1
Мянган цэргийн бунхан
Хуяг дуулга, зэр зэвсэг, морьд тэрэгтэйгээ дүнхийх "Мянган цэргийн бунхан"-ыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жилд нэг сая орчим жуулчид энд ирдэг байна. 1978 онд Францын ерөнхий сайд Жакүйс Чирак "Дэлхийн 8 дахь гайхамшиг" хэмээн өргөмжилсөн эл олдвор нь Шанши мужийн Ши Аний Линтон дүүргийн газар нутаг дээр оршдог бөгөөд 1974 онд худаг ухаж байсан хэсэг фармерүүд анх олсон гэдэг. МЭӨ 3-р зууны сүүлчээр Хятадын хамгийн анхны эзэн хаан болох Чин Ши Хуаны зарлигаар буюу түүнийг таалал төгссөн хойно хамгаалах болно гэсэн сүсэг бишрэлд үндэслэн эдгээр цэргүүдийг бүтээсэн байдаг. Дээрхи цэргүүд нь жирийн хүнээс бага зэргийн том биетэй бөгөөд баримал тус бүр өөрийн гэсэн царай, нүүр хувирал, хөдөлгөөн, хувцас хэрэгсэлтэй байдаг аж. Үүнээс нь үүдэн зарим судлаачид уг барималуудыг амьд цэргийн хуаранг дуурайлган хийсэн гэж үздэг. Зуу зуун цэргийн барималуудыг малтан гаргаж, маш өндөр түвшинд хадгалан, олон нийтийн хүртээл болгоод байгаа бөгөөд одоогоор археологийн багийнхан үлдсэн том хэмжээний олдворуудыг малтан гаргах ажлыг идэвхтэй явуулж байна. Мэдэгдсэн 4 хэсэг бүхий олдвороос 3-ыг нь тодорхой хэмжээнд хүртэл ухан гаргаад байгаа аж.
2
Хориотой хот
Нэрнээсээ үл хамааран мянга мянган жуулчдын аяллын тойрогт багтдаг энэхүү дурсгалт газар олон нийтэд үүд хаалгаа нээсэн нь эртний нарийн хийгээд өнгөлөг хийц бүхий барилга байгууламжийн гайхамшгийг Хятадын нийслэл Бээжин хотноо тольдох боломжийг олгох болжээ. Энд ирсэн хэн ч болов Хятадын өмнөд хэсгийн ширэнгэн ойн мод, Бээжин гантигаар хийсэн байшингуудыг харах болно. Жэннан мод нь маш ховор ургадаг бөгөөд эртний Хятадын хаад ноёд л хэрэглэдэг их үнэтэй материал байжээ. Манай урд хөршийн архитектурын үнэт олдвор болох энэхүү байгууламж нь 1406-1420 оны хугацаанд Мин гүрнээс Чин гүрний сүүлч хүртэл Хятадын засгийн газрын байр хэлбэрээр ашиглагдаж байв. Харин одоо уг газарт жил бүр 14 сая гаруй жуулчид ирж үздэг ба үүнээс үүдэн олдворын бүрэн бүтэн байдалд сэв сууж магадгүй гэж санаа зовниж байгаа юм. "Хориотой хот" нь дэлхийн модон барилгуудын эртний төлөөлөл бөгөөд ЮНЕСКО-оос гаргасан "Дэлхийн өв"-д албан ёсоор багтдаг билээ.
3
Зэрлэг галууны сүм
Шанши мужийн өмнөд Ши Аний Да Си Эн сүмийн орчимд байрлах "Зэрлэг галууны сүм" нь 652 он буюу Тан гүрний үед хамаарна. Дэлхийн өвд багтсан энэхүү сүм нь Ши Ань хот дахь эртний Буддын сүм хийдүүд болоод орчин үеийн өндөр барилгуудыг дээрээс нь харах боломжийг олгодог. Уг сүмийг анх Хятадын буддист орчуулагч, аялагч Шуан Зань Энэтхэгээс Хятад руу авчирсан шашны үнэт зүйлсээ хадгалах зориулалтаар бариулсан байна. Сүмийн нэр нь хоол гуйн, мөргөл үйлдэж байсан лам нарт хоол өгөхийн тулд тэнгэрээс бууж ирсэн галууны домгоос үүсэлтэй. Дагтаршуулсан хөрсийг суурь болгон ашигласан байсан бөгөөд 1556 онд газар хөдлөлтийн улмаас сүм нуран унасан байна. Үүний дараагаар Хятадын түүхэн дэх цорын ганц эмэгтэй удирдагч болох Вү Зөтианы тушаалаар сүмийг дахин шинэчлэн, 5 давхар нэмж, 10 давхар болгон барьсан боловч суурьтайгаа харьцуулахад хэт өндөр байсан тул 3 давхрыг нь буцаан нурааж, одоогийн 64м өндөр бүхий сүм бий болжээ. Ши Аний 3-р шугамын метронд суугаад Да Ян Та буудал дээр буугаад алхахад их ойрхон байдаг аж.
