1
Хулгайчид амархан байг илүүд үздэг
Орон байранд хулгайч нэвтэрч эд зүйлс хулгайлахад дунджаар 90 секундээс 12 минут болдог бөгөөд энэхүү хугацааны ихэнхийг авч явж болохуйц үнэ цэнэтэй зүйлс хайж олоход зарцуулдаг. Халдагчид амархан байг сонирхдог агаад тэд доод давхрын байрнууд, гудамжнаас хамгаалалт муу харагдаж байгаа хувийн байшингууд, онгорхой эсвэл цоож муутай хаалга, цонх зэрэгтэй эвдэхэд хялбархан байрнуудыг сонгож авдаг.
- Урд хаалгыг үргэлж түгжээтэй байлга - Байрны урд хаалга буюу төв хаалгыг орж гарах үедээ байнга түгжиж байх нь чухал. Олон хаалгатай байшингуудын хувьд бусад хаалгыг сайн түгждэг ч төв хаалган дээр анхаарлаа сулруулах хандлагатай байдаг. Тиймээс нүүрэн талын хаалганы хаалттай байдал, цоожинд дээд зэргээр анхаарч хулгайчид боломж олгохгүй байх хэрэгтэй. Нүүрэн талын хаалга хулгайчийн нүдэнд хамгийн их өртдөгөөс гадна нүүрэн талын цонх, тагтны хаалга ч мөн харааг нь татаж байдаг. Хэрвээ та 1, 2 давхарт амьдрадаг бол эдгээрт бүр илүү анхаарч, цонхнууддаа төмөр хаалт хийлгэж, орж гарахдаа цонхоо хааж байгаарай.
- Түлхүүрээ үлдээхдээ тааварлашгүй газар сонго - Хүн бүрийн мэддэг газрууд болон шалны дэвсгэр дор түлхүүрээ бүү үлдээ. Хэрвээ итгэлтэй хөршүүдтэй бол тэдэнд түлхүү үлдээсэн нь хавьгүй дээр.
- Дохиоллын систем байрлуул - Орон байрандаа аюулгүйн дохиоллын систем суулгуулаарай. Хулгайчид гол төлөв аптерк (халив), түлхүүр гэх мэт зүйлс ашигладаг бөгөөд энэ үед дохиоллын систем дуугарах болно.
- Нохойтой бол - Гэрээ хамгаалахын тулд заавал том, тулаанч нохойтой болох шаардлагагүй. Хулгай хийх гэж буй хүмүүс айсан байдаг бөгөөд тэд хазуулахаас илүү анхаарал татаж баригдахаас айдаг. Тиймээс нохой тань хуцдаг байхад л болно.
- Хувийн байшинг энгийнээр хамгаалж болно - Хэрвээ та хувийн байшинд амьдардаг бол хаалга тань гудамжнаас тод, гэрэлтэй харагддаг байх ёстой. Үүний адилаар хулгайчийн нэвтэрч болох цонх, тагт гэх мэт бусад орц гарцууд ч мөн гэрэлтэж харагдаж байвал хулгайч ойртож чадахгүй. Тэд үргэлж харанхуй, хүмүүст харагддаггүй хаалга, цонхыг сонгодог.
2
Халдагчдын хамгийн тохиромжтой обьект бол эзэнгүй айл
Дэлхийн хаана ч орон байрны хулгай 7, 8 дугаар сард ихэсдэг. Энэ үед хүмүүс амралтаа авч гадагшаа, дотогшоо явах эсвэл зуслангийн байшиндаа очдог бөгөөд халдагчид үүнийг овжиноор ашигладаг. Мэргэжлийн хулгайч нар эзэнгүй айл гэдгийг мэдэхийн тулд хаалга, шуудангийн хайрцганд нь янз бүрийн ухуулах хуудас хавчуулах, наах зэрэг үйлдэл хийдэг. Тэр ч бүү хэл хаалганых нь өмнөх шалны дэвсгэр доор жигнэмэг хүртэл хийж, хүн орж гарч байгаа эсэхийг мэддэг. Тэд иймэрхүү зүйл хийчихээд түүнийгээ тогтмол очиж шалгадаг байна.
- Хэрвээ та удаан хугацаагаар хол явах гэж байгаа бол ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хөршийнхөө аль нэгэнд байраа захиж үлдээж, шуудангийн хайрцагт ирсэн зүйлсийг авч байхыг сануулаарай.
- Харин байрандаа байдаг ч эзгүй удаан орхидог бол шуудангийн хайрцгаа тогтмол хоосолж, хаалган дээр наасан ухуулах хуудсыг байнга авч байгаарай.
- "Урилгагүй зочид" цонхоор харж болох учраас хөшиг юм уу чүүл (тюль)-ээ татаж, гэр доторх үзэгдэх орчинг харагдахгүй байхад анхаараарай.
