1
Архи
Таны эргэн тойронд архины харшилтай хүн гэж байдаг уу? Зарим хүмүүс архины харшилтай байдаг бөгөөд энэ нь тэдний биеийн онцлог бусад хүнийхээс өөр байдагтай холбоотой юм. Архи нь тэдний элгэнд цагаан цуутай адилаар нөлөө үзүүлж, тэр даруй харшил өгч эхэлдэг байна. Ингэхдээ амьсгалахад хэцүү болж, дотор муухайрч, цаашлаад толгой эргэж, ухаан балартах нь бий.
2
Шүлс
Шүлснээс харшилтай хүн байдаг гэвэл та итгэх үү? Жишээлбэл өөр хэн нэгний ундааг ууж, уруул дээр нь үнссэнээс болж харшилж, эрүүл мэндээрээ хохирох хүмүүс гэж байдаг. Хүн хүнээсээ харшлах нь итгэхэд бэрх зүйл ч үнэхээр бодит амьдрал дээр байдаг аж. Шүлснээс харшилснаас болж дотор муухайрч, толгой эргэх шинж тэмдгүүд илрэх бөгөөд тэр даруйдаа арга хэмжээ авахгүй бол, хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх хэмжээний аюул учруулна.
3
Үсний будаг
Үсний өнгөө өөрчилж чадахгүй насыг барах азгүй хувь тохиолтой хүмүүс гэж байх юм. Учир нь тэд үсний будагнаас харшилтай байх бөгөөд үсэндээ хүргэх төдийд тууралт өгч, хамаг бие нь халуу шатаж эхэлдэг байна. Үсний будагт агуулагдах химийн бодисууд нь хүний биед тохироогүйн улмаас харшлах ба энэ үед арьс загатнах, гар хөл хавагнах, дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Үсний будагнаас харшилтай хүмүүс бүх насаараа төрөлх үсний өнгөө хадгалж, аль болох химийн бодис, будагнаас хол явдаг байна.
4
Ус
Ховор төрлийн харшил буюу усны харшилтай хүмүүс байдаг гэж та урьд нь сонсож байсан уу? Тиймээ, ийм төрлийн харшил байдаг төдийгүй усанд сэлэх, хүрэх үед маш их загатнаж эхэлдэг байна. Ютахгийн Маплетон хотод амьдардаг 17 настай Александра Аллен гэх охин энэхүү сонин төрлийн харшлаар оношлогдсон өвчтөнүүдийн нэг юм. "ABC news"-ийн мэдээлснээр охин анх 12 настайдаа усанд сэлж байхдаа ийм төрлийн харшилтай болохоо мэджээ. Анх хлорын харшил хэмээн бат итгэж байсан ч энэ эсрэгээрээ тэс өөр буюу усны харшил болох нь тогтоогдсон байна. Энэ өвчин нь эдгэрдэггүй бөгөөд байнгын өндөр хяналттай байхыг шаарддаг аж. Түүнээс гадна усны харшилтай хүмүүс олон байдаг төдийгүй эмчлэх аргагүй тул ердөө л өдөр тутамдаа уснаас хол байхыг хичээж амьдардаг байна.
5
Шархны лент
Шархыг эдгээж, бохирдол оруулахгүй байх үүрэгтэй лент нь зарим хүмүүсийн хувьд "үхэл дуудагч" болж хувирдаг байна. Шархны лентэнд байх "латекс" буюу резин нь арьсанд харшилж, тууралт өгдөг төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Угтаа бол өвдөлтийг бууруулж, эмчлэх үүрэгтэй лент нь зарим хүмүүсийг өвтгөж, өвчлүүлдэг байна.
6
Дотуур хувцас
Мэдээж дотуур хувцас өмсдөггүй хүн гэж бараг л үгүй болов уу. Харин бидний өмсдөг зарим дотуур хувцас харшил өгч, биеийг тавгүйтүүлэх нь бий. Харшил үзүүлдэг даавуу гэж байх бөгөөд эдгээр нь таныг мэдээ ч үгүй байхад арьсыг улайлгаж, загатнуулдаг байна. Тиймээс та дотуур хувцас авахаасаа өмнө сайтар судалж, худалдаж авсны дараа заавал угааж, өмсөж байгаарай. Эс бөгөөс эрүүл мэндээрээ хохирч, харшил өгч мэднэ.
7
Мод
Модны харшил нь тийм ч түгээмэл биш хэдий ч, цөөнгүй хүмүүс үүнээс болж шаналдаг байна. Гэхдээ бүх төрлийн модноос харшлахгүй бөгөөд ихэвчлэн халуун оронд ургах, үл таних модноос харшилж, арьсаа гэмтээж, амьсгалж чадахгүй болдог аж. Мөн модны үртэснээс харшил өгч, хүрэх төдийд хамаг бие нь халуу шатаж, найтаалгах хүмүүс ч байдаг.
8
Секс
Сексээс харшилтай хүн байдаг гэж та өмнө нь сонсож байсан уу? Энэхүү хачирхалтай харшилтай хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд гэнэт хамаг биеэр нь улаан тууралт гарч, зарим тохиолдолд таталт өгдөг байна. Хамгийн аймшигтай нь сексийн үеэр гэнэт харшил нь хөдөлж, цочролд орон, амь насаа алдсан тохиолдол ч бүртгэгдэж байсан аж.
