Худалдаа Хөгжлийн Банкны мэдэгдэл

2017-05-17, 08:17
3,375
Худалдаа Хөгжлийн Банкны мэдэгдэл

2017 оны 5-р сарын 15-ны өдөр “Б.Чойжилсүрэн Сангийн сайд”  нэр бүхий хаягаас Худалдаа, хөгжлийн банкны бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдан, хуурамч мэдээлэл тарааснаар олон нийтийн дунд төөрөгдөл үүсч, банкны системийн тогтвортой байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсонд гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл болон түүнийг түгээсэн хаяг нь хуурамч болохыг, мөн энэхүү мэдээлэлд дурдсаны дагуух нөхцөл байдал Худалдаа, хөгжлийн банканд үүсээгүй болохыг Сангийн яам болон Монголбанк өнөөдөр албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээллээ.

Цахим сувгаар үнэнд үл нийцэх, баримт нотолгоогүй мэдээлэл олон нийтийн дунд хурдан хугацаанд тархаж, улмаар Төр, засгийн удирдах бүрэн эрхэнд халдаж болохуйц нөхцөл байдал үүсэх боломж нээлттэй байгааг энэ тохиолдол харууллаа. Манай олон мянган харилцагчдын эрх ашигт халдсан энэхүү зохисгүй үйлдлийн дагуу бид Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газарт хандсан бөгөөд хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно.

Худалдаа, хөгжлийн банк олон улсад нэр хүндтэй аудитын байгууллагаар санхүүгийн үйл ажиллагаагаа хянуулж, хуульд заасан хугацаандаа өөрийн вэб хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санхүүгийн тайлангаа нийтэлж, харилцагчиддаа мэдээллээ нээлттэй түгээдэг тул Та бүхэн манай банкны албан ёсны веб хуудаст хандан аудитлагдсан санхүүгийн тайлантай танилцах бүрэн боломжтой. Мөн бид олон улсын үнэлгээний байгууллага, Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагаар хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа шалгуулдаг.

Бид харилцагчиддаа олон улсад нийцсэн санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг найдвартай хүргэн, МонголБанкны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж, төлбөрийн чадварын хувьд өндөр үнэлгээг авсан байгааг энд цохон тэмдэглэмээр байна.

Манай банктай холбоотой ташаа мэдээллүүд сүүлийн үед удаа дараа санаатайгаар гарч байгаа ч үүнтэй холбоотойгоор харилцагчид мөнгөө татах, дансаа хаах тохиолдол гараагүй байгаа нь харилцагчдын маань бидэнд хүлээлгэсэн итгэл, хамтын ажиллагаа тогтвортой байгааг илтгэж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагчид Та бүхэндээ баярлалаа. Цаашид ч бид банкны салбараа тэргүүлэн, Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулсаар байх болно.

Гүйцэтгэх захирал О.Орхон

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.