1
Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" компани дэлхийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй машинаа үйлдвэрлэж эхэлжээ. "Mirai" хэмээх шинэ суудлын автомашин нь зөвхөн устөрөгчөөр ажиллах бөгөөд агаар бохирдуулдаг хаягдал болох утааны оронд цэвэр ус ялгаруулдаг гэдгээрээ илүү онцлогтой юм.
2
Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар уг машин нэг цэнэглэлтээрээ 650 км замыг ямар ч асуудалгүй туулах гэнэ. Эхний устөрөгчийн хөдөлгүүртэй "Мirai" загваруудаа Японы зах зээлд өнгөрөгч оны 12 дугаар сараас борлуулж эхэлсэн төдийгүй 2016 оноос АНУ-ын зах зээлд гаргаад эхэлжээ. Харин энэ жилээс эхлэн дэлхийн улс орнуудад албан ёсоор борлуулагдаж эхэлсэн байна.
3
Энэ шинэ үеийн төмөр хүлгийн үнэ Японд ойролцойгоор 60.000 ам.доллар буюу монгол төгрөгөөр ойролцоогоор 148 гаруй сая төгрөг байгаа юм. "Мирай" нь зөвхөн устөрөгчөөр явдаг тул тусгай цэнэглэх станц хэрэглэх шаардлагатай бөгөөд устөрөгчийн станцыг хамгийн эхэлж байгуулах хэрэгтэй аж. Ингэснээр уг машиныг тухайн улсад импортлон оруулж ирэх үүд хаалга нээгдэх гэнэ.
4
Харин машиныг цэнэглэх хугацаа нь ердөө хэдхэн минутын ажил ажээ. Нэг удаагийн дүүргэлтээр 650 км явах бөгөөд нэг км-т ногдох устөрөгчийн зардал нь ердөө 0.1 ам.доллар буюу 246 төгрөгөөр тооцогдох юм.
5
"Электрохими"-ийн үүсгүүр дотор устөрөгчийг исэлдүүлэх зарчмаар энерги гарган ажиллах энэхүү цахилгаан хөдөлгүүр нь 136 морины хүчин чадалтай гэнэ. Ойрын ирээдүйд устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины зах зээлд "Honda" компани мөн өрсөлдөхөөр зэхэж байгаа бөгөөд 2016 оноос "FCV" загвараа худалдаанд гаргаад байгаа билээ.