1
Тархины үйл ажиллагааг сайжруулах 7 арга
Та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд доор дурдах 7 аргыг хэрэглэж, өдөр тутамдаа мөрдөх шаардлагатай.
1. Спортоор хичээллэх
Спортоор хичээллэж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тархины үйл ажиллагааг сайжруулах хамгийн энгийн болоод үр дүнтэй арга юм. Тогтмол хөдөлгөөн хийснээр мэдрэлийн эсүүд нь "невропат хүчин зүйлүүд" хэмээн уургийг үйлдвэрлэж, шинэ мэдрэлийн эсийг үүсгэдэг байна. Мөн энэ нь цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн эсийн хөгжлийг дэмжин, амьдрах чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархинд цус харвах, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг аж. 2010 онд Америк улсад тархины үйл ажиллагааг сайжруулах судалгаа хийж, үүндээ сармагчинг хамруулжээ. Тэд сармагчинг хэвийн хэмжээнээс хоёр дахин их хөдөлгөөн хийлгэж, үр дүнг нь судлахад тархины үйл ажиллагаа нь сайжирч, илүү хурдан сэтгэдэг болсон байв.
2. Тухтай унтаж амрах
Тухтай унтаж амарснаар, тархины үйл ажиллагаагаа сайжруулж, илүү сэргэг, бүтээлч сэтгэлгээтэй болж чадна. Эрт дээр үеэс ахмад буурлууд "Оройноос өглөө нь сэргэг" хэмээн сургадаг байсны учир энэ аж. Сайн унтаж амрах нь ой тогтоолтыг сайжруулж, гүйлгээ ухааныг дэмжих төдийгүй шинэ санааг илүүтэйгээр төрүүлдэг байна. Та өдөрт 8 цаг унтсанаар өглөөг эрч хүчээр дүүрэн угтаж, ойлгохгүй байсан хичээл, шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа хормын дотор учрыг нь олж чадна.
Тиймээс та тархины үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хангалттай сайн унтаж, амрах шаардлагатай юм.
3. Омега 3-аар баялаг хоол хүнс хэрэглэх
Та тархиа бүрэн гүйцэт ажиллуулж, бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэхийг хүсч байвал, омега 3-аар баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж байх ёстой. Хүний тархины 60 хувь нь өөх, 25 хувь нь "docosahexaenoic" хүчлээс бүрддэг байна. Харин "docosahexaenoic" хүчил нь хөхний сүүнд агуулагддаг бөгөөд хөхний сүүгээр хооллосон хүүхдүүд илүү ухаалаг байдгийн шалтгаан нь тус хүчилтэй холбоотой юм. Тус хүчил нь мэдрэлийн эсийг дэмжиж, үйлдвэрлэлийг нь сайжруулах төдийгүй ой санамжийг сайжруулах тустай. Харин тархинд хамгийн ихээр шаардлагатай "docosahexaenoic" хүчил нь омега 3-аар баялаг хоол хүнсэнд илүүтэй агуулагддаг байна. Тиймээс та омега 3-аар баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж, тархины үйл ажиллагаагаа сайжруулан, IQ өндөртэй, ухаалаг нэгэн болж чадахаас гадна насжилтаас үүдэлтэй "Альцгеймерын өвчин"-өөс урьдчилан сэргийлж чадна.
Омега 3-аар баялаг хоол хүнсэнд: загас, далайн хоол хүнс, элэг, наран цэцгийн тос, хушга, шар буурцаг, хар навчит ногоо.
4. Витамин В12-оор баялаг хоол хүнс
В12 витамины дутагдал нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Саяхан хийгдсэн судалгаагаар витамин В12-ийн дутагдалтай хүмүүс танин мэдэхүйн тестүүд дээр муу үр дүн үзүүлж, тархины эзлэхүүн бага гэх дүгнэлтэнд хүрчээ. Мөн биед тус витамин бага үед сэтгэл санаа тавгүйрхэж, аливааг мартах нь ихэсдэг байна. Финлянд улсад хийгдсэн судалгаагаар, В12 витамины дутагдал орсон хүмүүс "Альцгеймер"-ийн өвчин тусах магадлал харьцангуй өндөр байх төдийгүй тархины үйл ажиллагаа мууддаг болохыг олж тогтоосон аж.
Витамин В12 нь зөвхөн амьтны гаралтай хоол хүнсэнд агуулагддаг байна. Та далайн бүтээгдэхүүн, үхрийн мах, тахианы мах, гахайн мах, сүү, өндөг зэргийг өдөр тутамдаа идэж хэрэглээрэй.
5. Витамин D
Тус витамин нь тархин дахь мэдрэлийн эсийн идэвхитэй өсөлт болон тархины төлөвлөх, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг гиппокампус болон бага тархийг дэмждэг байна. Мөн жирэмсэн эхчүүд D витаминыг түлхүү хэрэглэснээр, тархины хөгжил сайтай, ухаалаг хүүхэд төрнө гэж үздэг.
Харин ахмад настай хүмүүсийн тухайд D витамины тусламжтайгаар ой тогтоолтоо сайжруулж, хөгшрөх явцаа удаашруулж болно. Та тус витаминыг нарны элч гэрлээс авах боломжтой.
