Дэлхийн хамгийн том шавжнууд

Дэлхий ертөнц дээр олон сая төрлийн амьтад байдаг. Харин тэдгээрийн дундаас хамгийн том хэмжээтэй сээр нуруугүй амьтдыг онцгойлон танилцуулахаар бэлтгэлээ. Энгийн байх ёстой хэмжээнээс хэд дахин том эдгээр амьтад нь байгалийн хуулийг зөрчсөн гэлтэй. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн том шавжнууд

1 Японы аалзан хавч

Дэлхий дээрх хамгийн том үет хөлтөнөөр нэрлэгдэх Японы аалзан хавчны урт нийтдээ 3 метр хүрэх ба жин нь 30 кг. Уг амьтныг далайн ёроолын 50-600 метрийн гүнээс олох боломжтой бөгөөд урт саваа мэт гараараа хоол хүнсээ олж иддэг. Харин түүний хүчирхэг, хурц сарвуу нь хүнийг ч гэмтээх аюултай. Далайн гүний дээд болон доод хэсгээр хаанаас хоол хүнсээ хайхаас шалтгаалан зарим нь далайн замаг, нялцгай биетээр хооллож байхад зарим нь үхсэн амьтны сэг зэмээр ч хооллох нь бий. 

Далайн гүнээс зөвхөн хоол хүнсээ эрж хайхаас гадна Японы аварга том аалзан хавчинд хийх ёстой бас нэг зүйл бий. Энэ бол далайн ёроолыг өөрийн өнгөлөг, бас аймшигтай харагдахуйц урт хөлөөрөө чимэн зугаалах явдал юм. Өөрөөр хэлбэл тэр бас чимэглэгч хавчийн үүргийг гүйцэтгэнэ. Сонирхуулахад аалзан хавч анх төрөхдөө  микроскопоор л харах боломжтой жижигхэн авгалдай байдаг ба цаг хугацааны эрхээр далай тэнгисээр хэсүүчлэн биеийн хэмжээгээр томорсоор өнөөдрийн мангасын хэмжээнд хүрдэг. 

Японы аалзан хавч

2 Тасманий аварга том цэвэр усны хавч

Астакопсис бол аварга том сарвуутай хар өнгөтэй, мөлгөр гадаргуутай Тасманий аварга том цэвэр усны хавч юм. Хиймэл гэмээр дүр төрхтэй энэ хавч нь 75 см хүртэл урттай бол, 4 кг хүртэл жин татна. Дэлхийн цэвэр усны хамгийн том хавчаар зүй ёсоор нэрлэгдэх бөгөөд хүмүүсийн буруутай үйлдлээс болоод хоол хүнсгүй болох аюулд хүрээд байгаа бол одоогоор 100,000 хавч л үлдсэн гэсэн мэдээлэл байна. Хүмүүсийн амарч зугаалах, загасчлах дуртай цэвэр устай голд л амьдардаг Астакопсист идэх хоол, амьдрах газар өдөр өдрөөр багасаж байгаа нь аялагчдыг зүй зохистой байхыг сануулж загасчлалыг бууруулах шалтгаан болоод байна. Байгаль дээр 30 жил амьдардаг энэ үет хөлтний тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа нь 1998 оноос мөрдөж эхэлсэн загасчлалын хорио цээртэй холбоотой.

Тасманий аварга том цэвэр усны хавч

3 Аварга анчин аалз

Германы аалз хэлбэртний судлаач Петер Ягер 2001 онд Лаост судалгаагаар явж байхдаа Хетеропода максима хэмээх анчин аалзыг олж илрүүлжээ. Түүний хөлний урт 30 см хүрэх ба үүгээрээ дэлхийн хамгийн том аалз болж байна. Барын судал мэт хар шаргал судалтай анчин аалз тор нэхэж олзоо орохыг хүлээхээс илүүтэйгээр өөрийн олзыг ангуучилж явдгаараа будаас ялгарна. Харин эрэгтэй анчин аалзны хувьд илүү урт хөлтэй байдаг бол эмэгтэй анчин аалз биеийн хэмжээгээр арай том байдаг аж. Анчин аалзыг олж нээсэн нь дэлхий ертөнцийн хаа нэгтээ хүн төрөлхтөнд судлагдаагүй үлдсэн өөр олон сээр нуруугүй амьтад оршин тогтносоор байгаа гэсэн сонирхолтой таамгийг эрдэмтдэд үлдээгээд байна.

Аварга анчин аалз

4 Амазоны аварга жаран хөлт

Жаран хөлт нь хүн төрөлхтний хувьд маш хортой бөгөөд хурдан шаламгай амьтанд тооцогддог. Тэгвэл тэдгээр жаран хөлтийн толгойлогч нь Амазоны аварга жаран хөлт Сколодендра юм.  30 см хүртэл томрох энэ аварга амьтан шувуу, хулгана, аалз, сарьсан багваахай зэргээр хооллох бөгөөд Карибын тэнгисийн ойролцоох газар нутгаар ч мөн цөөнгүй үзэгдэнэ. Хаднаас зүүгдэх сарьсан багваахайг гаргууд агнах аварга жаран хөлтийн хор шувуу, зарим хөхтөн амьтан болоод могойг ч үхэлд хүргэх хүчтэй төдийгүй хүн хазуулсан тохиолдолд өвдөж зовуурлах, хавдах шинж тэмдэг илэрнэ. 

