1
Зүрх судасны үйл ажиллагаа
Гүйх нь зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна, цусны судсыг тэлж өгдөг байна. Судлаачдын үзэж буйгаар гүйснээр судасны хатуурал, зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлж, цусан дахь холестеролын хэмжээг бууруулах ач тустай юм.
Гүйх үед нэг минутанд зүрхний цохилт 120-135 удаа цохилдог болохыг судлаачид олж тогтоосон байна. Гэхдээ зүрх судасны асуудалтай хүмүүсийн хувьд гүйх нь аюултай байдаг аж. Өөрөөр хэлбэл, гүйж эхэлснээс хойш 3 минутын дараа зүрхэнд хэт их ачаалал ирдэг гэнэ.
Иймд зүрх судасны асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа гүйх эсэхээ шийдэх хэрэгтэй юм.
2
Жин хасах
Гүйх нь гоолиг, сайхан биетэй байх нэг үндэс билээ. Бодисын солилцоог сайжруулж, булчин шөрмөсийг чангалж, өлсөхийг зогсоодог гээд гүйхийн ач тусыг дурдаад байвал дуусахгүй.
Гэвч гүйхдээ дараах энгийн дүрмүүдийг заавал баримтлах ёстой гэдгигй бүү мартаарай. Үүнд:
- Хэрвээ та их хэмжээний илүүдэл жинтэй, зүрхний асуудалтай, мөн үе мөчний өвчтэй болон нуруу тань өвддөг бол, гүйх хэрэггүй бөгөөд үүний оронд нэг цаг алхаарай.
- Харин дээр дурдсан асуудалгүй бол, өдөрт 40 минутаас ихгүй хугацаанд гүйхэд болох аж. Эхний 20 минутанд элэгнээс "гликоген" ялгарч, улмаар өөх тосыг шатаадаг байна.
- Гүйх зайгаа эхлээд 1-2 км байхаар тооцоол. Дараа нь биеэ бага багаар дасгаж, 3-4 км болгох хэрэгтэй. Түүнчлэн 7 хоногт 2-аас доошгүй удаа гүйвэл тохиромжтой.
- Гүйснээр их хэмжээний калори шатаадаг учраас жин хасахад сайнаар нөлөөлдөг болохыг судлаачид баталжээ.
3
Уушгины үйл ажиллагаа
Гүйх үед хамгийн ихээр идэвхтэй байдалд шилждэг эрхтэн бол уушги юм. Уушги ачааллаж, улмаар бие организмыг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Үүний тулд амьсгалаа зөв авч, гаргах хэрэгтэй аж. Иймд гүйж байхдаа аль болох тайван амьсгалаарай.
"Нэг ёсондоо гүйснээр уушгийг хүчилтөрөгчөөр хангаж байна гэж ойлгож болно." хэмээн судлаачид үзэж байгаа юм. Гүйж байхдаа амаараа амьсгалвал, илүү их хүчилтөрөгчийг биедээ авах боломжтой байдаг. Харин ингэхдээ амьсгаагаа удаан авч, удаан гаргах ёстой гэдгийг анхаараарай. Хэрвээ гүйх үед амсгаадах шинж тэмдэг илэрч байвал, алхахыг танд зөвлөе.
4
Арьс
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, гүйснээр арьс илүү чангарч, нөхөн сэргээгддэг байна. Мөн цусны эргэлт сайжрах нь бий.
5
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа
Гүйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, ходоод гэдэсний замын цусны урсгалыг тэлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Мөн ходоод гэдсэнд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд өглөө, оройдоо гүйж байх нь эрүүл мэндэд ач тустай аж. Мөн та зөв хооллолтын дэглэмийг гүйлттэй хослуулвал, үр дүнд нь илүүдэл жингээсээ салах юм.
Гүйхээсээ 1:30 минутын өмнө хооллож байгаарай. Мөн өлөн элгэн дээрээ гүйж хэрхэвч болохгүй. Энэ нь элэг, дэлүү, нойр булчирхайг гэмтээх аюултай.
6
Сэтгэл зүй
Өглөө, орой бүр гүйх нь хүний сэтгэхүйд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл гутралын эсрэг найдвартай эмчилгээ болдог гэж ойлгож болно. Таныг илүү эрч хүчтэй болгож, урам зориг өгөхөөс гадна, нойргүйдэл /гэхдээ унтахын өмнө гүйж болохгүй/-ыг үгүй хийх болно.
Гүйхдээ бид юу анхаарах ёстой вэ?
Хэрвээ та буруу гүйх аваас үе мөч, шөрмөс болон нуруугаа гэмтээх аюултай болохыг анхаараарай. Харин зөв техникээр гүйвэл, эсрэгээрээ булчин шөрмөс болон үе мөчинд сайн нөлөө үзүүлж, эдгээрийг өвчлөхөөс сэргийлдэг байна.
Иймд та гүйхээр шийдсэн бол, мэргэжлийн багш, дасгалжуулагчаас заавар, зөвлөгөө авах хэрэгтэй юм. Хэдий тийм ч гэлээ, бид танд хэд хэдэн гүйлтийн техникүүдийг хүргэе.
Хөлийн тавилт: Гүйх үедээ хамгийн ихээр анхаарах ёстой зүйл бол, газар зөвхөн хөлийн өсгийгөөрөө хүрэх бус, хөлийн улаараа гүйцэд хүрч байх нь чухал юм. Газарт зөвхөн өсгийгөөрөө хүрэх нь шагай болон өвдгөнд сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Нурууны байрлал: Мөн нуруу эгц, шулуун байхаас гадна, хэвлийн булчингаа чангалах хэрэгтэй. Энэ нь нурууг өвчлөхөөс сэргийлэх ач тустай.
Огцом хурд авах: Гар, хөл, шагайгаа сайтар халаасны дараа огцом хурд аваарай. Огцом хурдны үргэлжлэх зай 100-200 метр байх ёстой гэдгийг анхаарна уу. Ингэснээр үе мөч болон булчин шөрмөс, зүрх, уушгинд сайнаар нөлөөлнө.
Тохирох пүүз: Сайн чанарын пүүзгүйгээр яаж гүйх билээ? Пүүз сонгохдоо өсгийндөө зөөлөвчтэйг сонгох нь чухал юм. Энэ нь элдэв гэмтэл, бэртлээс сэргийлдэг билээ.
Гүйх талбай: Судлаачдын үзэж буйгаар хучилттай зам дээр гүйх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. Харин фитнес дэх гүйлтийн зам болон өвс, зүлэгтэй зам дээр гүйх хэрэгтэй аж. Мөн үе мөч болон булчин шөрмөсөө бэхжүүлэх хүсэлтэй байгаа бол, аль болох удаан хэмнэлтэй гүйгээрэй.
Ингээд та бүхэн гүйхийн ач тусыг сайтар мэдэж авлаа. Гадаа цаг агаар дулаарч байгаа учраас өдөр бүр гүйж, эрүүл мэнддээ анхаараарай. Танд эрүүл, энхийг хүсье!