1
Хүчээр шаардан тулгах
Өсвөр насны хүүхдүүд биеэ дааж, өөрөө шийдвэр гаргахыг хүсч байдаг. Харин эцэг эхчүүд хүүхдээ одоо ч жоохон хэмээн бодож, тэдний үйлдэл бүрийн хянах гэж хичээх нь хамгийн том алдаа болдог аж. Хэрэв та хүүхдэдээ хэт их дарамт үзүүлж, үг үйлдэл бүрийг нь хянах гэж оролдвол, хүүхэд тань бүхнээ таниас нууж, өөрийнхөө өмнө хана босгож мэднэ. Тиймээс түүнд чөлөөтэй байх нөхцлийг нь бүрдүүлж, ээж аав гэхээс илүүтэй найз шиг нь байхыг хичээгээрэй.
2
Хувийн орон зайг нь хүндэтгэдэггүй
Заримдаа эцэг эхчүүд хүүхдийнхээ халаасыг нэгжиж, цүнхийг нь ухаж, чухам юу хийдэг болохыг нь мэдэх гэж утгагүй үйлдэл хийх нь бий. Харин энэ нь хүүхдийнхээ чөлөөт орон зайд халдаж, улам бүр цааш түлхэх хөшүүргэ болдог гэдгийг эцэг эхчүүд даанч мэддэггүй. Хэрвээ та хүүхдээ зөв зүйтэй нэгэн болгон хүмүүжүүлэхийг хүсч байвал, хамгийн түрүүнд хувийн орон зайг нь хүндэтгэж байгаарай.
3
Үзэл бодлыг нь хүндэтгэдггүй
Эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэл бодлыг огтхон ч тоохгүй байх нь маш том асуудлыг үүсгэж мэднэ. Өдөр ирэх тусам том болж, биеэ дааж байгаа хүүхэд ээж аавынхаа хувьд хэн ч биш гэдгээ мэдэрч, юу бодож, санаж явдгаа нууж, бодлынхоо ертөнцөд амьдарч мэднэ. Та үүгээрээ хүүхдээ өөрөөсөө түлхэж, хэнд ч хэрэггүй амьтан мэт болгож байгаа юм. Тиймээс хүүхдийнхээ бодлыг асууж, тэр ч бас шийдвэр гаргахад нөлөөтэй болохыг мэдрүүлэх хэрэгтэй.
4
Хэцүү зүйлс шаардах
Төгс, бүхнийг чадагч хүн гэж хаана ч байхгүй. Харин тийм байхад хүүхдээ энийг ч мэдсэнгүй, тэрийг ч мэдсэнгүй гэхчлэн үргэлж загнах хэрэггүй. Үүний оронд асуудлаас гарах арга замыг хайж, юу нь болохгүй байгааг ярилцах хэрэгтэй. Загниулж, зодуулаад хүүхэд юу ч сурдаггүй гэдгийг эцэг эхчүүд минь үргэлж санаж яваарай.
5
Сэтгэл санааг нь тоодоггүй
Эцэг эхчүүд хүүхдээ үргэлж аливааг хэтрүүллээ гэж үзэж, өөрсдийн бодлоо тулгах нь бий. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд хамгийн хэцүү зүйл мэт санагдаж, гэнэхэн бодолдоо автаж, буруу зам руу орохыг үгүйсгэхгүй. Та хүүхдээ загних гэж яарахын оронд түүний мэдэрч байгааг ч бас мэдэрч, оронд нь өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй та ч бас түүний насан дээр бүхнийг хүндээр тусгаж, сэтгэл санаа тогтворгүй явсан байж мэднэ шүү дээ.
6
Үргэлж сүрдүүлдэг
Чамайг тэгэхгүй бол, би тэгнэ гэхчлэн хүүхдээ үргэлж сүрдүүлэх хэрэггүй. Энэ нь тэд үргэлж бусдаас хамааралтай, өөрөө шийдвэр гаргах чадваргүй, арчаагүй амьтан гэх зэргээр өөрийгөө бодож, бухимдахад хүргэдэг. Харин та үүний оронд хүүхдийнхээ аргыг олж, түүнийг шагнаж урамшуулж байх хэрэгтэй юм. Хүүхэдтэй сайн харилцаатай байх нь хүүхдийг эелдэг зөөлөн, сайхан сэтгэлтэй болгож төлөвшүүлдэг гэдгийг бүү мартаарай.