9
Нар
Нарны харшил нь дархлаа султай хүмүүст элбэг тохиолддог төдийгүй хэт мэдрэмтгий болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүст ч мөн нөлөөлж, харшил үүсгэдэг байна. АНУ-ын нийт иргэдийн 10 гаруй хувь нь нарны харшилтай байдаг. Тус харшлын улмаас арьс түлэгдэж, тууралт үүсэх төдийгүй толгой эргэж, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
10
Усан сан
Усан санд их хэмжээний "хлор" агуулагддаг болохыг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Харин тухайн хлороос харшил өгч, эрүүл мэнд, амь насаараа хохирол амсах хүмүүс гэж байдаг. Үүнээс болж арьс улайж, загатнах бөгөөд амьсгалахад бэрх болдог аж. Хэрэв усан санд орсны дараа та гэнэт огцом даардаг бол хлороос бага зэргийг харшилдаг байж болох юм.
11
Цахилгаан хэрэгсэл
100 жилийн өмнө, цахилгаан хэрэгсэл нь бидний өнөөдөр хэрэглэж байгаатай адил түгээмэл байгаагүй билээ. Өнөөдөр хүн бүхэн л цахилгаан хэрэгслийн тусламжтайгаар ажлаа үргэлжлүүлж, өдөр хоногийг өнгөрүүлдэг. Харин хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон цахилгаан хэрэгслээс харшилдаг хүмүүс гэж бий. Тэд цахилгаан хэрэгсэлтэй ойртох төдийд толгой нь өвдөж, арьс нь загатнаж эхлэх төдийгүй ямар ч эрч хүчгүй болж хувирдаг байна.
12
Хүйтэн
Даарч, хүйтэн зүйлд хүрэхэд харшилдаг хүмүүсийг хүйтний харшилтай гэж нэрлэдэг. Ердөө л хэт даарах, хүйтэн мөсөнд гараараа хүрэх, хүйтэн усанд сэлэх зэргээс болж, гэнэтийн цочролд орж, цусны даралт буурдаг байна. Хэрвээ та өөрийгөө хүйтнээс харшилтай эсэхийг мэдэхийг хүсвэл, гартаа мөс атгаж, хэдэн минут байлгаарай. Харин ямар нэгэн содон шинж тэмдэг илрэхгүй бол өөрийгөө хүйтнээс харшилгүй гэж ойлгож болно.
Үүнээс гадна, хүйтэн ундаа ууж, зайрмаг идэх төдийд л хоолой хавдаж, ярьж чадахгүй болох нь бий.
13
Жирэмслэлт
Хэрвээ та жирэмслэлтээс харшилгүй бол жирэмсний үед бие хөөх, батга гарах, хоол боловсруулах систем алдагдах гэхчлэн асуудлууд тулгарна. Харин жирэмсний харшилтай бол илүү хачирхалтай зүйлсийг биеэр мэдрэх аж.
Даелэ Бирон гэх бүсгүй жирэмсний харшилтай байсан бөгөөд гэнэт хачирхалтай шинж тэмдгүүд илэрч, бүсгүй байн байн ухаан балартан унаж, хоол идэж ч чадахаа больсон байна. Үхлийн ирмэгт очсон бүсгүй хүүхдээ авахуулахыг хүссэн боловч, ураг бүрэлдээд хэдийн 30 долоо хоног болсон тул боломжгүй гэж үзжээ. Ямартай ч тэсч чадах хэмжээгээр өвдөлт, тухгүй байдал, харшлыг тэвчсэн бүсгүй бяцхан үрээ төрүүлж чадсан юм.
14
Хүрэх
Та таарсан хүн бүртээ хамаагүй хүрч болохгүйг анхаараарай. Учир нь таны хүрсэн хүн харшилтай нэгэн байж мэднэ. Хэн нэгэнд хүрэхээс харшилдаг хүмүүс цөөнгүй байх бөгөөд үүнийг "дерматографиа" хэмээн нэрлэдэг. Тэдний биед зөвшөөрөлгүй чангахан хүрэхэд л бие дээгүүр нь улаан зураас гарч, хачирхалтай нөхцөл байдал үүсдэг байна. Энэ нь амь насанд халгүй тул хүмүүс үүнийг урлаг болгон хөгжүүлэх нь бий. Та "#skinwriting" хэмээн цахим сүлжээгээс хайж, "дермотографиа"-тай хүмүүсийн зургийг харж болно.
15
Шивээс
Шивээс хийлгэх нь тийм ч сайхан санаа биш болохыг хүн бүхэн мэднэ. Үүгээр дамжиж бидний биед төрөл бүрийн вирус халдварлах магадлалтай. Харин шивээсний харшилтай хүмүүс гэж тусдаа байдаг ба гар хөл хавагнах, улаан тууралт гарах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Шивээсний бэхэнд агуулагдах химийн бодис нь хэргийн гол эзэн бөгөөд, зарим хүмүүст харшил үүсгэдэг аж. Харшил өгсөн тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа бүх зүйлс хэвийн байдалдаа шилжиж, асуудал намждаг байна.