4
Диваажингийн сүм
Манай эриний 1420 онд Мин гүрний хаан Жү Ди-ийн зарлигаар баригдсан энэ хачирхалтай хэлбэр бүхий барилгыг 1368-1644 он хүртэл ашиглаж байгаад 1644-1911 оны хооронд Чин гүрэн хэсэгчлэн ашиглах болсон байна. Сүмийн байршил болох "Дээдсийн цэцэрлэгт хүрээлэн" нь Мин гүрний эхэн үеэс диваажинг шүтэх цэг болсон байдаг. Хятад улсын түүхнээ хамгийн том тахилын байгууламж бүхий энэхүү газар нь "Хориотой хот"-оос ч том газар нутгийг хамардаг байна. Сүмийн цогцолбор нь нийт 2.951.038 метр квадрат хэмжээтэй байдаг нь Хятадын эртний хаад ноёдууд диваажинд зориулсан сүмээс илүү газар амьдрах ёсгүй хэмээн үзэж, зориуд "Хориотой хот"-оос том барьсан байдаг. Домогт өгүүлснээр хаадыг диваажингийн хүү, диваажингийн төлөөлөгч хэмээн үзэж, жилд 2 удаа хаан өөрийн албатуудтайгаа арвин их ургац авахыг хүсч, энд ирж мөргөн залбирдаг байжээ.
5
Чиэнлинг бунхан
Тан гүрний эзэн хаан Тайзуны татвар эм байсан Вү Зөтиан нь 690-705 оны хооронд өөрийн улс гүрнийг тунхаглан зарлаж, асар их эрх мэдэлтэй болсон билээ. Тайзун хааныг нас барсны дараа Вү татвар эм нь хааны удмын цуст өөрийн хүү болон хожим нь Гаозунг хаан болсон Ли Жигийн тусламжтай маш олон эсэргүүцэл, цуст мөргөлдөөнийг давж гаран, өөрийгөө "Хатан хаан"-аар өргөмжилсөн байдаг. Тэрээр Хятадын түүхэнд байсан цорын ганц эмэгтэй удирдагч бөгөөд түүний догшин түрэмгий хэдий ч үр өгөөжтэй хаанчлалын нөлөөгөөр аугаа Тан гүрний 618-907 оны хооронд үргэлжилсэн их ноёрхлыг 690-705 он хүртэл түр ч атугай тасалдуулж чадсан юм. Түүний зарлигаар явагдсан цэргийн эзлэн түримгийлэлтүүд болон гайхалтай бүтээн байгуулалтууд олон бий. Тэрээр 705 онд 80 насандаа таалал төгсчээ. Чиэнлинг бунхан нь Хятадын хэд хэдэн хаадыг оршуулсан цор ганц бунхан төдийгүй энд Вү Зөтианий булш байдаг. Ши Аниас 85км-ийн зайд орших энэ бунхныг 684 онд бүтээн байгуулжээ. 1200 гаруй жилийн туршид олон ч удаагийн хулгай, дээрмийн хэрэг гарсан энэ бунхныг одоо Хятад улс хуулиар хамгаалж байгаа юм. Уг цогцолбор нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагт уул модоор хүрээлэгдэн орших бөгөөд Вү хатны зарлигаар авчирсан том 2 чулуу байдгийн нэг нь түүний нөхөр асан Гаозунг-д зориулагдсан бол түүний өөрийнх нь бунхан дээр ямар нэг бичиг байдаггүй байна.