7
Амьдралыг нь заадаг
Алхам бүрийг нь зааж, амьдралд нь хэт оролцох нь хүүхдийг өөрийн гэсэн бодолгүй, сул дорой нэгэн болгох аюултай. Мэдээж ямар эцэг эх хүүхдээ сул дорой байгаасай гэж хүсэх билээ. Тиймээс та одооноос хүүхдээ өөрөөр нь шийдвэр гаргуулж, хэт заах гэсний хэрэггүй.
8
Ирээдүйг нь төлөвлөдөг
Мэдээж эцэг эх бүр хүүхдийнхээ төлөө амьдарч, тэднийг сайн сайхан байлгах гэж чадах бүхнээ хийдэг. Гэхдээ тэднийг өөрсдөөсөө хэт хамааралтай болгох хэрэггүй. Хэзээ нэгэн цагт хүүхэд тань жигүүрээ дэлгэн, амьдралын их аянд мордоно. Харин тэр үед биеэ дааж чадахгүй, үргэлж аав ээжийнхээ гарыг харж, шийдвэр гаргуулдаг байвал, сайхан гэж үү?
9
Хэт тоохгүй орхидог
Хүүхдэд тань ойрын өдрүүдэд юу тохиолдоод байгаа, яагаад сэтгэлээр унах болсныг нь тоохгүй, зөвхөн өөрийн ажилдаа анхаардаг эцэг эхчүүд гэж байдаг. Тэднийг эцэг эх гэхээс илүүтэй банк гэж нэрлэхэд буруудахгүй. Харин та ингэж нэрлүүлэх дургүй байвал, хүүхдэдээ илүү их анхаарал хандуулж, чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй юм.
10
Үргэлж шүүмжилдэг
Өмссөн зүүсэн бүхнээс нь өө эрж байгаа мэт, үргэлж шүүмжлэх хэрэггүй. Энэ нь тэднийг залхааж, бухимдах үндэслэл болдог байна. Хэрэв үнэхээр шүүмжлэхээс өөр аргагүй зүйл байвал, эвтэйхэн хэлж, ойлгохыг оролдоорой. Ингэснээр та хүүхэдтэйгээ сайхан харилцаатай хэвээр үлдэж, ойлголцож чадах юм.
11
Найзуудтай нь таагүй харилцаатай байдаг
Та хүүхдээ буруу хүүхэдтэй нөхөрлөх вий гэж үргэлж айж явдаг уу? Тийм бол хүүхдийнхээ найзуудтай илүү ойр дотно байж, тэдний нөхөрлөлийг дэмжээрэй. Ингэснээр та хүүхдээ найзуудтайгаа уулзахад нь илүү амар тайван байж болох төдийгүй хүүхэд тань ч гэсэн энэ таалагдах нь гарцаагүй.
12
Огт хүндэлдэггүй
Тэднийг хүүхэд гэж бодон, аманд орсон бүхнээ хэлж, харааж огт болохгүй. Өсвөр насны хүүхдүүд хамгийн сэтгэл хөдлөл ихтэй үедээ байгаа тул тэдэнтэй аль болох болгоомжтой харьцаж, аргыг нь олох хэрэгтэй. Алдаа гаргаж, буруу зүйл хийхэд нь загниж, зодохоо урьтал болгохын оронд тайлбарлан ойлгуулж, яагаад ийм зүйл хийсэн гэдгийг нь асууж ярилцаарай.
13
Хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй
Хүмүүс хүүхдээ том болох тусам тавих анхаарал нь багасаж, нэг ёсондоо тоохоо больдог. Гэхдээ энэ нь хүүхэд хүмүүжүүлэх тийм ч зөв арга барил биш юм. Өсвөр насандаа хүүхдүүд тун ч эмзэг, мэдрэмтгий байдаг тул тэднийг ганцааранг нь орхихын оронд ярилцаж, яг л найз шиг нь түшиг тулгуур болж байгаарай. Хамтдаа гадуур зугаалж, кино үзэж, аялалд явахыг санал болгож байна.