бусдыг битгий хүлээлгэ. Хэрвээ та үргэлж хоцордог бол энэ зангаа засаж, эртнээс бэлдэж сурах хэрэгтэй. Найзууд тань таныг хүлээж байснаас тантай цаг хугацаагаа өнгөрүүлэхийг хүснэ шүү дээ. Тэд таныг маш ихээр үнэлэх болно.
Энэ жил бид бэлэг бэлэглэхгүй байхаар шийдсэн ч бүх зүйл сайхан болсон. Хүмүүс шопинг хийхэд цаг зарцуулахгүй, харин өөрийн гараар ил захидал бичихэд илүү анхаарал хандуулсан юм. Манай гэр бүлийнхэн надад зориулж бэлэг сонгосон ч энэ нь тун удахгүй тэдэнд үлдэнэ гэж төсөөлөхөд ч бэрх. Миний хувьд бэлэгнээс илүү энгийн ил захидал үнэ цэнэтэй. Манай гэрт жаахан хүүхэд байхгүй учир ил захидал хийхэд илүү хялбар байсан. Гайхалтай Зул сарыг тэмдэглэхийн тулд бэлэг чухал биш.
Сэтгэлд тань үлдэх зүйлд мөнгө зарцуул. Материаллаг зүйлд бүх мөнгөө зарцуулах хэрэггүй.
Бүх аялалд нухацтай хандах хэрэгтэй. Хөлөө далайн усанд дүрж, хурууныхаа завсраар урсах элсийг мэдэр. Давстай усаар нүүрээ угаа. Цэвэр агаарт зугаал.
Ухаалаг утсан дээрээ эсвэл камертаа аливаа нэг дурсгалт мөчийн зургийг буулгахын оронд энэ мөчийг сэтгэлдээ үлдээхийг хичээ. Амьдрал гэдэг бол төгс зураг хийх, ямар нэг зүйлийн дэлгэцэн дээр амьдрах гэсэн үг биш шүү дээ. Бусдад харуулахын тулд ухаалаг утсан дээрээ буулгах хэрэггүй.
Нүүр будалт, үс засалтанд зориулж олон цаг зарцуулах хэрэгтэй гэж үү?
3
Эцэст нь энэ бол зүгээр л нэгэн бүсгүйн амьдралын хичээл юм. Энэ бүх зүйлийг хүлээж авах үгүй нь таны хэрэг!
Та хэн нэгэнд сайн үйл хийхийг хүсэж байвал цусаа бэлэглэж байгаарай. Таны сэтгэл санаа өөдрөг болж, бусдын амийг аварсан гайхалтай хэрэг болно. Нэг удаа цус өгөхөд та гурван хүний амийг аварч чадна. Хүн бүр энэ алхмыг хийх боломжтой!
- Эрт сэрж шувууны жиргэх чимээг сонсож, сайхан цэцэг харж, нар мандахыг хар.
- Хөгжим сонс. Хөгжим гэдэг нь эмчилгээ юм. Эртний хөгжим сонссон нь илүү тохиромжтой.
- Нохойтойгоо тогло. Хойд ертөнцөд та тэднээр дутах болно.
- Найз нөхөдтэйгөө ярилцаж, амьд харилцаа үүсгэ.
- Хүсэж байвал аял, хүсэхгүй байвал хэрэггүй.
- Амьдрахын тулд ажилла. Ажиллахын тулд амьдрах хэрэггүй.
- Танд аз жаргалыг бэлэглэх зүйлийг хий.
- Бялуу идсэн ч өөрийгөө битгий буруутга.
- Хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ “Үгүй” гэж хэл.
- Элэг бүтэн амьдрал гэж юу болохыг бусдын жишгээр дуурайх хэрэггүй. Магадгүй та ганцаараа эрх чөлөөт амьдралыг хүсэж байгаа ч юм бил үү.
- Хайртай дотны хүмүүстээ хайртай гэдгээ үргэлж мэдрүүлж, хэлж байх хэрэгтэй.
- Хэрвээ ямар нэгэн зүйл танд таалагдахгүй, харин та үүнийг өөрчилж чадах бол өөрчлөөрэй. Та энэ орчлонд хэдий хугацаанд амьдрахаа мэдэхгүй учир таныг аз жаргалгүй болгох зүйлийг битгий хий.
Хүмүүсийн бэлэглэсэн цусны ачаар би дахин нэг жилийг гэр бүл, найз нөхөд, хайртай нохойтойгоо өнгөрүүлж чадсан. Миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд болж өнгөрсөн.
Дахин уулзах хүртлээ баяртай, Холли