Биед сахар ихэдсэн үед: толгой эргэх, чих шуугих, нүүр болон биеэр улаан тууралт гарах, шээс ойр ойрхон хүрэх, дотор муухай оргиулах зэрэг шинжүүд илэрдэг. Мөн биеийн дотор эрхтэнд ч мөн сөргөөр нөлөөлдөг билээ.
Сахар юунд хортой вэ?
Юуны өмнө элсэн чихэр буюу сахар яагаад муу болохыг мэдэж авах хэрэгтэй. Таны идэж хэрэглэсэн сахар нь биеийг таргалуулж, дааврын өөрчлөлтөнд оруулах төдийгүй хөгшрөлтийн явцыг түргэсгэж, арьсанд үрчлээс үүсгэдэг байна. Мөн сахар нь донтуулах үйлчилгээтэй тул, улам бүр идэх хүсэл төрүүлдэг. Сануулж хэлэхэд, савласан, лаазалсан бүтээгдэхүүнд ч мөн нуугдсан сахар агуулагддаг гэдгийг бүү мартаарай.
Сахарны биед үзүүлэх сөрөг нөлөө
1. Цусны даралтыг ихэсгэнэ
Хэвийн "азотын исэл" нь цусны судсыг эрүүл, чөлөөтэй байлгадаг. Харин хэт их элсэн чихэр идэж хэрэглэснээр, "азотын исэл"-ийн түвшинг бууруулж, цусны судсыг нарийсгах бөгөөд цусны даралтыг ихэсгэдэг байна. Энэ нь цаашлаад зүрх судасны өвчтэй болгох аюултай юм.
2. Холестрины хэмжээг нэмэгдүүлнэ
Их хэмжээний сахар иддэг хүмүүсийн сайн холестрины түвшин бага, муу холестрины түвшин их байдаг аж. Эдгээр холестрин нь цусны судсыг бөглөрүүлж, зүрхний шигдээс болох аюулыг нэмэгдүүлдэг.
3. Элэгний өвчлөл
Судалгаагаар, сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр, элгээ гэмтээж, өвчлүүлэх магадлалтай болохыг тогтоожээ. Энэ нь "инсулин"-ы хэмжээг алдагдуулж, элэгний цирроз өвчтэй болгодог байна. Харин та элгээ эрүүл байлгаж, урт удаан амьдрахыг хүсч байвал, сахарын хэрэглээгээ багасгаарай.
4. Инсулин даавар
Инсулин нь сахарыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Харин их хэмжээний сахар идэж хэрэглэснээр, хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Ингэснээр сахар нь биеийн эсэд шингэхийн оронд, цусанд хуримтлагддаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.
Сахарын хэрэглээгээ хэрхэн бууруулах вэ?
1. Савласан бүтээгдэхүүнийг сайтар судлах
Та дэлгүүрээс савласан бүтээгдэхүүн худалдаж авахдаа, орцыг нь уншиж, сайтар судалж байгаарай. Учир нь лаазалсан, савласан бүтээгдэхүүнд нууц сахар их хэмжээгээр агуулагддаг билээ. Иймд та цагаан болон бор сахар, фруктоз, мальтоз, сорбитол, нишингийн шүүс, эрдэнэшишийн сиропын агууламжтай хүнсийг сонгохоос аль болох татгалзаж, хэрэглээгээ хязгаарлаарай.
2. Хүнсний ногоог сонгож хэрэглэх
Махан хоол идэх бүртээ өдөрт 100-120 гр хүнсний ногоог заавал идэж байх хэрэгтэй. Энэ нь цусан дахь сахарын түвшинг тогтворжуулж, хэт цадахаас сэргийлнэ. Эсвэл та хоол хүнсэндээ нүүрс усаар баялаг шинэхэн жимс, хүнсний ногоо, бор будаа, буурцаг, төрөл бүрийн үр тариа зэрэг зүйлсийг идэх хэрэгтэй. Мөн заримдаа шинэхэн жимс, зөгийн балтай таргийг ууж болно.
3. Сахараас татгалзах
Эхэн үедээ сахар хэрэглэхгүй байх нь маш хэцүү боловч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны бие махбодь үүнд дасаж, сахар нэхэхээ болино. Сахараас татгалзсан эхний үеүдэд, ханиад хүрэх, толгой өвдүүлэх, бие илэрхий ядарч сульдах шинжүүд илэрч болно. Энэ нь таны бие шинэ хоол, хэв маягт дасан зохицож буйн илрэл юм. Эдгээр шинж тэмдгүүд багасахгүй бол инсулины эсэргүүцэл болон "гипогликемин" өвчлөл байж болно. Тиймээс та хангалттай хэмжээний уураг, жимс, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
4. Их хэмжээний ус уух
Та өдөрт 3 литр ус уух шаардлагатай. Хэрвээ эрч хүч, энергиэ нөхөхийг хүсвэл, цай ууж болох юм. Ногоон цай нь кафейны өндөр агууламжтай тул, таныг бүхэл өдрийн турш сэргэлэн цовоо байлгах болно.
Танд эрүүл энхийг хүсье!