Амазоны аварга жаран хөлт

5 Африкын аварга том олон хөлт

Африкийн Арчиспироптрептус нь олон хөлт дундаа хамгийн томд тооцогдоно. Баруун Африкийн ширэнгэн ойн олон хөлт аварга амьтан нь 30 см хүртэл өсч томрох ба халуун, чийгтэй газар амьдарна. Харин хоол идэшний хувьд амьд болон үхсэн амьтдаар хооллож задралд оруулсан ургамал хөрсөнд бордоо болгодог. Жаран хөлтийг бодвол хурц шүдгүй бөгөөд үрэвсэл үүсгэгч цианидийн устөрөгчийг өөрийн биеэс ялгаруулна. Энэ нь түүний өөрийгөө хамгаалах зэвсэг болдог. Ихэвчлэн шөнөөр хоол хүнсээ ангуучлах энэ амьтан биеийнхээ амьсгалах сүвнүүдээр хүчилтөрөгчийн хэрэглээгээ хангадаг бол эргээд энэ нь усанд амархан живэх нөхцөл бүрдүүлдэг байна. 

Африкын аварга том олон хөлт

6 Хамгийн том далайн наймаалжийн төрөл

Зөвхөн цуу ярианд л гардаг аварга наймаалжийн төрлөөс энэ амьтан илүү бодит гэж болно. Мезониклотоёдис хамилтони бол Анлантын далайд хийсэн судалгаагаар эрдэмтдийн олж нээсэн хамгийн том сээр нуруугүй амьтан юм. Уртаараа 13 метр хүрэх аварга том энэ амьтны нүд дэлхий дээрх хамгийн том нүд болох аж. Зөвхөн нүднийх нь диаметр 30 см хүрэх бол жингийн хувьд хагас тонн хүртэл томорно. 

Хамгийн том далайн наймаалжийн төрөл

7 Аварга дун

Дунг бид 2-5 см хүртэл биетэй жижигхэн өхөөрдөм амьтан гэдгээр нь илүү сайн мэддэг. Тэгвэл бид энэ бодлыг тань өөрчлөх нэгэн мэдээг дуулгах гэж байна. Дэлхийн хамгийн том дун өнөөдрийг хүртэл далайн ёроолын хаа нэгтээ амьдарсаар байгаа юм. Австралийн хойд хэсэг болоод Папца шинэ Гвинейн далайн эрэг орчимд Сайринкс аруанус аварга дун элбэг байдаг. Энэ аварга дунгийн хэмжээ 90 см хүрэх төдийгүй 18 кг хүртэл томорно. Далайн өтөөр голчлон хооллох дун нь эрдэмтдийн сонирхлыг үргэлж татаж байдаг нь түүний өвөрмөц гадаргуутай холбоотой. 

Аварга дун

8 Коконот хавч

Дэлхийн хамгийн том хавчийг Японы аалзан хавч гэж үздэг бол хуурай газар амьдардаг хамгийн том болоод этгээд хавчийг коконат хавч буюу Биргус Латро гэж үздэг. Мөн дэлхий дээр үлдсэн цорын ганц хуурай газрын даяанч хавч юм. Сонирхуулахад коконат хавч нь өөрийгөө бусад амьтдаас хамгаалахын тулд мод руу ч авирах чадвартай байдаг аж. Энэтхэгийн далай болон Номхон далайн арлуудаар коконат жимсээр хооллон амьдархаас гадна хүмүүсийн үлдээсэн хоол хүнсний үлдэгдлээр мөн хооллоно. Харамсалтай сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрлөөс үүдэн мөн л тоо толгой нь хорогдоход хүрээд байгаа хархаар хооллодог энэ амьтан харагдах байдлын хувьд л үзэшгүй муухай мэт боловч хор хөнөөлийн хувьд харин ч аюулгүйд тооцогдоно.

Коконот хавч

9 Аварга ойн хилэнцэт хорхой

Хилэнцэт хорхой биеийн хэмжээнээс үл хамааран бүх л хүмүүс айдаг. Тэгвэл одоо бидний танилцуулах энэ том төрлийг та харвал ойгоор зугаалахдаа төмөр хамгаалалттай гутал өмсөхийг хүсэх нь гарцаагүй. Ойн аварга хилэнцэт хорхой болох Хетерометрус сваммердами Энэтхэг болон Шри Ланкын ойгоор нутагладаг ба 50 гр хүртэл жинтэй байдаг бол 20 см хүртэл урттай байдаг. Түүний аварга том хавчаар нь хоол хүнсээ олж идэх хамгийн гол зэвсэг болно. Бусад жижиг биетэй хилэнцтэй харьцуулахад харьцангуй том сарвуутай тул дайсантайгаа тулалдах чадвар өндөр боловч сүүлэнд нь агуулагдах хорны хүч арай сул байдаг. 

Аварга ойн хилэнцэт хорхой

10 Аварга изопод

Изоподыг та магадгүй өмнө хаа нэгтээ харж эсвэл сонсож байсан нь лавтай. Харин энэхүү аварга изопод нь магадгүй таны зүүдэнд ч орж магадгүй. Хүлэмжийн чийгийн хорхойн төрөлд хамаарах энэ амьтны аварга том төрөл нь махчин амьтнаас хамгаалах зориулалттай хуяг бүхий гадаргуутай үхсэн загас болон халимны сэг зэмээр хооллоно. Түүний хоол жижиглэх чадвар нь олон төрлийн зориулалттай зэвсэг мэт түүнд ямар хоол хүнсийг хялбархан тасдаж жижиглэхэд тусална. Маш хүчтэй савартай энэ амьтныг хүн төрөлхтөн мөхсөний дараа ч амьд үлдэнэ хэмээн үзэх нь бий. 30 см хүртэл томрох аварга изопод далайн гүнд 160-2000 метрт амьдрах ба түүний хурц нүд нь далайн гүн дэх харанхуйд ч бүхнийг тод харах боломжийг  олгодог. 

Аварга изопод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()