1
Чихрийн шижин
Чихрийн шижин өвчний үед илэрдэг түгээмэл шинж тэмдэг бол шалтгаангүйгээр жин хасах явдал юм. Чихрийн шижин өвчний үед цусан дахь глюкозийн хэмжээ нэмэгдэж, инсулины ялгаралт буурдаг байна. Энэхүү өвчний үед жин хасах нь дараах 2 шалтгаантай: Ойр ойрхон шээснээр шингэний дутагдалд орж, цусан дахь сахараас калорийг шингээх чадалгүй болдог тул бие махбод тэжээлийн дутагдалд ордог. Мөн инсулины хэмжээ багассанаар энергиэ нөхөхийн тулд өөх тос, булчинг задалж, жин хаяхад хүргэдэг байна.
2
Бамбай булчирхайн хордлого
Хоолны дуршил хэвийн, эсвэл бүр нэмэгдээд байгаа мөртлөө жин хаяад байвал бамбай булчирхайн өвчин, ялангуяа бамбайн хордлого байх магадлалтай. Бамбайн хордлогын үед даавар ихээр ялгарч цусанд орсноор, бодисын солилцоо хэтэрхий их болж, жин хасдаг байна. Энэ өвчний үед жин хасахаас гадна хөлрөх, зүрх дэлсэх, нүд харанхуйлах, сохрох, булчин сулрах, ядрах зэрэг шинжүүд илэрдэг.
3
Ходоодны шарх
Ходоодны шархтай өвчинд илэрдэг түгээмэл шинж тэмдгүүдийн нэг бол жин хасах юм. Ходоодны шарх нь ходоодны дотор хананд, эсвэл нарийн гэдэсний дээд хэсэгт үүсдэг өвчин. Энэ өвчний үед жин хасах гол шалтгаан нь хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг аж. Түүнчлэн заримдаа бага зэрэг юм идсэний дараа цээжээр өвдөх, өтгөн хатах шинж илэрнэ.
4
Шимэгч хорхой
Хүний бие махбод дотор,хүний идэж буй хоол хүнсийг идэж амьдардаг хэд хэдэн төрлийн шимэгчид бий. Эдгээр шимэгчид нь хүний биед арьсаар болон хоол хүнсээр дамжиж ордог. Шимэгч хорхой биед орсон үед хүний хоолны дуршил маш ихээр нэмэгдэж, түүнийхээ хэмжээгээр идэх боловч эрчимтэйгээр жин хасах шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн жин хасахаас гадна хэвлийгээр өвдөх, суулгах, шулуун гэдэс загатнах, шим тэжээлийн дутагдалд орох зэрэг шинж илэрч болно.
5
Сэтгэл гутрал
Сэтгэл гутралын үед маш их уурлах, гуниглах, гэнэт уйлах, айх гэх мэт үйлдлүүдийг гаргаснаар хүний өдөр тутмын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Түүнчлэн хоолны дуршил ихээр буурдаг тул жин хасч эхэлдэг байна. Мөн сэтгэл гутралын үед хоолны дуршил буурахаас гадна нойргүйдэх, анхаарал төвлөрөхгүй байх, итгэл найдвараа алдах, эерэг зүйлийн тухай бодож чадахаа болих шинжүүд илэрдэг.
6
Хорт хавдар
Шалтгаангүйгээр жин хасах бас нэгэн шалтгаан нь хорт хавдар, тухайлбал түрүү булчирхай, хөх, уушги, нойр булчирхай, өндгөвчний болон ходоодны хавдраас шалтгаалж байж болох юм. Хорт хавдрын үед хэвийн бус бүтэцтэй эсүүд хэт их өсч, бодисын солилцоог хурдасгаснаар жин хасахад хүргэдэг. Түүнчлэн хавдрын эс үсэрхийлж эхлэхэд дотор эрхтний үйл ажиллагаа мууддаг аж. Мөн хорт хавдрын цацраг болон химийн эмчилгээний үед хоолны дуршил ихээр буурч, турдаг.
7
Ходоодны архаг үрэвсэл
Энэ өвчний үед хоол боловсруулах зам өвчилснөөр бие махбод хоол тэжээлээс хангалттай илчлэгийг авч чадахгүйд хүрдэг байна. Өвчний шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, суулгалт, шим тэжээлийн дутагдалд орох зэргүүд багтана.
8
Сүрьеэ
Сүрьеэ өвчний үед илрэх гол шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, турж эцэх юм. Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн вирусээр үүсгэгддэг бөгөөд энэ нь уушгинаас гадна тунгалагийн зангилаа, яс, хоол боловсруулах систем, нөхөн үржихүйн болон мэдрэлийн системд ч нөлөөлж болно. Сүрье өвчнийг таних гол шинж тэмдгүүд нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, маш их ядрах, халуурах, унтаж байхад хөлс чийхрах зэргүүд юм.
9
Солиорол болон Алцхеймер
Ахимаг насны хүмүүст ихэвчлэн тохиолддог солиорол болон алхеймерийн өвчнөөс шалтгаалж турж, эцэх нь бий. Судлаачдын үзсэнээр өвчнүүдэд мэдрэлийн тогтолцооны эмэг илрэхээс өмнө жин хасах шинж илэрдэг. Түүнчлэн энэ өвчний үед амилойд-бета пептид ялгарч, тархинд хүрснээр биеийн зохицуулах механизм алдагдаж, жин хасдаг ажээ.
10
ХДХВ
Хүний дархлал хомсдолын вирусын үед жин хасах, турж эцэх шинж тэмдэг илэрдэг. Уг өвчний үед дархлалын тогтолцооны үйл ажиллагаа муудсанаар бие махбод элдэв өвчин, халдварт маш өртөмтгий болдог.
Эдгээрээс гадна жин хасах нь дараах шалтгаантай байж болох юм:
- Уушгины үрэвсэл
- Булчингийн сулрал
- Зүрхний дутагдал
- Архины хамаарал
- Хоол тэжээлийн дутагдал
- Паркинсоны өвчин
- Эмчилгээ, эмийн хордлого
- Хар тамхины хэрэглээ гэх мэт...