6
Хятадын цагаан хэрэм
Жилд 10 сая жуулчид зочилдог уг дурсгалт цогцолбор нь хэт их хөл хөдөлгөөний улмаас сүүлийн үед тодорхой хэмжээний хохиролтой тулгараад байгаа аж. Бээжингээс автобусаар яваад л орчихдог 21,195 км урттай Цагаан хэрэм нь Хятадын хэд хэдэн хот, мужуудын газар нутгийг хамран оршдог. Энэ нь дэлхийн эквадорын бүсийн тэн хагастай ойролцоо урттай гэсэн үг юм. Хамгийн их хүн очдог хэсэг болох Бадалинг-д 2001 онд 63 сая жуулчин хүлээн авсан бөгөөд өдөрт ойролцоогоор 70 мянган жуулчид очсон байдаг. Цагаан хэрэмний тухай хачирхалтай нэгэн баримт нь хэсэг бүрийг өөр өөр цаг хугацаанд, өөр өөр гүрний үед үргэлжлүүлэн барьсан явдал юм. МЭ 7 зууны үед нүүдэлчдийн дайралтаас хамгаалах зориулалтаар барилгын явцыг эхлүүлсэн бөгөөд МЭ 220-206 оны үед Чин Ши Хуанг хааны зарлигаар хэрэмний ихэнх хэсгийг барьсан байдаг. 1368-1644 оны хугацаанд Мин гүрний үед хамгийн том хэсгийг Монгол болон Жүрчингүүдийн довтолгооноос сэргийлэн барьсан ч дийлэнх хэсэг нь нуран унасан байна. Уг бүтээн байгуулалт нь олон хүний хүч хөдөлмөр, амь нас шингэсэн, цайз, хана хосолсон байгууламж юм.
7
Цагирган луун зам
Хунань мужийн Жангжиажиэ үндэсний ой модон дахь Тиэнмэн ууланд байрлах "Цагирган луун зам" нь далайн түвшнээс дээш 1 км-ийн өндөрт орших 100 метрийн урттай шилэн гүүр билээ. 2016 оны зун нээлтээ хийсэн энэхүү байгууламж нь эрхий хуруу шиг хэлбэртэй уулын оройгоос гадагш гаргаж барьсан шилэн гүүртэй бөгөөд гүүрэн дээр ирсэн зочдод эгц доошоо хэдэн зуун метрийн өндрөөс харах боломжийг олгодог. 1.5м өргөнтэй Цагирган луун зам цогцолборын "Жангжиажиэ шилэн гүүр" нь дэлхий дээрх хамгийн өндөрт орших, хамгийн урт шилэн гүүр төдийгүй жуулчдын сонирхлыг татах зүйлс энд маш олон байдаг ажээ. Жангжиажиэ шилэн гүүр нь 430м урт бөгөөд 300м өндөрт байдаг.
8
Шанхай дахь далайн эрэг
Шанхай хотын далайн эрэг дээр байрлах 52 колоны барилга нь төрөл бүрийн архитектурын стилээр баригдсан байдаг. Хэдийгээр бусад улсын түүх соёлыг илэрхийлэх боловч энэхүү хэсэг нь Шанхайд очихыг хүсдэг жуулчдыг татах нэгээхэн хүчин зүйл болсоор байна. Энэхүү барилгуудад Их Британи, Франц, Итали, Герман, Япон, Голланд, Бельги зэрэг улсуудын аж үйлдвэрийн төвүүд болон Орос, Их Британи улсуудын элчин сайдын яамдууд байдаг. 1949 онд барууны колончлолыг дэмжсэн хэмээн хаагдаж байсан уг бүтээн байгууламж нь одоо харин аялал жуулчлалын гол цэг болоод зогсохгүй Хятадын эдийн засагт ч ихээхэн ашиг өгөөд байна. Энэхүү барилгуудыг музей, зочид буудал зэрэг зориулалтаар ашиглаж байгаа юм.
9
Хуашань уул
2.1км өндөрт орших Шанши мужийн Хуашань уул нь жуулчдад гайхалтай үзэсгэлэнтэй байгаль болоод хоёр талдаа том үдээсээр тогтоосон дүүжин гүүрэн дээгүүр явж үзэх боломжийг олгодог. Хятадын 5 том уулын нэгд тооцогддог энэхүү уул нь Даоист сүмийн бүтээн байгуулалтын эх нутаг бөгөөд хурц хад асга, огцом хавцал болон цэх доошоо чиглэсэн нурууд ихтэй.
10
Чэнгду дэхь Панда баавгайн судалгааны төв
Панда баавгай нь дан ганц Хятад улсын зэрлэг ан амьтдын төлөөлөл болоод зогсохгүй "Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан" зэрэг дэлхий дахины байгалиа хамгаалах гэсэн байгууллагуудын бэлэг тэмдэг болдог. Дэлхийн хэмжээнд байгаль дээр нийт 1,864 ширхэг үлдээд байгаа панда баавгайг Хятадын баруун хэсэгт өсгөн үржүүлж байна. Панда баавгайн судалгааны төв буюу 83 панданы гэр болсон энэ байгууламж нь Сичуаны төв Чэнгдуд байрладаг. Ихэнх панданууд Сичуан мужид байдаг ч Шанши болон Гансу мужуудад цөөн тооны пандануудыг үржүүлж байна.