Жули, Ланс хоёр гэрлэснийхээ эхний таван жил хүүхэдтэй болохыг туйлын их хүсэж, чадах бүхнээ хийсэн ч ер үр тогтохгүй байжээ. Тэд хиймлээр үр тогтоолгохоор (extracorporeal) гурван ч эмнэлэгт хандсан ч мөн амжилт олоогүй байна. Эцэст нь хосууд АНУ-ын Үргүйдлийн үндэсний ассоциациас зохион байгуулсан сугалаанд оролцож IVF буюу хэвлийнээс гадуур үр тогтоох туршилтанд орох эрх хожсон ажээ.
2007 онд Жули 10 өндгөн эсээ лабораторид хадгалуулсан бөгөөд тэдний хоёр нь л үр тогтох боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байсан юм. Тэгтэл аз тохиож хүү Кэйтлин нь мэндэлжээ. Хязгааргүй их баярласан хосууд дахин хүүхэдтэй болох шийдвэр гаргасан ба үүний үр дүнд Калеб, Коди хэмээх ихэр хүүхдүүд нь мэндэлжээ. Тэгж байтал удалгүй Челси, Келси, дараа нь Каден Колтон хэмээх ихэр хүүхдүүд мэндэлж, хосууд нийт долоон хүүхэдтэй болжээ.
Өдгөө 40 нас хүрч буй Жули "Ийм олон ихэр хүүхэдтэй болсондоо би баярлаж явдаг. Мэдээж хэрэг тэднийг өсгөхөд үүрэг хариуцлага өндөр ч ийм зүйл болсонд би хэзээ ч харамсаж байгаагүй" гэж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
IVF үр тогтоох туршилтыг анх 1977 онд хийж байжээ. Энэ арга нь дараах үе шатаас бүрдэнэ. Эхлээд үр тогтоолгох эмэгтэйд тусгай гормон тарьж өндгөн эсийнх нь тоог нэмэгдүүлнэ. Дараа нь өндгөн эсийг цуглуулж тусгай газар хадгална. Эцэг болох хүний эр бэлгийн эсийг авч тусгай нөхцөлд хиймлээр үр тогтоосноор эх болох хүний хэвлийд байршуулдаг байна.
Хүүхдүүдийн эцэг Ланс "Үр хүүхэдгүй байна гэдэг ямар болохыг би сайн мэднэ. Тийм учраас бусад хүүхэдтэй болохыг хүсэж буй хосуудад найдвар бий гэдгийг харуулахыг би зорьдог. Найдвар үргэлж бий. Битгий бууж өгөөрэй" гэж хэлжээ.