3
Халдагчид байрыг хянаж чаддаг
Гэмт этгээдүүд хэрэг хийхээсээ өмнө үргэлж судалдаг. Жишээ нь, тэд хорооны ажилтан, цахилгаанчин, слесарь эсвэл бүр судалгаа авах гэсэн юм гэх мэт албаны хүний дүрд хувирч таны гэрийн талаар судалж болно. Ингэхдээ гэр доторх үнэтэй зүйлүүд, хаалганы цоож цаашлаад гэрт хэзээ хүн байдаггүй зэрэг зүйлсийг ажигладаг. Орон байрны хулгайгаар гаршсан архаг хулгайч нар хаалга, шуудангийн хайрцаг дээр чинь тусгай тэмдэг тавьдаг бөгөөд эдгээр тэмдгүүд үе үе өөрчлөгдөж болно. Тэмдгүүд хүний анхаарал татахааргүй, энгийн байдаг ба улс орноос хамаараад янз бүр байх нь бий. Хэрвээ та иймэрхүү тэмдэг, тэмдэглээ ажигласан бол болгоомжтой байхад гэмгүй.
- Хэрэв та дуудлага өгөөгүй байхад цахилгаанчин, слесарь гэх мэт хүмүүс ирвэл орон сууцны контор юм уу ирсэн хүмүүсийн харьяалагдах газар руу утасдаж хэн нэгнийг илгээсэн эсэхийг асууж баталгаажуулаарай. Ингэхдээ үл таних тэрхүү хүнээс утасны дугаар асуухгүйгээр өөрөө олж асуугаарай. Учир нь, танд хуурамч дугаар өгч магадгүй.
- Хаалга, шуудангийн хайрцаг болон хажуу хананд сэжиг бүхий тэмдэг тэмдэглэгээ байгаа эсэхийг нягтал. Олсон тэмдэглэгээндээ итгэлтэй байвал цагдаад мэдэгдээрэй.
- Түлхүүр болон үнэт цэнэтэй зүйлээ хүнд харагдахаар газар байрлуулахгүй байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл хулгайчид иймэрхүү зүйлийг анзаарч, байршлыг нь цээжилсэн байдаг.
4
Хулгайч нар жижиг зүйлсийг ч авдаг, худлаа ярихдаа гаргуун хүмүүс байдаг
Хулгайч нар хамгийн түрүүнд бэлэн мөнгө, үнэт эдлэл, нөүтбүүк, компьютер, цахилгаан бараа сонирхдог. Бас бренд хувцас, гутал, цүнх, үнэртэй ус, эм, буу зэвсэг авдаг. Тэд аль болох үнэ хүрэхүйц атлаа амархан зарагдах тийм зүйлс хулгайлдаг. Мэдээж тэд авч явахад хялбар үнэ цэнэтэй зүйлсийг илүүд үздэг.
- Банкинд мөнгөө хадгал - Мөнгө, үнэт эдлэл, хувьцаа болон бусад үнэ цэнэтэй зүйлээ аюулгүй газарт хадгалаарай. Эдгээр зүйлсээ хувцасны шүүгээнд хувцсан доороо хийх, гудсан доороо хийх, гутлын хайрцагт хийх зэрэг нь найдвартай биш бөгөөд хулгайч нар иймэрхүү нийтлэг газруудын талаар таниас ч илүү мэдлэгтэй. Тиймдээ ч тэд эдгээр газруудаас эхэлж хайдаг. Иймд эд зүйлээ хийх найдвартай газар байхгүй бол хулгайч нарын төсөөлөхөөргүй газарт хийгээрэй. Яагаад гялгар уутанд хийгээд хөргөгчиндөө нууж болохгүй гэж.
- Гар утас, компьютер болон бусад үнэ цэнэтэй зүйлийнхээ сериал дугаарыг бичиж аваад хадгал. Ялангуяа хэт үнэтэй зүйлүүдээ хэт ягаан туяаны тэмдэглэгээгээр тэмдэглээрэй. Ингэснээр хулгайд алдлаа гэхэд олдох боломж нь нэмэгддэг.
5
Халдагчид сошиал сүлжээг өргөнөөр ашиглах болсон
Та сошиал сүлжээнд зураг оруулахдаа анхааралтай байхад гэмгүй. Хэт их эд хөрөнгө, тансаг хэрэглээгээр бусдыг татах нь тийм ч сайн санаа биш бөгөөд ийм зураг оруулдаг бол өөрийнхөө талаар мэдээлэл, амьдардаг хаягаа бусдад мэдэгдэхгүй байсан нь дээр. Ялангуяа ганцаараа амьдардаг бол энд тэнд яг одоо явж байгаагаа бусдад мэдэгдэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь таныг сайн мэддэг эсвэл танай гэрийг мэддэг хүн таны оруулсан байршил (location)-тай зураг, сэтгэл хөдлөлөө хуваалцсан нийтлэлээр чинь гэртээ байхгүй байгааг чинь мэдээд эзгүйчилж магадгүй.
- Вэб дээр өөрийнхөө талаар хэтэрхий их мэдээлэл бүү тавь.
- Нийгмийн сүлжээнд төлөвлөж буй амралтынхаа талаар битгий ярьж мэдэгд. Амралтынхаа үеэр зураг оруулахгүй, гэртээ ирээд оруул.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг үнэ цэнэтэй зүйлсийн зураг болон томоохон хэмжээний худалдан авалт хийсэн талаарх зураг нийгмийн сүлжээгээр битгий тараа.
- Найзын жагсаалтанд танихгүй хүмүүсийг бүү нэм.