Бүхэл бүтэн 10 сарын турш уйгагүй зүтгэсний эцэст Бельгийн гэрэл зурагчин тэрээр якузагийн “загалмайлсан эцэг”-тэй уулзах завшаан олдсон бөгөөд эдгээр зургуудаараа үзэсгэлэн хүртэл гаргасан байна. Ингээд 2 жилийн турш Антон Кастерс гэмт хэрэгтэнгүүдийн үл мэдэгдэх ертөнцөд амьдарсан байна.
1
Гэрэл зурагчин Антон Кастерс өөрийнхөө үзэсгэлэнгийн талаар ярихдаа: Эхлээд тэд намайг якуза нарын тухай мэдээллийг, олон нийтэд цацах гэж байгаа сэтгүүлч гэж бодож байсан юм. Харин би үүнийг тийм биш гэдгийг ойлгуулсан бөгөөд гэрэл зургийн төсөл хийх зорилготой байгаагаа тайлбарласан. Тэдний амьдралыг гэрэл зургаар өгүүлэх санаа якуза нарт маш их таалагдсан бөгөөд тэд миний саналыг хүлээж авсан” гэжээ.
2
Эхлээд мэдээж би тэдэнтэй анх уулзахдаа маш их айж бас сандарч байсан. Тэд бол гэмт хэргийн бүлгэмийнхэн учир би маш болгоомжтой байх хэрэгтэй. Олон түмэнд ил гарах ёсгүй зүйлийн гэрэл зургийг би дарах ёсгүй. Якуза нар миний энэ сандарсан байдлыг анхандаа үл хүндлэл мэт хүлээж авсан. Эдгээр залуусын нэг нь надад хандаж: Та энд гэрэл зурагчны үүрэг гүйцэтгэж байгаа учир мэргэжлийн гэрэл зурагчин мэт байх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Би тэдний гэрэл зургийг дарах хүсэлт тавьсан нь тэдэнд маш их таалагдсан бөгөөд их зоригтой харагдсан гэсэн. Харин хүссэн зүйлийнхээ зургийг дарж чадахгүй байгаа нь намайг хулчгар мэт болгож байжээ.
3
“Якуза” гэдэг нь үнэн хэрэгтээ “ажил” гэсэн үгтэй ойролцоо утгатай ажээ. Ихэнхи якуза нар өөрийн гэсэн ажлын өрөөтэй бөгөөд өрөө бүрийн гадаа нэр бүхий самбар бий. Тэдний хувьд өрөөний цэвэр цэмцгэр байдал, ахлах, ахмад хүмүүстэйгээ маш хүндэтгэлтэй мөн дэг жаяг ихтэй дээр нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болох нь ажиглагдаж байлаа.
4
Судалгаа хийж эхлэх үед нэг зүйл миний санааг их зовоож байсан юм. Энэ нь бүлгийн дарамт байсан. Якуза нарын баримталдаг нэг дүрэм нь хэрвээ хэн нэгэн буруу зүйл хийсэн бол хэн ч түүнд юу ч хэлэхгүй бөгөөд зөвхөн уучлалт гуйхыг нь хүлээдэг байна. Хэрвээ уучлалт гуйхгүй бол бусад якуза нар түүнтэй огтхон ч дугарахгүй, зарим нэг нь харьцахгүй бөгөөд энэ нь тэдэнд муугаар нөлөөлөх нь бий.
5
Хэрвээ хэн нэгэн маш том алдаа хийсэн бол "yubitsume" хэмээх үйлийг хийдэг бөгөөд энэ нь хурууныхаа нэг хэсгээс огтлох үйлдлийг хийдэг. Гэхдээ энэ нь ховорхон тохиолдол бөгөөд олон жилийн туршид хааяа л тохиолддог зүйл юм.
6
Энэ бүлгэмийнхэн хүчирхийллийг багасгахыг хичээдэг. Якуза нар өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд өөрсдийн дүрэм, журамтай гэмт бүлгэмийн гишүүд хэмээн үздэг байна. Якуза нар Япон даяар алдартай бөгөөд бүх төрлийн бизнесмэнүүд ямар нэгэн байдлаар тэдэнтэй холбогдсон байдаг учир маш болгоомжтой байх хэрэгтэй.
7
Тэд ажилдаа ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд ихэнхидээ албан тушаал буулгах шийтгэлийг оноодог байна. Тэдний хувьд тушаал буух гэдэг сэтгэл санааны гүн хямрал дээр нь ичгэвтэр зүйлийн нэг юм.