6. Хөгжим сонсох
Та уянгалаг, намуухан аялгуу сонсож тархины үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Магадгүй та "Моцартын нөлөөлөл"-ийн тухай сонсож байсан биз ээ. Түүний зохиосон гайхамшигт аялгууг сонсож, бүтээлч сэтгэлгээ, гүйлгээ ухаан, ой тогтоолтоо сайжруулсан хүмүүс тоо томшгүй олон байх төдийгүй үүнийгээ "Моцартын нөлөөлөл" хэмээн нэрийдэж, дэлхий даяар тараасан байдаг. Нэгэн судалгаагаар, классик хөгжим сонсож, үүнийгээ мэдэрч чаддаг хүмүүс бусадтай харьцуулахад илүү ухаалаг байдаг болохыг тогтоосон. Тиймээс та ч бас өөрт тань урам зориг хайрлах хөгжмийг сонсож, тархиа цэнэглээрэй.
7. Тархиа цэнэглэх
Тархийг аль болох ажиллуулж байснаар та элдэв өвчлөл, эрт зөнөх, мартамхай болох зэрэг олон асуудлаас хол байх боломжтой. Тархийг сэргээх үйл ажиллагаануудад:
- Ном, сонин, сэтгүүл унших (Гэвч та уншиж байгаа зүйлээсээ ихийг ухаарч ойлгох, шимтэн уншиж байх хэрэгтэй. Огт хэрэггүй зүйлсийг унших нь эсрэгээрээ тархийг ядраадаг.)
- Гадаад хэлийг сурах
- Хөгжмийн зэмсгээр тоглож сурах
- Аливаа зүйлсийн мөн чанар, утга учрыг мэдэхийг эрмэлзэх
- Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, аялал зугаалга, амралтаар явах, хоббигоо хөгжүүлэх
Та тархиа ажилуулснаар үйл ажиллагааг нь сайжруулж, улам бүр ухаалаг нэгэн болж чадна. Мөн ой тогтоолтоо сайжруулахын тулд дууны үг, шүлэг цээжилж, цээжээр тоо бодон, Содуку тоглож, шоо эвлүүлж сураарай. Эдгээрийн тусламжтайгаар та тархиа илүүтэй цэнэглэж, мартамхай болох аюулаас өөрийгөө сэргийлж чадна.
2
Тархийг эрүүл, ой тогтоолт сайтай болгох арга:
1. Стресс бухимдлаас ангижрах
Бүх муу муухай, сөрөг бодлуудаа толгойноосоо авч хаян, аль болох тайван байхыг хичээгээрэй. Таныг хүрээлэн байгаа зүйлсээс эерэг талыг нь олж харан, алдаагаа боломж болгодог байх хэрэгтэй. Юм бүхнээс түрүүлж мууг нь харан, өөрийгөө бухимдуулж байх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ой тогтоолтыг удаашруулан, мартамхай болоход хүргэдэг байна.
2. Өөртөө амралт өгөх
Та өөртөө амралт өгч, тархиа амрааж байгаарай. Толгой дахь бүх бодлоо цэгцэлж, асуудлаа түр мартаж, өрөөний температураа нэмэн тайван амрахыг зөвлөе. Мөн өдөр бүр тогтсон цагт унтаж, өглөө эрт сэрэх нь таны ой тогтоолтыг сайжруулах болохыг анхаараарай.
3. Тархиа хүчил төрөгчөөр амьсгалуулах
Та өдөр бүр 30 минут алхаж, биеэ сэргээхээс гадна тархиа дэмжиж байгаарай. Мөн өглөө сэрсэн даруйдаа орон дээрээ өвдгөөрөө сууж, хоёр гараа дээр байрлуулан суниах хэрэгтэй. Үүнээс гадна өглөөний цэнгэг агаараар амьсгалан 10 минут ч болов алхаарай. Та өглөө бүрийг ийнхүү эхлүүлснээр, цусны эргэлт сайжирч, тархийг хүчил төрөгчөөр хангаж байна гэсэн үг юм.
4. Гараа ашиглах
Та баруун гараараа бүхнийг хийж сурсан бол одооноос эхлэн зүүн гараа ашиглаж байгаарай. Шүдээ зүүн гараараа угааж, зүүн гараараа аягаа барих гэхчлэн өөр хэлбэрээр өдөр тутмын зүйлсээ хийх хэрэгтэй. Энэ нь тархины үйл ажиллагааг дэмжихэд онцгой үүрэгтэй аж.
3
Тархиа сэргээх аргууд:
1. Тамхинаас гарах
Харвардын анагаах ухааны сургуулиас тамхи татдаггүй хүмүүсийн дунд судалгаа явуулж, санах ой, бодох чадварыг нь шалгаж үзэхэд, тамхи татдаг хүмүүсээс харьцангуй өндөр гарчээ. Тамхи нь цусны эргэлтийг удаашруулж, тархин дахь хүчилтөрөгчийг бууруулах сөрөг нөлөөтэй юм. Тиймээс та тархиа сэргээхийг хүсч байвал хамгийн түрүүнд тамхинаас татгалзах шаардлагатай аж.
2. Тархиа хооллох
Та зөв хоолоо тохируулж идсэнээр тархиа сэргээж, үйл ажиллагааг нь сайжруулж чадна. Дээр дурдсан Омега 3, В12-оор баялаг хоол хүнсийг хэрэглэхээс гадна, бууцай, лууван, байцаа, шош, самар, жүрж болон төрөл бүрийн жимсийг идэж байх хэрэгтэй. Мөн ногоон цай нь тархийг сэргээх онцгой үйлчилгээтэй юм. Үүнээс гадна өдөр тутмын хоолоо бэлтгэхдээ оливын тос хэрэглэж байгаарай.
3. Их хэмжээний ус уух
Тархи нь өөртөө их хэмжээний ус агуулдаг тул, та өдөр тутамдаа цэвэр ус ууж, энергиэ нэмэгдүүлж байх хэрэгтэй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг давхар дэмжих болно.