8
Якуза нар өөрсдийгөө ард түмний хэв журам сахиулагчид хэмээн үздэг байна. Тэд хийж буй үйл ажиллагаагаараа нийгмийг удирдаж, өөрсдийгөө Японы соёлын нэг хэсэг хэмээн хүлээн авдаг байна. Тиймээс ч хийж байгаа зүйлс, олны нүдэнд ил нээлттэй байдаг. Төрийн түшээдүүд хүртэл тэднээс хараат байдаг нь үнэхээр сонирхол татаж байсан.
9
Якузагийн хамгаалалт дор байдаг газрууд нь Японы хамгийн аюулгүй газрын тоонд багтдаг. Тэд хүчирхийлэл хэрэглэдэггүй биш харин олон нийтийн газар төдийлөн их ашигладаггүй бөгөөд жижиг зүйл дээр хүчирхийлэл хэрэглэдэггүй байна. Хүмүүс якуза нараас айж, тэднийг хүндэлдэг учраас мафи нь өдийг хүртэл эрч хүчээ алдалгүй явсаар иржээ.
10
Мафи гэдэг бол нэг гэр бүлийг илэрхийлдэг байна. Юу ч үгүй залуус мафид элсэн орж, өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн болохыг мэдэрдэг гэжээ. Якуза нар өөрийн гэсэн сургалтын зуслантай бөгөөд уг зусланд шинээр элсэгчдэд зориулсан зодооны урлагийн хичээлийг заадаг юм. Эдгээр залуус өглөө 4 цагт бясалгал хийдэг бөгөөд самурайн сэлмийг удирдах урлагт суралцдаг байна.
11
Хэрвээ хэн нэг хүн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоод Якуза нартай зууралдсан бол түүнээс гарах бараг л боломжгүй. Тухайн хүнд өөрт нь болон, үр хүүхэд гэр бүлд нь үнэхээр айхтар дарамт ирдэг байна. Ер нь бол Якуза нарын хяналтанд байгаа газар нутагт гэмт хэрэг бараг л гардаггүй. Тиймдээ ч тэднээс айх нэгэн байхад хийдэг ажлыг нь үнэлэх хүмүүс ч цөөнгүй байдаг аж.
12
Якуза нарын алдарт шивээснүүдийн талаар гэрэл зурагчин хэлэхдээ: Эхэндээ би тэдэнтэй хамт саунд орохдоо, тэдний шивээсийг нь хараад үнэхээр их цочирдсон. Тэд шивээсэндээ ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд энэ нь тэдний нэр төр хэргэм зэргийг илтгэдэг байна.
13
Тэдний биен дээрх шивээсүүд бүгд өөр өөр утга агуулгыг илтгэдэг. Шивээс гэдэг нь эр зориг, хүч чадлын бэлгэ тэмдэг болдог. Якуза бүр өөрийн шивээсээр бахархдаг байна.
14
Бүх биен дээрээ шивээс хийлгэнэ гэдэг тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой. Ойролцоогоор эдгээр шивээсээ хийлгэхэд 2 жилийг зарцуулсан байдаг. Мөн тэд тушаал дэвших ахих тоолондоо шинэ шивээс хийлгэдэг байна.
15
Шивээс бүр нь тэднийг хэн болохыг илтгэж, түүнчлэн өөрөөрөө бахархах нэг шалтгаан болдог ажээ.
16
Мафийн бүлгэм бүрт өөрийн гэсэн шивээсчин байдаг бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай шивээсчин шивээс хийж өгдөг. Тэдний мэргэжлийн түвшин маш өндөр учир минутанд 120 хатгалтыг зүүгээр хийж чаддаг гэнэ. Бүлгэмийн загалмайлсан эцэг болох Кайчоу тэднийг “сенсей” хэмээн нэрлэдэг байна.
17
Кайчоуд шивээс хийж байх үед би түүнтэй хамт байсан. Тэрээр өөр нэгэн бүлгэмтэй хамтарсан гэдгээ дурсан санахын тулд уг шивээсийг хийлгэсэн. Түүний бүх хуучин шивээсийг тодруулж, дээрээс нь нэмж шивээс хийснээр бие нь бүхэлдээ шивээстэй болсон. Шивээс хийх үйл явц ойролцоогоор 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн юм. Энэхүү шивээсийг хийлгэсэний дараа Кайчоуг “өвчний мастер” хэмээн нэрлэсэн.
18
Өөрийн гэрэл зургийн төслийг эхлэж байхдаа би хүний мөсгүй, сэтгэлгүй хүмүүстэй ажиллаж байна гэж бодсон. Би хүчирхийллээс бүрэн тусгаарлагдсан байсан бөгөөд тэд гэмт бүлгэмийхэн гэхээс илүү эдийн засагч мэт байсан гэжээ. Якуза нар маш нарийн ажилладаг, дэг журам ихтэй энхийг сахиулагчид мэт санагдаж байлаа.